А.Ундраа: Халуун хоол идэж байсан сургуулийн сурагчид өвөл ханиад томуу бага хүрсэн үр дүн гарчээ
2019.04.18

А.Ундраа: Халуун хоол идэж байсан сургуулийн сурагчид өвөл ханиад томуу бага хүрсэн үр дүн гарчээ

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл”-ийг өнгөрсөн оны зургадугаар сард УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, А.Ундраа, Н.Учрал, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, М.Оюунчимэг нарын гишүүд хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Үдийн цай хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр бага ангийн сурагчдын хичээлийн идэвх сайжирч, хичээлдээ төвлөрөх боломжтой болсон гэх сайн үр дүнг чуулганы үеэр хэлж байв. Харин цаашид цай бус халуун хоолоор үйлчлэх нь олон давуу талыг бий болгох талаар төслийг санаачлагчид онцолж байсан. Хуулийн төслийн талаарх зарим асуудлыг ажлын хэсгийн гишүүн А.Ундраагаас тодрууллаа.


-Үдийн цайг үдийн хоол болгох зайлшгүй шаардлагыг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн талаар ярьж байсан. Тухайлбал ямар судалгаанд үндэслэн хуулийн төслийг санаачлах болов?
-Сурагчид өдрийн гуравны нэгийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байна.

Сурагчдын дөнгөж 5 хувь нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс явуулсан “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгаа”-нд 21 аймгийн 94 сум, нийслэлийн 8 дүүргийн 30 хорооны 5 хүртэлх насны 2251 хүүхэд, 6-11 насны 1755 хүүхдийг хамруулсан. Судалгааны дүнгээр 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байна. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ нэлээд түгээмэл, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоосон юм билээ.

Мөн Эрүүл мэндийн яамнаас 2015 онд зохион явуулсан "Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол, хүнсний чанар, аюулгүй байдал" судалгаагаар нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг ч дөнгөж 5 хувь нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Энэ мэтчилэн судалгааны дүнд үндэслэн “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх нь чухал байгаа юм. Эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжлийн хүний нөөц, төсөв санхүү, оновчтой зохион байгуулалт зайлшгүй шаардлагатай бөгөөд уг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор гишүүд хуулийн төслийг санаачлан боловсруулсан.

Эхний ээлжинд хэдэн сургууль шууд хэрэгжүүлэх, хэд нь гал тогоо шаардлагатай байгаа, түүнд хэдий хэмжээний төсөв, хугацаа шаардах вэ гэдгээс хамаараад хууль батлагдвал үе шаттай хэрэгжинэ

-Нэг хүүхдийн 600 төгрөгийн төсөвтэй байгаа үдийн цайг үдийн хоол болгох зорилготой гэж ойлгож байгаа. Дээрээс нь эхний ээлжинд 600 төгрөгийг бүгдийг нь хоолны зардалд зарцуулах, цаашлаад энэ үнийн дүнг нэмэгдүүлэх талаар ярьж байсан. 600 төгрөгийн хоол гэж юу байх вэ ч гэх гишүүд байсан.
-Төсвийн тухайд Үдийн цайнд нэг хүүхдэд 600 төгрөгийг зарцуулж байгаа. Үүнийг нэмэгдүүлж, хүүхдэд халуун хоол цайгаар үйлчлэх боломжийг бий болгох юм. Төсөлд заасан тооцооллоор нэг бүрийн зардлыг 2400 төгрөгөөр тооцсон. Гэхдээ хуульд хатуу тоо зааж өгөөгүй. Тухайн үеийн эдийн засгийн үзүүлэлт, инфляциас шалтгаалах байх.

