МоАХ-ны дарга Х.Баттулга орон нутагт ажиллав
2008.01.01

МоАХ-ны дарга Х.Баттулга орон нутагт ажиллав

-Орхон,Төв аймгийн иргэдтэй уулзаж,цаг үеийн асуудлаар санал солилцлоо-

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллалаа. Бямба гаригт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ард иргэдтэй уулзаж, Улаабаанбаатараас зуу гаруйхан километрт амьдарч байгаа иргэд Монгол Улсад хамгийн өндөр үнээр шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ авдаг талаараа ярьцгааж байв. Монголын ууган төрийн бус байгууллага МоАХ-ны гишүүд дэмжигчид Монгол Улсын бүх л аймаг сум, баг хороонд цөөнгүй байдаг учраас тус холбооны дарга Х.Баттулга очсон газар бүртээ тэдэнтэй уулзаж, зовлон жаргалыг нь сонсон тулгамдаад байгаа олон асуудлыг хамтдаа шийдэхээр гарц хайж байгаа юм.


Тэрээр ням гаригт Монгол Улсын 2 дахь том хот гэгддэг Эрдэнэтэд ажиллалаа. Орхон аймаг 90 гаруй мянган хүн амтай, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс өөр ажлын байргүй, ард түмний амьдрал өдөр ирэх тусам ядуурж байгаа талаар уулзалтад оролцсон иргэд бухидман ярилаа. Тэд авдаг цалин нь амьдралд нь хүрэхгүй, авлигаар дамжуулан төрийн үйлчилгээг хүнд сурталтай авдаг гээд болж бүтэхгүй зүйл их байгаагаа УИХ-ын гишүүн МоАХ-ны дарга Х.Баттулгад хэлж төр засагт иргэдийн дуу хоолойг хүргэхийг хүсч байна.

Монгол Улсад Ардчиллын салхи 22 жил сэвэлзсэн энэ хугацаанд иргэдийн амьдрал яаж дээшилсэн бэ гэдэгт анхаарах хэрэгтэйг уулзалтын үеэр МоАХ-ны дарга онцлон дурдсан юм.  Иргэн баян бол улс баян гэдэг үгийг МоАХ-ныхон анх хэлж, 1990 оны ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан, харамсалтай нь өнөөдөр эсэргээрээ улс баян бол иргэн ядуу гэдэг үгээр солигдоход хүрээд байна. Энэ хэвээрээ төрийн томчуул өөрсдөө идэж ууцгаагаад байвал баялгийн хараалд өртөнө гэдгийг хэлэх хүн олон байлаа. Жишээ татахад  “МCS” компани Ухаа худгаас коксжсон нүүрсийг 70 ам доллараар урагшаа Хятад руу гаргаж байна. Түүнийг нь дуурайгаад манай 2,7 сая иргэний өмч төрийн өмчит Тавантолгой компани бас 70 ам доллараар нүүрсээ зарж эхэлсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээр  коксжсон нүүрс 300-350 ам долларын ханштай байгаа. Энэ зөрөө мөнгө хаашаа, хэний халаас руу орж байна вэ гэдгийг анхааралгүй орхиж болохгүй хэмээн уулзалтад оролцогчид хэлж байлаа.

Газрын хэвлийдээ баялаг ихтэй Монгол улс уул уурхайн салбараа эдийн засгийн зөв эргэлтэд оруулж түүнээсээ ард иргэддээ хувь хүртээх тухай сүүлийн жилүүдэд ярьсаар байгаа боловч үнэн хэрэгтээ Монголд цөөн хэдэн өрх баяжиж байна. 2,7 сая Монголчуудаас 200 Монгол нь эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөрсдөө хөлжиж байгаа тухай Эрдэнэтийн иргэд хэлж байна. Одоо тэгвэл цаашид яах ёстой вэ энэ гаргалгааны талаар Х.Баттулга гишүүн иргэд хөдөлмөрчидтэй санал бодлоо хуваалцсан юм.  

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ашигладаггүй хаягдал хүдрийг ашиглаад цэвэр зэсийн үйлдвэр байгуулахаар нутгийн иргэд санаачилга гарган  Зэс эрдэнийн хувь компани үүсгэн байгуулжээ. Тэд  өөрсдийн эдийн засгийн үндэслэл саналаа боловсруулан зөвшөөрлөө авхаар төрийн өмчийн хороонд хандсан ч  одоо хүртэл шийдвэрлэж өгөөгүй байгаа тухай гомдоллож байна. 

Зэс эрдэнийн хувь компанийнхан УИХ-ын гишүүнээр дамжуулан төрд үгээ дайв

Орхон аймгийн 30 орчим мянган иргэн хувь хөрөнгөө нийлүүлэн  “Зэс эрдэнийн хувь” нэртэй компани үүсгэн байгуулжээ. Тэд Эрдэнэт үйлдвэрийн ашиглагдахгүй байгаа нөөц дээр тулгуурлан үйлдвэр байгуулахаар эдийн засгийн нарийвчилсан тойм үнэлгээг жилийн турш хийсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн  ашиглагдахгүй байгаа их хэмжээний нөөцийн талыг АНУ-ын хөрөнгө оруулалттай “Эрдмин” компани 15 жилийн туршид ашиглаж байгаа. Тус компани нь жилдээ 30 орчим тэрбум төгрөгийн орлого олдог, долоон тэрбум төгрөгийн зарлага гаргадаг, улс, орон нутгийн төсөвт таван тэрбум төгрөгийн татвар төлдөг, 15 тэрбум орчим төгрөгийн цэвэр ашиг олдог байна. Иймд Орхон аймгийн иргэд үүний адил үйлдвэр байгуулахаар өөрсдөө хөрөнгө мөнгөө гаргаад зохион байгуулалтаа хийгээд боловсруулсан санал, хийсэн эдийн засгийн тооцоо үндэслэлээ Эрдэнэт үйлдвэрийн зөвлөл, ТӨХ-нд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард танилцуулжээ. Гэвч Эрдэнэт үйлдвэр  “Зэс эрдэнийн хувь” компанийг технологийн туршилт явуулаагүй гэсэн үндэслэлээр төслийг нь хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Тэгэхээр нь Орхон аймгийн иргэд  ТӨХ-нд Эрдэнэт үйлдвэрийн байр байдлын талаар мэдэгдсэн ч тус хорооны дарга “Та нар өөрсдөө Эрдэнэт үйлдвэртэй учраа ол” хэмээн хариу өгч байжээ. Тйимээс л Орхон аймгийн иргэд Х.Баттулга гишүүнийг ирсэн дээр нь өөрсдийн байр байдлаа танилцуулж дэмжлэг хүссэн юм.

Монголын саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын мөнгөний авдранд зохих түвшинд мөнгө оруулдаг. Гэхдээ ашиглагдахгүй байгаа хаягдлыг нь нутгийн иргэд яагаад ашиглаж болохгүй байна вэ гэдэгт анхаарал хандуулмаар. Ямартай ч нөхцөл байдлыг сонссон Х.Баттулга гишүүн энэ талаар нарийвчлан судалж дэмжиж болохоор байвал дэмжинэ гэдгээ илэрхийлэв.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.