С.Чинзориг сайд Конгрессын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Хурлаар ирэх долдугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн бүсийн 30 гаруй улсаас төлөөлөгч оролцох Конгрессыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм.
Зохион байгуулах хороог Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 107 дугаар захирамжаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоор ахлуулан байгуулсан бөгөөд яамдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн дарга буюу Төрийн нарийн бичгийн дарга нараас гадна нийслэл болон холбогдох агентлагийн удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл багтдаг.
Энэ удаагийн хурлаар Конгрессын бэлтгэл ажлын явц болон тулгамдаж буй асуудлын талаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, “Конгрессын бэлтгэл ажлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хүртээмжтэй орчинг бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрлэх асуудал”-ыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг нар танилцуулж Зохион байгуулах хорооны гишүүд хариуцсан ажлынхаа талаар санал солилцож ярилцсан.
Зохион байгуулах хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Конгресс хүртэл хугацаа бага үлдсэн байгааг харгалзан үйл ажиллагаагаа нарийн төлөвлөн, чанартай түргэн гүйцэтгэхэд бүхий л талууд анхаарч ажиллах шаардлагатайг онцлоод тодорхой үүргүүдийг өглөө. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Конгресс зохион байгуулагдах газрын ойр орчимд Зам, явган хүний зорчих хэсэг зэргийг хүртээмжийг сайжруулах төлөвлөгөө гарган, холбогдох зардлыг шийдвэрлэн ажиллах хэрэгтэй байна.
Хөгжлийн бэрхшээлийн хэлбэр бүрт хүртээмжтэй байдлаар яаж хийх вэ гэдгийг энэ чиглэлээр мэргэшсэн төр, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай. Хил гаалиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндрэл, саадгүй нэвтрүүлэх, тэдгээр иргэдийн туслах хэрэгсэл, зайлшгүй биедээ авч явах шаардлага бүхий зүйлсийг зөв зохистой шалгах зэргийг анхааралдаа авч шаардлагатай сургалт, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулахаас гадна Конгрессын үеэр гадаад дотоодын өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлыг ханган ажиллах, ерөнхий хамгаалалт зэргийг одооноос төлөвлөгөөндөө тусган хүн хүчний асуудлаа анхаарч ажиллахыг Цагдаагийн байгууллагад чиглэл болгосон юм. Мөн Конгрессын үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гал, усны эрсдэл зэрэгт шуурхай баг гарган ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам бусад холбогдох байгууллагуудад тодорхой үүргүүд өглөө.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ болон Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв тухайн улсын Засгийн газар бусад олон улсын байгууллагуудтай дөрвөн жил тутамд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг зохион байгуулдаг. Анхдугаар конгрессыг 2008 онд Тайландын нийслэл Бангкокт зохион байгуулахад 53 орны 630 төлөөлөгч оролцсон. Хоёрдугаар их хурал "Хүн бүрийг хамт олонтой болгоно" сэдвийн дор 2011 онд Филиппиний Манилад, гуравдугаар их хурлыг "Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд" сэдвийн дор 2015 онд Япон улсын Токиод болсон. Токиогийн их хурлаас ээлжит конгрессыг 2019 онд Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Хурлын сэдвийг “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” нэртэй байхаар тогтсон. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах, нийгмийн оролцоог өргөжүүлэх, тэдний эрүүл мэндийн асуудлаар Засгийн газрын бодлого, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж хөгжлийн бэрхшээлийн талаарх статистик мэдээлэл, судалгаа, амьжиргааны асуудал зэрэг зургаан дэд сэдэвтэй байна.
Конгресст Ази, Номхон далайн бүсийн орнуудаас 200 орчим, Монгол Улсын 300-400 хүнийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд төлөөлөгчдийн хувьд 40-өөс доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх тул тэдэнд зориулсан хүртээмжтэй орчинг зайлшгүй бүрдүүлсэн байх шаардлагатай юм.