Ц.Гарамжав: Монгол Улс 133 мянган иргэнээ ид хөдөлмөрлөх насанд нь тэтгэвэрт гаргаж хохироосон
Монголын мэдээ сонин, Сэтгүүлч Н.ПУНЦАГБОЛД
УИХ-ын эмэгтэй гишүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байгаа билээ. Энэхүү хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.
-Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хувь тэнцүүлсэн тэтгэврийг нэмэх боломжтой болно. Тэгвэл хуульд орж байгаа гол өөрчлөлт нь юу вэ?
-Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эмэгтэй гишүүд санаачилж, өргөн барилаа. 1990 онд манай улс нийгэм, эдийн засаг маш том шилжилт хийсэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист нийгмийг байгуулж байсан улс ардчиллын замыг сонгосон. Тэр үед төвлөрсөн санхүүжилт байхгүй болсны улмаас олон үйлдвэр хаалгаа барьсан байдаг. Хаалгаа барьсан тэр олон үйлдвэрүүдэд ажиллаж байсан хүмүүс ажлын байргүй, орлогын эх үүсвэргүй болсон байдаг. 1990 онд Тэтгэвэр, тэтгэмжийн тухай багц хуулийг гаргаж, 1991 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлсэн. Энэ хуулийн дагуу ажилгүй болсон иргэд наснаасаа эрт тэтгэвэрт гарч байлаа. 1991 оны байдлаар 288 мянган иргэн тэтгэвэр авч байжээ. Түүний 133 мянга нь наснаасаа эрт тэтгэвэрт гарсан иргэд байдаг юм.
Хуулийн дагуу олон хүүхэдтэй эх, 27 жил ажилласан эмэгтэй, 32 жил ажилсан эрэгтэй гэх мэт дөрвөн нөхцлөөр наснаас нь эрт тэтгэвэрт гаргажээ.
Зарим иргэд тодорхой шалтгаанаар ч тэтгэвэрт гарч байлаа. Эдгээр иргэдийн 83 мянга нь эмэгтэйчүүд. Тэгвэл 2019 оны байдлаар эдгээр иргэдээс 17001 хүн нь амьд сэрүүн байгаа. Энэ иргэд нийгмийн дунджаас бага тэтгэвэр авдаг. Манай тэтгэврийн дундаж одоогоор 374 мянга орчим байгаа. Өнгөрсөн жил биднийг хууль боловсруулж эхлээд, судалгаа хийж байхад тэтгэврийн дундаж хэмжээ 342 мянга орчим байсан. Энэ онд 30 гаруй мянган төгрөгөөр нэмэгдээд, арай өндөр боллоо. Гэтэл наснаасаа эрт тэтгэвэрт гарч байсан гэх иргэдийн тэтгэвэр яаж ч нэмэгдсэн 300 мянган төгрөгөөс доош байгаа. Ялангуяа олон хүүхэдтэй ээжүүдийн тэтгэвэр бүр бага, 280 мянгаас доош. Ганцхан жил бага тэтгэвэр авчихсан юм биш шүү. 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл 30-аад жил бага тэтгэвэр авчээ. Олох байсан орлогоо олж чадаагүй гэсэн үг. Нийгмийн бусад халамжид ч хамрагдаж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Жишээлбэл, хүүхэд төрүүлсний халамжаа ч авч чаддаггүй. Яагаад гэвэл, тэтгэвэрт гарсан хүн байна гэдэг. Гэтэл эдгээр иргэдийн дийлэнх нь 35-45 насандаа тэтгэвэрт гарсан байдаг юм. Ид хөдөлмөрлөх насандаа тэтгэвэрт гарчихсан. 1990 оны энэ хуулийг иргэдээ хохироосон хууль ч гэдэг.
Тэгвэл хохирсон иргэд өдрөөс өдөрт цөөрсөөр байна.
Төр энэ хүмүүст бүрэн нөхөн олговор олгож чадахгүй. Тиймээс ядаж л тэтгэврийг нь дундаж болгоод өгчихье гэж бодож, энэ хуулийг санаачилсан юм. Ядаж л улсын дундаж хэмжээнд хүргэх хэрэгтэй байна.