-Хуулийн хэрэгжих хугацаа нь хэдийгээр байгаа бол. Одоогийн байдлаар зөвхөн нийслэлд гэхэд л огт гал тогоогүй 7 сургууль байна гэж байна лээ. 
-Одоогийн хуулийн төсөлд 2020 оны нэгдүгээр сараас гэж заасан. Гэхдээ хууль хүртээмжтэй, бүх хүүхдэд хамаатай, нэг амьсгаагаар хэрэгжүүлэх боломжгүй, тодорхой үе шаттай байгаа учраас хэрэгжих хугацааг ойр тавих боломжгүй учраас зарим гишүүн 2020 оны есдүгээр сараас гэж тусгах саналтай байна. Сургуулийн барилга хэдэн онд ямар стандартаас баригдсанаас хамаараад зарим сургууль орчин үеийн, хуулийн үзэл баримтлал, зорилгод нийцсэн гал тогоотой учраас хууль батлагдангуут хэрэгжүүлэх боломжтой байна. Гэвч хуучны барилгатай, гурван ээлжээр хичээллэж байгаа гээд үдийн цай өгөхөд ч хүндрэлтэй газрууд бий. Тэгэхээр хоолыг зөөвөрлөх шаардлага гарч байгаа юм. Ингэхээр эхний ээлжинд хэдэн сургууль шууд хэрэгжүүлэх, хэд нь гал тогоо шаардлагатай байгаа, түүнд хэдий хэмжээний төсөв, хугацаа шаардах вэ гэдгээс хамаараад хууль батлагдвал үе шаттай хэрэгжинэ.

-Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарах зардлыг урьдчилсан байдлаар хийсэн гэж байсан. 300 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэсэн.
-Хуулийг хэрэгжүүлэхэд төсөв шаардана. Одоогийн байдлаар гаргасан тооцооллоор хүүхдийн хоолны зардалд 137 тэрбум, шинээр гал тогоо барих 36 тэрбум, гал тогоонд засвар үйлчилгээ хийх 42.5 тэрбум, тоног төхөөрөмж нийлүүлэх 6.5 тэрбум, хоол зүйч, тогооч, туслах тогооч, бэлтгэгч, угаагч, үйлчлэгчийн цалингийн зардалд 78 тэрбум нийт 300 тэрбум төгрөг зарцуулах тооцоог гаргасан.

-652 хоол зүйч шаардлагатай болно гэж байсан. Энэ хэмжээний боловсон хүчин байгаа юу?
-Энэ бол эхний байдлаар тооцсон тооцоолол. Анхны хэлэлцүүлгийн үеэр хоол зүйч сургууль бүрд үү эсвэл сургууль дунд уу гэдгийг дахин судалж үзэх шаардлагатай гэсэн санал гарсан. Тухайлбал, сургууль бүрд хоол зүйч, цэс зохиох мэргэжилтэн хэрэгтэй. Тэгэхээр одоо байгаа боловсон хүчин болон нэмж бэлтгэх тоог гаргаж, зарим тохиолдолд сургуулиудын дунд байх зэрэг зарчмын асуудал байна.

Хүүхдийн хоолны зардалд 137 тэрбум, шинээр гал тогоо барих 36 тэрбум, гал тогоонд засвар үйлчилгээ хийх 42.5 тэрбум, тоног төхөөрөмж нийлүүлэх 6.5 тэрбум, хоол зүйч, тогооч, туслах тогооч, бэлтгэгч, угаагч, үйлчлэгчийн цалингийн зардалд 78 тэрбум нийт 300 тэрбум төгрөг зарцуулах тооцоог гаргасан

Нийслэл болон хөдөө орон нутгийн хооронд нэлээд ялгаа байгаа учраас гишүүдийн гаргаж буй саналыг хоёр ангилж болмоор харагдаж байгаа юм. Хүн ам ихтэй суурин газар болон суурьшилт багатай газрыг ялгаатай байлгах, эргээд нийслэлдээ мөн л төвийн болон захын дүүргийн нөхцөл байдал ондоо учраас энэ тал дээр ч ажиллах шаардлагатай байна.

-Одоогийн байдлаар зөвхөн бага ангийн хүүхдүүдийг хамруулж байгаа. Цаашид дунд анги болон багш нарыг ч хамруулах талаар ярьж байсан.
-Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд ШУТИС, БНСУ-ын их сургуулийн хоол тэжээлийн чиглэлээр дагнасан профессорууд хамтраад төсөл хэрэгжүүлсэн юм билээ. Төслөөр бага төсөвтэй ч цэсийг шим тэжээлтэй хоол хийж болохуйцаар зохиосон. Зэргэлдээ хоёр сургуульд нэгэнд нь шим тэжээлтэй халуун хоолоор үйлчилж, нөгөөд нь үдийн цай хэлбэрээр өгч туршсан байгаа юм. Ингэхэд халуун хоолоор үйлчилж байсан сургуулийн сурагчид өвлийн цагт ханиад томуу бага хүрсэн эерэг үр дүн гарсан байгаа юм.

