Гадаад валютын нөөц есөн сарын импортын хэрэгцээг хангахаар хэмжээнд хүрлээ
2019.04.25

Гадаад валютын нөөц есөн сарын импортын хэрэгцээг хангахаар хэмжээнд хүрлээ

Гадаад валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр импортын есөн сарын хэрэгцээг хангахаар түвшинд хүрчээ. Угтаа бол гадаад валютын нөөц нь тухайн улсын жилийн импортын хэрэгцээг хангах хэмжээний байх ёстой юм. 

Гадаад валютын нөөцийн дотоод гол эх үүсвэр нь алт байдаг. Тэгвэл Төв банк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн алт худалдан авч, жил бүр 700-800 сая ам.доллар бүрдүүлсэн байдаг. Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, нөөц нэмэгдүүлсэн тухайгаа тайлбарласан.

Тухайлбал, өнгөрсөн  онд “Оюу толгой”  ХХК-иас 282 сая ам.доллар, “Эрдэнэт үйлдвэр”-ээс 225 сая ам.доллар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 207 сая ам.доллар буюу нийт 714 сая ам.долларыг худалдсан авчээ.

Тэгвэл он гарснаас хойш “Оюутолгой” ХХК-иас 282 сая ам.доллар, “Эрдэнэт үйлдвэр”-ээс 150 сая ам.доллар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 200 сая ам.доллар, бусад аж ахуйн нэгжүүдээс 34 сая ам.доллар худалдан авчээ.Ингэснээр нийт 666 сая ам.доллар худалдан авсан аж.