-Эдгээр иргэдийн тэтгэврийг дундаж болгож нэмэхэд улсын төсвөөс хэдэн төгрөг зарцуулах вэ?
-Хуульд нэмэлт заалт оруулаад, эдгээр иргэдийн тэтгэврийг 40-70 мянгаар төгрөгөөр нэмнэ. 17001 хүний тэтгэврийг дундаж хэмжээнд аваачихад улсын төсвөөс 9.8 тэрбум төгрөг шаардлагатай. 2020 оноос эхлээд улсын төсөвт нэмэгдэх юм. Улсын төсвийн ерөнхий дүнтэй харьцуулахад, тийм ч их тоо биш. Нэг их ачаалал ирэхгүй. Харин олон жил орлогоороо хохирсон, тодорхой хэмжээнд хэлмэгдсэн иргэдийнхээ одоогийн орлогыг нэмэгдүүлж байгаа гэдгээрээ том ач холбогдолтой.
-Хууль батлагдчихвал 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ гэж тооцож байгаа юм уу?
-Уг нь өнгөрсөн жил хуулиа боловсруулж байхдаа энэ оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас болоод өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр л өргөн барилаа. Тэгэхээр Хууль тогтоомжийн тухай хуулиараа 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих болоод байна.
-17001 нэг иргэний хамгийн залуу нь хэдэн настай байгаа вэ. Тэр талаар судалгаа хийсэн үү?
-2017 он гэхэд эдгээр иргэд бүгд тэтгэвэрт гарах насандаа хүрчихсэн байсан. Тэгэхээр одоо хамгийн багадаа л эмэгтэй нь 55, эрэгтэй 60 хүрчихсэн гэсэн үг. Гэхдээ энэ иргэд цаашаа урт насалж, удаан жаргана. Тиймээс дахиад хэдэн жил ч болов улсын дундаж хэмжээнд хүрсэн тэтгэврээ авахыг бодно шүү дээ.
-Зөвхөн олон хүүхэдтэй ээжүүдийн тэтгэврийг л дундаж хэмжээнд хүргэх гэж байна. Уг нь дөрвөн төрлийн шалтгаанаар наснаасаа эрт тэтгэвэрт гарсан иргэд байгаа. Бүгдийнх нь тэтгэврийг дундаж хэмжээнд хүргэчихвэл зүгээр гэсэн шүүмжлэл гарсан санагдана?
-Эдгээр иргэдийн дийлэнх нь олон хүүхэдтэй ээжүүд байгаа юм. Тодруулбал, 15 мянга нь олон хүүхэдтэй ээж бол эрэгтэйчүүд нь 1300 хүн байдаг. Бид бүгдийг нь нийлүүлээд, 17 мянган хүн гэж яриад байгаа хэрэг. Мөн “Олон хүүхэдтэй ээжүүдийн тэтгэврийг дундаж хэмжээнд хүргэх” гэж яриад байхаар хүмүүс тэгж ойлгоод байх шиг. Би Байнгын хорооны хурал, чуулганы үеэр ч хэлсэн. Дунджаас доогуур тэтгэвэр авч байгаа 1300 иргэнээ оруулсан шүү гэж. Тооцоонд оруулаад тэтгэвэр нэмэхэд 9.8 тэрбум төгрөг болж байгаа юм. Дан ээжүүдэд өгье гэвэл долоон тэрбум төгрөг хэрэгтэй. Хуулийнхаа томъёолол дээр 1990 онд иргэдийг тэтгэвэрт гаргасан дөрвөн нөхцлийг оруулах шаардлагатай юм байна гэж үзсэн. Тиймээс зарчмын зөрүүтэй саналаар нэмж өгөхөөр боллоо. Чуулган дээр ч тийм санал гаргасан. Бид тооцоололдоо оруулчихсан байсан. Яг тодорхой ангилалаар нь оруулж өгөөгүй байсан. Оруулж өгөх ёстой юм билээ.
