Б.Баттөмөр: Чанаргүй зээлийг худалдан авч, зардаг Актив удирдлагын компани байгуулна
Актив удирдлагын компанийн тухай хуулийг ирэх сард УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж. Тус хуулийн талаар хуулийн ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-Актив удирдлагын компанийн тухай хуультай болсноор чанаргүй зээлийн хэмжээг бууруулах боломж бүрдэх үү?
-Аль ч улсын эдийн засагт мөнгөний болон төсвийн бодлого гэж байдаг. Мөнгөний бодлогыг Төв банкнаас хэрэгжүүлдэг. Үүний хүрээнд арилжааны банкууд болон бусад субъектыг хамруулан ойлгодог. Манай улсын өнөөдрийн банк санхүүгийн салбар дахь нийт зээлийн 15 орчим хувь нь чанаргүй ангилалд багтах болсон. Нийт 1.8 их наяд нь чанаргүй зээл, 0.8 их наяд нь хугацаа хэтэрсэн зээл буюу нийт зээлийн 2.6 их наяд төгрөгийн муу зээл үүсчихээд байна.
Олон улсын туршлагаас харахад үүнтэй зэрэгцээд Актив удирдлагын компанийн тухай хууль гэж бий. Энэ нь тухайн банк болон зээлдүүлэгчтэй тохиролцсоноор зээлийг нь шилжүүлэн авах боломж бүхий эрх зүйн орчныг бий болгодог. БНХАУ, ОХУ, БНСУ, Филиппин, Индонез зэрэг улсад ийм жишиг бий. Ийм хуультай болох нь мэдээж олон талын ач холбогдолтой. Манай улсад зээлдэгч, зээлдүүлэгчийн маргаан хамгийн уртдаа найман жил үргэлжилж байх жишээтэй. Энэ төрлийн маргааныг 150 хоног буюу таван сарын хугацаанд эцэслэх ёстой гэж Иргэний хуульд заасан байтал үүнээс хэд давсан урт хугацаагаар сунжирдаг. Тэгэхээр Актив удирдлагын компанийн тухай хуультай зэрэгцүүлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүснэ.
Ер нь аливаа хуулийг боловсруулах, батлах, хэрэглэхдээ эдийн засгийн утгаар нь харах шаардлага үүсээд байгаа юм. Хууль зүйн утгаар нь авч үзэхээр найман жилийн дараа л сая нэг шийдэх нь байна шүү дээ. Гэтэл үүнийг эдийн засгийн утгаар харахаар бүхэл бүтэн найман жилийн дараа утга учраа алдсан байх жишээний. Тийм учраас л бие даасан хуультай болж, дээрх байдлыг зохицуулъя гэж байгаа юм. Өргөн утгаараа бол Монгол Улсын макро эдийн засагт маш өндөр ач холбогдолтой.
-Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ жил ирэх бүр өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. Энэ ямар шалтгаантай вэ. Зээлийн хүү өндөр байгаатай холбоотой юу?
-Нэгд, эдийн засгийн хөгжилтэй холбоотой. Жишээлбэл, 2016 онд Монгол Улс үндсэндээ дефолт зарлах хэмжээнд хүрсэн байсан. Үүнээс хойш буюу сүүлийн гурван жилийн хугацаанд томоохон өөрчлөлт гарч, эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрээд байна. Дээрээс нь инфляц тодорхой төвшинд хадгалагдаж байна, гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар байснаа 3.8 тэрбум ам.долларт хүрлээ. Гэхдээ эдгээр өөрчлөлт банкуудад нөлөөлөх хугацаа хараахан болоогүй байна.
Энэ утгаараа чанаргүй зээлийн хэмжээ өсч байгаа нь бизнесийн орчин таатай болоогүй, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эдийн засгийнхаа ерөнхий төлөв байдалтай холбоотойгоор муу байна. Эдгээр шалтгаанаас үүдээд чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өсч байна. Ерөнхийд нь авч үзэхээр муу зээлийн дийлэнх хувийг аж ахуйн нэгжийн зээл эзэлдэг, иргэнийх тун цөөн хувь. Мөн зээлийн хүү өндөр байгаа нь хугацаа хэтэрсэн зээлтэй цаад утгаараа холбоотой.
