НББСШУ-ны байнгын хорооны дарга, гишүүд ХСҮТ эмнэлэгт ажиллав
2019.04.04

НББСШУ-ны байнгын хорооны дарга, гишүүд ХСҮТ эмнэлэгт ажиллав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, тус байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Ц.Цогзолмаа нар /2019.04.03/ Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт ажиллав.

Эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ эмч нартай уулзаж, санал бодлыг нь сонсохоор ийнхүү ажилласан юм.Эхлээд тус эмнэлгийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн хорт хавдрын өвчлөл, нас баралт, эмчилгээ, мэс засал, тусламж үйлчилгээ, үзлэг, оношлогоо, шинжилгээний өнөөгийн байдлын талаар тоо баримт бүхий мэдээлэл танилцуулга хийлээ.

Элэгний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар Азийн орнууд, дэлхийн дундажтай харьцуулахад манай улс тэргүүлж байгаа төдийгүй хорт хавдартай гэсэн онош сонссон хүмүүсийн 65 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг бол дэлхийн дундаж эсрэгээрээ 60  гаруй хувь нь гурав буюу түүнээс дээш жил байна. Манайд хожуу  шатандаа оношлогддог учир ийм ялгаа гардаг.

Ойрын 20-30 жилд Монгол Улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцоололтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч гурван эрэгтэй тутмын нэг нь, таван эмэгтэй тутмын нэг нь хорт хавдраар өвдөнө гэдэг таамаглал дэвшүүлсэн. Тиймээс зогсоо зайгүй урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлгийн мэдээлэл түгээж, ард иргэдийг энэ талын боловсрол мэдлэгтэй болгох шаардлага байна гэж Ерөнхий захирал танилцуулгадаа дурьдлаа.

Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

“Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгийн үйл ажиллагаа, газар авсан хорт хавдар өвчинтэй тэмцэх чиглэлээр Монголын төр засаг ямар шийдвэр гаргаж, бодлого хэрэгжүүлдэг талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан байгаа. Асуулгын хариуг дөрөвдүгээр сарын 05-нд хаврын ээлжит чуулган эхэлсний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож, төр  засаг ямар бодлого хэрэгжүүлж, ямар үүрэг хүлээн ажиллах шаардлагатай байна, тэр түвшинд ажиллахыг шаардана.

Байнгын хороон дээрээ энэ талаар хөндөж ярина. Шаардлагатай бол УИХ-ын нэгдсэн чуулганаас тогтоол гаргаж, Засгийн газарт саналаа хүргүүлнэ. Эмнэлгийн барилга байшингийн багтаамжгүй байдал эмчилгээ, үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байгааг эмч та бүхэн төдийгүй эмнэлгээр үйлчлүүлж буй иргэн бүр хэлдэг. Үхэлтэй өрсөлдөж байгаа хүмүүст 20 хоног хүлээнэ гэдэг маш урт хугацаа. Тиймээс байрны асуудлыг шийдвэрлэх гэх зэрэг олон чухал шийдвэрийг Монголын төр монголын ард түмний төлөө гаргах ёстой, энэ чиглэлээр эцсийн үр дүнг үзэх хүртлээ хамтран ажиллана” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

“Зөвхөн нэг тасгийн мэс заслын хүлээгдэл дөрвөн долоо хоног байгаагаас харахад л эмнэлгийн байр савны асуудалд төр засаг зайлшгүй анхаарахаас өөр аргагүй болсон байна. Байрны асуудлыг Байнгын хорооноос салбарын яам, Засгийн газартайгаа хамтраад шийдвэрлэх найдвар бий гэж харж байгаа. УИХ дахь эмэгтэй бүлгийн гишүүд энэ асуудлаар дуу хоолой болж ажиллана” гэлээ.  

Уулзалт, ярилцлагын үеэр эмч нар болон УИХ-ын гишүүд эмнэлэг ачааллаа дийлж ажиллан, хүлээгдэл чирэгдлээ бууруулахын тулд 1982 онд ЗХУ-ын тусламжаар ашиглалтад орсон одоогийн байраа шинэчлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол уулзалтын төгсгөлд дагалдан ажилласан Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнд энэ долоо хоногтоо багтаан ХСҮТ эмнэлгийн урд талд хувийн хэвшлийн барьж буй хавдрын эмнэлгийн зориулалттай 13 давхар барилгыг улсад авах асуудлын талаар ажлын хэсгийн ахлагчийн хувьд Байнгын хороонд танилцуулж, цаашид яаралтай шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах үүрэг, чиглэл өглөө.

Энэхүү уулзалтын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ХСҮТ эмнэлгийн урд талд барьж буй эмнэлгийн зориулалттай 13 давхар барилгыг улсад авах ажлыг судлах ажлын хэсгийн ахлагчийн хувьд товч мэдээлэл хийсэн. Тэрбээр, Мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаад, концессийн гэрээгээр улсад авах боломжтой гэсэн санал урьдчилсан байдлаар гарч байгаа талаар мэдээлэл өглөө.

ХСҮТ эмнэлгийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцсан энэхүү ажлын төгсгөлд Байнгын хорооны дарга, гишүүд эмнэлгийн тасгуудаар явж, эмчилгээ үйлчилгээний нөхцөл байдлыг харсны зэрэгцээ тус эмнэлгийн урд талд барьж буй 13 давхар эмнэлгийн зориулалттай барилгыг үзэж танилцлаа.