-Эмэгтэй гишүүд сургуулиудыг өөрийн гэсэн гал тогоотой болгох хэрэгтэй байна гэдэг саналыг гаргаж, хууль санаачилсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хүүхдийн өдрийн хоол, цайг сургууль дээр нь өгч байя гэдэг санал санаачилга гаргаж байгаа юм. Хөдөөний сургуулиудын ихэнх нь гал тогоотой байдаг юм байна. Харин шинэчлэх, сайжруулах шаардлага бол бий. Гэтэл Улаанбаатар хотын сургуулиудын цөөнгүй нь огт гал тогоогүй юм байна. Тэднийг гал тогоожуулах шаардлагатай. Сургууль болгон хүүхдээ хоол хүнсээр хангана гэдэг нь дэлхий нийтийн бодлого. Хүүхэд өлсөхгүй, эрүүл хоол хүнс хэрэглэж байж эрүүл өснө. Хүүхдэд өдөрт маш их шим тэжээл, эрдэс бодис шаардлагатай байдаг юм байна. Хүүхэд байнга өсөж байдаг. Цаг, минут, секундээр хүүхдийн яс томорч, цус төлжиж байдаг.
Гэтэл манай иргэд хүүхдэд шим тэжээлийг нь сайн өгч чадаж байгаа бил үү. Тэр дундаа сургууль, цэцэрлэгт. Тийм учраас өдрийн хоолны бодлого маш зөв хэрэгжих шаардлагатай байгаа юм. Хэрхэн хариуцлагатай хангах вэ гэдэг асуудал энд гарч ирнэ. Ер нь “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Гэхдээ янз бүрийн асуудал үе үе гардаг, хүүхдүүд хордлого авдаг. Нөгөө талаасаа чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэн гээд ханган нийлүүлэлтэд ч асуудал бий. Цэцэрлэгт ч, сургуульд ч ялгаагүй. Тийм болохоор ханган нийлүүлэлтийн бодлогод тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах ёстой юм. Нийслэлийн Худалдан авалтын газар нь нэг их үнэтэй бүтээгдэхүүн цэцэрлэг рүү шахаад. Цэцэрлэг нь тэрийгээ хүргэж ядаж байгаа тохиолдол олон байгаа. Дээрээс нь чанарын баталгаагүй хүнс хэрэглэснээр хүүхдүүд хордлого авдаг. Ингэж болохгүй ээ.
Хамгийн түрүүнд хүүхдүүд чанарын баталгаатай хүнс хэрэглэх ёстой юм.
Өөрөөр хэлбэл, стандарт, чанар нь тодорхой болчихсон, тодорхой хэмжээнд брэнд бүтээгдэхүүнийг авч, хүүхдүүддээ өгөх хэрэгтэй байна. Жигнэмэг байлаа гэхэд бүхий л стандартыг хангасан, сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газраас л авах ёстой. Зарим хүнсээ сургууль өөрөө хангая гэдэг санаачилга ч гарч байна. Тэгж болно. Сургуулиуд өөрсдөө жижигхэн талбайд хүнсний ногоогоо тариад, ургуулж болно. Сурагчид нь өөрсдөө ажиллачихдаг. Энэ бол байж болох бодлого.
-Сургууль, цэцэрлэгийн эргэн тойронд хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй ширхэгийн хоол их зардаг. Хүүхдүүд ч их авч иддэг юм билээ. Уг нь сургууль өөрөө гал тогоотой, тэндээ хоол хийгээд, сурагчиддаа зардаг бол арай найдвартай юм даа?
-Тийм ч байж болно. Хамгийн гол нь эрүүл, аюулгүй хоол хүнсээр л хүүхдүүдийг хангах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгүүд гурил авдаг байлаа гэж бодъё. Хамгийн сайн чанарын гурилыг л авах ёстой. Нийлүүлж байгаа газар нь ч гэсэн хамгийн сайныг нь нийлүүлнэ. Тэгэхгүй бол хаанаас хамаагүй бүтээгдэхүүн аваад байж боломгүй. Бид аль болох стандартын шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүнийг сургууль, цэцэрлэгт нийлүүлэх, эсвэл өөрсдөө үйлдвэрлэсэн хамгийн чанартай бэлэн бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болгоход чиглэсэн хууль гаргах гээд байгаа. Хуучин цэцэрлэг, сургуульд түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан аж ахуйн нэгжүүдийг болиулчих вий гэж санаа зовоод байх шиг.
