Б.Дэлгэрсайхан: Ямар ч компани лицензээ барьцаанд тавьж хөрөнгө босгодог. Оюутолгой ч тэр жишгээр яваа
2019.04.04

Б.Дэлгэрсайхан: Ямар ч компани лицензээ барьцаанд тавьж хөрөнгө босгодог. Оюутолгой ч тэр жишгээр яваа

УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг байгуулаад жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Гэсэн хэдий ч ажлын хэсгийг дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлээгүй байгаа. Харин ҮАБЗ-д ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулан, тэндээс УИХ-аар хэлэлцүүлэх эсэх шийдвэрийг гаргах юм байна. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва Дубайн гэрээр цуцлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Тодруулбал, Дубайн гэрээг цуцлахыг ажлын хэсгийн 12 гишүүний найм нь зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Тус асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы байр суурийг сонирхсон юм.

-Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг эхлээд ҮАБЗ-д танилцуулахаар болсон байна. Энэ зөв үү?

-ҮАБЗ хэлэлцээд УИХ-аар оруулна гэвэл зөв л шат дараалалтай явж байна гэж ойлгож байна. Анхнаасаа УИХ-аар оруулалтгүй ҮАБЗ-өөр шийдсэн болохоор буцаад шийдэхдээ тэр арга замаараа явах ёстой юм байна гэж ойлгосон.

-Хэрвээ Дубайн гэрээг цуцлавал далд уурхайн бүтээн байгуулалт зогсохоос эхлээд Монгол Улсад маш их сөрөг үр дагавартай юм биш үү?

-Бүгд л ялгаагүй түүний төлөө санаа зовж байгаа. Гэхдээ тохиролцох байх гэж ойлгож байгаа. Цаад хүмүүс ч гэсэн тэнэг хүмүүс биш хоорондоо учраа олъё, гэрээ цуцлахгүй байя, буруу зөрүүгээ засъя гэсэн санааг ажлын хэсэг гаргасан л гэж ойлгож байгаа.

Гаднын хөрөнгө оруулалт маш чухал. Хэрвээ улстөржөөд байвал гаднын хөрөнгө оруулалт орж ирэхгүй шүү дээ. Бидний улстөрчилт арай хэтэрч байна.

-Дубайн гэрээг хийгээд 15 банкнаас зээл авсан. Хэрвээ гэрээгээ цуцлавал эдгээр банк манай улсыг олон улсын шүүхэд өгөх юм

-Юм л бол Арбитр гэж айлгадаг. Яах вэ ширээний ард суугаад тохиролцож болно шүү дээ. Ажлын хэсгийн санаа бол “гэрээгээ сайжруулъя, бид мэдэхгүйгээсээ болоод алдаа хийсэн байна. Та сүхэн бас эргэж хараач” гэсэн л зүйл шүү дээ.

Түүнээс юу юугүй л гэрээгээ хүчингүй болгоно гэж байхгүй шүү дээ. Бид л өөрсдөдөө улстөрчөөд байгаа болохоос заавал хийчихсэн гэрээг цуцална гэсэн хатуу байр суурь байхгүй байх.

-Оюутолгойн лиценз 100 хувь Монголдоо, Монголын Засгийн газрын мэдэлд байгаа юу. Зээл авсан 15 банкны барьцаанд байгаа юм бишүү. Та энэ талаар хэр их мэдээлэлтэй байна вэ?

-Ямар ч уул уурхайн компани лицензээ барьцаанд тавьж хөрөнгө босгож, тэр хөрөнгөөрөө бүтээн байгуулалт хийдэг дэлхий нийтийн жишиг шүү дээ.

Гэтэл үүнийг тэр ч лиценз барьцаанд тавьсан гээд худлаа шоудад үймүүлээд байх юм. Өөрсдөө амьдрал дээр ажил хийдэггүй болохоор худлаа шоудах нь их юм. Яг дотор нь ороод бодит байдлыг харвал Оюутолгойн уурхай стандарт журмаараа, дэлхий нийтийн жишгээр л явж байгаа шүү дээ.

Сэтгүүлч Л.Одончимэг