“Чанаргүй зээл түүний эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг болов
2019.04.23

“Чанаргүй зээл түүний эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг болов

Монголбанкнаас санаачлан хууль зүйн болон төсөв санхүүгийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хууль, шүүхийн байгууллага, тус салбарын мэргэжлийн сургалт судалгааны байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөллүүдийн оролцоотойгоор “Чанаргүй зээл түүний эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар нээж үг хэллээ. Уг хэлэлцүүлгээр чанаргүй зээлийн эдийн засагт үзүүлэх хор нөлөө, болон түүнийг шийдвэрлэх арга зам, олон улсын туршлага болон хууль эрх зүйн орчин талаас нь хөндсөн илтгэлүүдийг мэргэжлийн байгууллагуудаас тавьж оролцлоо. Тус хэлэлцүүлэгт БНСУ-ын  Korea asset management corporation (KAMCO)-аас оролцон өөрийн орны туршагаасаа танилцууллаа.

Монгол Улсын банк санхүүгийн системийн 95 хувийг банкны салбар дангаараа эзэлж байгаа бөгөөд 2019 оны Хоёрдугаар сарын байдлаар чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувь, хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 5.4 хувийг эзэлж байна.

 Чанаргүй зээл нэмэгдэхийн хэрээр банкнаас олгох зээлийн хэмжээ буурах, санхүүгийн зуучлал зогсонги байдалд орж, эдийн засгийн идэвхжилт сулрах, бодит секторын өсөлт хумигдаж халамжийн зардлыг өсгөн татварын орлогыг бууруулдаг  бөгөөд улмаар ажилгүйдэл нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг сааруулах бодит нөхцөл, шалтгаан болдгийг олон улсын байгууллагын болон дотоодын онол, судалгаа харуулдаг.

Чанаргүй зээлийг үр ашигтай шийдвэрлэснээр эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөв, ил тод болгон, хуримтлал, хөрөнгө оруулалт бий болгох замаар баялгийг бүтээх, хөгжлийг бий болгох, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг мөнгө, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.

Тиймээс чанаргүй зээл, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлж, түүнийг үр ашигтай шийдвэрлэх эрх зүйн орчинг бий болгох, олон улсын сайн туршлагаас судлах, харилцан мэдээлэл солилцох, цаашид авах арга хэмжээний талаар харилцан мэдээлэл санал солилцох шаардлага байгаа тул өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Монгол банк