2019.01.31
Н.Учрал: Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдал бүрэн алдагдсан
Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны жилийн тайланг танилцуулж байна.
Хуулийн дагуу Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр УИХ-д ирүүлэх бөгөөд уг тайланг нэгдсэн хуралдаанаар 1 сарын дотор сонсох ёстой байдаг.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
"Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч нэг зүйлд анхаараасай гэж хүсч байна. Үндсэн хуулийн бүрэлдэхүүн хэсэгт мэдээллийн аюулгүй байдал зайлшгүй хамаарч байгаа. Засгийн газар төрийн цахим шилжилт хийж байгаа энэ ажлыг бид зөв зохион байгуулж чадаж байна уу гэдэг нь мэдээллийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдал бүрэн алдагдсан гэдгийг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд ноцтой мэдээлэл дэлгэж байгаа.
Монгол Улс цахим халдлагад өртсөн. Төрийн мэдээллийн сан нь халдлагад өртлөө гэж мэдээлсэн. Энэ ямар учиртайг Тагнуул болон холбогдох байгууллагаруу бичиг явуулахаар ийм асуудал болоогүй гэж хариу өгдөг. Иргэн бүрийн мэдээлэл ил болчихсон байгаа шүү дээ. Үүнийг яаралтай хурууны хээ болон цахим шилжилтээ хийхгүй бол захын нэг хакер нэг иргэний гэр бүл, аюулгүй байдалруу халдчихаж чаддаг болсон. Үүн дээр ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаад хувь хүний мэдээллийн аюулгүй байдалд хэрхэн хандах юм бэ? гэдгээ тодорхойлмоор байна.
Төрийн байгууллагуудын мэдээ мэдээллийн нэгдсэн санг хэрхэн хамгаалах вэ? Ядаж төрийн байгууллагууд нь нэг лицензтэй программ ашигламаар байна. Бүгд лицензгүй, эмх замбараагүй, дэг журамгүй, зарцуулсан хөрөнгө, төсөл хөтөлбөрүүд нь үр дүнгүй болсныг холбогдох байгууллагууд нь хэлж байгаа. Нэг хүн ажлаасаа гараад дараагийн хүн шинээр ажил авахад тухайн ажил зогсдог байдлаар төрийн байгууллага, агентлагуудын мэдээллийн аюулгүй байдал хангагдаж байна.
-
ҮАБЗ энэ тал дээр зөвлөмж гаргах боломж бий юу?
-
“Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвтэй форум зохион байгуулж гарсан зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Мөн “Хүүхдийг тэдгээрийн эрүүл мэнд, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээ мэдээллээс хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулаад дууссан. Үүнийг Ерөнхийлөгч дэмжээд өгвөл бид холбогдох байгууллагуудтай хамтран хүүхдүүдрүү чиглэсэн мэдээ мэдээллийг ангилах тодорхой шийдэлд хүрэх боломж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн институциэс тодорхой манлайлал байхыг хүсэж байна."
Түүний асуултанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нар хариуллаа.