"Колумб улс E-Mongolia платформыг албан ёсоор гэрээ хийж, нутагтаа нэвтрүүлэх хүсэлт тавьж байгаа"
Тавдугаар сарын 7-ны өдөр E-Mongolia 4.0 нээгдэх юм байна.
Энэ үеэр иргэдийн Хуримтлалын дансыг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулна гэж Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учрал мэдэгдлээ.
Мөн Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-д өргөн мэдүүлэхээр болсныг дуулгав. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь жилд 1.7 их наяд төгрөгийн борлуулалттай байдаг. Гэхдээ орлогын дийлэнх хувийг харилцаа холбооны салбар дангаараа олж, мэдээллийн технологийн салбарын борлуулалт үүний нэг хувийг ч эзлэхгүй байгааг онцолсон юм.
Сайд Н.Учрал "Өчигдөр Start-up challenge хэмээх арга хэмжээ болоход бүртгүүлсэн 97 компанийн нийт үнэлгээ нь 163 тэрбум төгрөгт хүрсэн.
Технологийн салбарынхан төрийн дэмжлэггүйгээр өдийг хүртэл бор зүрхээрээ олон улсын түвшинд өрсөлдсөөр иржээ. Саяхан CallPro гэж компани Киргизстанд хөрөнгө оруулалт татлаа. Жилийн өмнө Fibo Cloud гэж компани Казахстаны шилдэг гарааны компаниар тодроод хөрөнгө оруулалт авсан. Казахстаны Үндэсний дата төв нь монгол компаниар үүлэн системээ хийлгэж байна. Сингапурт ONDO компани Listed компаниар бүртгэгдсэн.
Энэ мэтчилэн олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой компаниуд гарч байгаа. Хоёр сарын өмнө АНУ-д айлчлахдаа "Цахиурын хөндий"-д дэлхийн 10 оронтой хамтраад "Торгоны зам" инновацын төв байгуулсан. Үүнд Монголын шилдэг найман компани бүртгүүлээд үйл ажиллагаагаа эхлүүллээ. Ингэснээр хөрөнгө оруулалт татах бололцоо бүрдэж байгаа.
Бид мэдээллийн технологийн салбарыг хэрхэн эдийн засагт хувь нэмрээ оруулах талаас нь хуулийн төсөлд тодорхой зохицуулалтуудыг хийж өгсөн. Жишээлбэл E-Mongolia 4.0 нээх гэж байхад Колумбаас санал ирсэн. Колумбын Цахим хөгжлийн сайд нь удахгүй Монгол Улсад айлчилна. Тус улс E-Mongolia платформыг албан ёсоор гэрээ хийж, нутагтаа нэвтрүүлэх хүсэлт тавьж байгаа.
Гэтэл лицензийн журмаар ашиглуулъя гэхээр хуульдаа эх кодыг нь төр эзэмшдэг бөгөөд бусад ашиглуулах нь хориотой байдаг. Үүнийг дээрх хуулиараа нээх гэж байна. Санал тавьж буй компаниудад лицензийн журмаар төр системүүдээ хэрэглүүлж, орлого олох бололцоог бүрдүүлнэ. Мөн eBarimt системийг Казахстаны тэргүүн дэд сайд нь "Манай улс сонирхож байна, төлбөр мөнгөө төлөөд хамтарч ажиллах боломжтой" гэдгээ илэрхийлж байна" хэмээв.
Түүнчлэн хуулийн төсөлд мэдээллийн технологийн компаниудыг E-Mongolia дээр тавигдах шаардлагын дагуу бүртгэлжүүлээд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.
Өөрөөр хэлбэл мэдээллийн технологийн компаниуд E-Mongolia дээр бүртгүүлбэл хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг бол нөхөн олговрын 60 хувийг эргүүлж төлөх, патент авах зардлыг буцаан төлөх, технологи дамжуулах үйл ажиллагаа явуулдаг бол тодорхой хэмжээний тэтгэлэг олгох зэрэг боломжийг олгох юм байна.