Зөвхөн эрүүл мэндийн асуудал бус боловсролын суурь тавигдахад эерэг нөлөө үзүүлж байгаа зэрэг олон талын ашиг тустай гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Тэгэхээр үдийн хоол хөтөлбөр болбол зайлшгүй хоол тэжээлийн мэргэжилтнүүд ажиллах нь зүйтэй гэдэг нь харагдаж байна. Зарим тохиолдолд чихэрлэг ундаа, жүүс, боов, жигнэмэг өгдөг. Тэгэхээр энэ нь шим тэжээл болж чадахгүй байгаа юм. Бүхэл үрийн будаа, жимс, ногоо ислэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Багш нар болон дунд ангийнхныг хамруулах асуудлыг ч хөндөж байгаа.

-Үдийн цайг хоол болгох бус бүр болих талаар ч яриа гараад байгаа шүү дээ. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Бага ангийн хүүхдийн хоолыг төрөөс дааж яах гээд байгаа юм, хүүхэдтэй болж байгаа бол санхүүгийн болох бусад хариуцлагыг хүлээх ёстой, төрийн нуруунд ачаа үүрүүлж байна, гэр бүлийн түвшинд хийх ажлыг төр хариуцаж байна гэх мэт санал гаргаж байгаа хүмүүс байна. Бусад улс орны жишгийг харж байхад нийтэд нь хоолны зардлыг төрөөс даах эсвэл амьжиргааны төвшин бага, олон хүүхэдтэй зэрэг гэр бүлээс бусдаас нь хоолны мөнгө авах зэрэг шийдлүүд байна. Япон, Солонгос хэд хэдэн улстай харьцуулж, асуудалд дүн шинжилгээ хийсэн. Судалгааны дүнг харахад үдийн цайг өргөжүүлж, шим тэжээлтэй халуун хоолоор үйлчлэх зайлшгүй шаардлага бий.

-Гишүүдийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Импортын бүтээгдэхүүнийг хязгаарлах, хориглох, уламжлалт хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх, генийн өөрчлөлттэй, аюултай хоол хүнсийг ч анхааруулсан.
-Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх үед ч тэр, анхны хэлэлцүүлгийн үед ч тэр гишүүдийн зүгээс маш олон санал гаргасан. Ажлын дэд хэсгийн гишүүд буюу мэргэжилтнүүдээс тодруулга авах сайн тал бүрдсэн. Аль болох хол тээвэрлэхгүй байх, аль болох үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн байх нь чухал. Генийн өөрчлөлттэй хүнсний тухайд хулганы толгой дээр жүрж залгачихсан зураг тарааж байсан ч гишүүн бий. Биологийн хичээлийн А ч үгүй байгаа байхгүй юу. Яаж амьгүй зүйл амьтай зүйл хоёр эвцэлдэх вэ. Ер нь бол хоол гэдэг зүйл ямар их чухал дээр нь асуудал ихтэй байдгийг л харуулж байгаа юм.

-Алслагдсан сумд хүнсний бүтээгдэхүүнээ тухайн орон нутгаас хангахаар хуульд заасан гэж ойлгосон. Ингэхээр тухайн сургуулийн захирал, хоол зүйч хоёр ажлынхаа хажуугаар бизнес эрхэлдэг болох вий гэсэн болгоомжлол байна гэж гишүүд хэлж байсан.
-Одоо ч алслагдсан сумдын сургууль тэр дундаа дотуур байртай сургууль мөн л ийм зохицуулалтаар ажиллаж байгаа. Гэхдээ хуулийн зохицуулалт дутуугаас болоод асуудал үүсээд байх шиг байна. Ер нь бол хууль нүсэр биш ч хэрэгжилт нь нүсэр. Дагалдах журам зохицуулалтаар үүнийг хэрхэн шийдэх вэ гэдгийг зааж өгөх байх.