Гэхдээ шууд холбож ойлгох нь өрөөсгөл. Зээлийн хүүг шууд бууруулах боломж хомс. Макро эдийн засгийн ерөнхий төлөв байдал буюу эдийн засгийн сэргэлттэй холбоотой учраас болгоомжтой авч үзэх ёстой юм. Харин манай хуулийн гол агуулга нь чанаргүй зээлийг шүүхийн шатанд бус зээлдсэн, зээлдүүлсэн хүмүүстэй сууж байгаад зээлийг нь худалдаж аваад цааш зарах тухай ойлголт юм. Гэхдээ мэдээж үр ашигтай худалдах ёстой. Өөрөөр хэлбэл, аж ахуйн болон банкны хоорондын үйл ажиллагаанд Актив удирдлагын компани бодит дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн үг. Энэ бол олон улсад байдаг жишиг.
-Тэгэхээр чанаргүй зээлийг компани байгуулж худалдаж авна гэсэн үг үү?
-Энэ бүхнийг Банкны тухай болон бусад хуулиар зохицуулж ирсэн л дээ. Төв банкны зүгээс арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Үүний хүрээнд “Танай зээлийн хэмжээ зохих төвшнөөс хэтэрсэн байна” гэх зэрэг анхааруулга, сануулгыг байнга өгч ажилладаг. Жишээлбэл, Төв банкны зүгээс Капитал банктай аль 2015 оноос хамтарч ажилласан ч үр дүн гараагүй учраас дампуурлыг нь зарлалаа.
Цаашлаад өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд ч мөн зээлийн хэмжээ нь байх ёстойгоос хэтэрчихсэн байна. Тиймээс Монголбанк арилжааны банкуудад активын үнэлгээ хийх ёстой. Нийт зээлийн 15 орчим хувь чанаргүй болсон нь анхаарал татахуйц хэмжээнд хүрсэн. Ийм нөхцөл гэнэт үүсчихээгүй, олон жилийн турш хуримтлагдсан гэсэн үг шүү дээ. Тиймээс активын үнэлгээг сайн хийх хэрэгтэй.
-Банкийг ямар байдлаар байгуулах вэ, мэдээж төрийн оролцоо байх болов уу?
-Төрийн оролцоотой байна. Гэхдээ төрийн өмч нь 20 хувиас хэтрэхгүй. Дээрээс нь үүнд гаднын хэд хэдэн улс оролцох сонирхлоо илэрхийлээд байна. Мөн дотоодын арилжааны банкуудаа оролцуулж таарна. Ингэснээр 80 хувь нь гаднын хүчинд тулгуурласан, хамтын удирдлагатай компани байхаар төсөөлж байна. Манай улсад байнга эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлдэг Азийн хөгжлийн банк Актив удирдлагын компани байгуулахад дүрмийн санд нь хөрөнгө оруулж, хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн.
Олон улсын санхүүжилтийн корпорациас мөн тодорхой хэмжээний хөрөнгө гаргах боломжтой гэсэн. Мэдээж дээрээс нь манай улсын арилжааны банкууд оролцож таарна. Цаашилбал, томоохон аж ахуйн нэгжүүд оролцохыг ч үгүйсгэхгүй. Ингээд хамтын удирдлагыг үүсгэн байгуулагчдаас нь томилох төсөөлөлтэй байна. Өнөөдрийн байдлаар дүрмийн сан тэд байна гэх мэт нарийвчилсан тооцоо алга. Дүрмийн сангийн доод хэмжээг Монголбанк тогтооно.
-Актив удирдлагын компани ямар зээлийг худалдаж авах юм бэ. Тодорхой үнийн дүн зааж өгөх үү?
-Мэдээж бүх зээлийг худалдаж авах үүрэг хүлээхгүй. Ямар зээлийг худалдаж авах вэ гэдгийг Актив удирдлагын компани өөрөө шийддэгээрээ онцлогтой. Актив удирдлагын компанийг тодорхой хугацаатай байгуулдаг. Олон улсад 5,8,10 жилийн хугацаатайгаар байгуулсан байдаг юм билээ. Тэгэхээр манай улсын хувьд хэчнээн төгрөгийн зээлийг хэвийн хэмжээнд оруулахаар ажиллах вэ гэдгээс хугацаа хамаарна гэсэн үг. Тэгэхээр 2.6 их наядын зээлийг хэчнээн жилийн хугацаанд хэвийн болгож байсан туршлагыг харах нь хэрэгтэй. Манай улсын хувьд ямар ч байсан арван жилийн хугацаатай байгуулъя гэж байгаа юм.
Л.Одончимэг