Явцуу хэмжээнд ойлгох хэрэггүй. Үнэхээр чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол шалгараад гараад ирнэ. Тухайн аж ахуйн нэгж сургуульд сайн хоол, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлээд, сурагчид нь эрүүл чийрэг өсвөл, ямар нэг хордлого, гэдэсний өвчин гарахгүй, хүүхдүүд хоолондоо дуртай байвал сургууль тэр газраасаа л хоолоо авна. Ерөөс хоол хүнсийг чанаржуулах, хяналттай байлгах, хүүхдэд шаардлагатай эрдэс бодисыг хангаж чадах бүтээгдэхүүнийг авч байхад чиглэсэн хууль юм.
-“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох шаардлагатай. Нөгөө талаар хөтөлбөрт зориулж байгаа төсвийг нэмэх хэрэгтэй юм биш үү. Тэгж байж илүү чанартай хүнсийг хүүхдүүд хэрэглэх байх?
-Одоогийн байдлаар өдөрт 600 төгрөгийн төсөвтэй байгаа л даа. Сургууль өөрсдөө үйлдвэрлэл явуулаад, ногоогоо тариад байвал энэ төсөвт багтааж магадгүй. Ерөнхийдөө 600 төгрөгт багтахгүй болов уу. Энэ мөнгийг нэмэх үү, яах вэ гэдгийг чуулганаар хэлэлцэнэ. Түүний дараа л эцсийн шийдвэр гарна даа.
-Огт гал тогоогүй сургуулиудыг гал тогоотой болгоно багагүй хэмжээний төсөв шаардлагатай болох байх. Хөрөнгө санхүүгийн асуудлаа яаж шийдэх боломжтой вэ?
-Улсын төсөвт суулгана шүү дээ. Хууль боловсруулагчид “Үдийн хоол” хөтөлбөрт 100 сая орчим ам.доллар хэрэгтэй гэж байгаа юм. Ойрын таван жилдээ хэрэгжүүлнэ. Цогц бодлого. Эхний ээлжинд сургуулиудаа гал тогоотой болгоно. Улсын хэмжээнд 800 гаруй сургуулийг гал тогоотой болгох шаардлагатай байгаа юм билээ. Тэгэхээр хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Жижиг жижиг аж ахуй байгуулахад мөн л хөрөнгө мөнгө хэрэгтэй. Дээрээс нь ажиллах боловсон хүчин, тогооч, мэргэжлийн хоол зүйч нарыг бэлтгэхээс эхлээд маш их ажил бий. Тиймдээ ч таван жилийн хугацаанд 100 сая ам.доллар зарцуулж байж хэрэгжих боломжтой төсөл. Нэг жилдээ 20 сая ам.доллар шаардлагатай гэсэн үг.
Надад бол боломжийн санагдсан. Хамгийн гол нь боловсон хүчнээ бэлтгэх.
Хоол зүйч, тогоочоос авахуулаад мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх шаардлагатай. Цэцэрлэг, сургуульд битгий хэл ресторан, зоогийн газарт тогооч, зөөгч, хоол зүйч дутагдаад байна. Төслийг хэрэгжүүлэхэд энэ мэт бэрхшээл бий. Гэхдээ л бэрхшээлийг давж, хэрэгжүүлэх ёстой. Энэ маш зөв бодлого юм шүү. Аливаа ажлыг эхэлж, тууштай зүтгэж байж амжилтад хүрнэ. Хамгийн гол нь бид үр хүүхдүүдээ чанартай, аюулгүй хүнсээр хангах зайлшгүй шаадлагатай болчихоод байна.