2019.05.01
“Хүүхэд бүр цэцэрлэгт” зорилтыг хангахад чиглэсэн тогтоол гарлаа
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 01-ний хуралдаанаар Цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих тухай тогтоол гарсан нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүүхэд бүр цэцэрлэгт” зорилтыг хангахад чиглэсэн алхам боллоо.
Засгийн газрын хуралдаанаас Байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтан, албан хаагчид, оюутан багш, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрийн санхүүжилтээр цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг сайд Ё.Баатарбилэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Мөн салбар бүлэг нэмэх, зуны цэцэрлэг ажиллуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, шинээр орон сууцны хороолол барих зөвшөөрөл олгохдоо сургууль, цэцэрлэгийг хамтад нь барих стандартыг мөрдөж зөвшөөрөл олгож байхыг үүрэг болголоо.
Тогтоолтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг танилцуулга хийлээ.
2018-2019 оны хичээлийн жилд нийт 1,435 цэцэрлэгт 261,354 хүүхэд хамрагдаж байгаа нь цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 81,9 хувийг эзэлж байгаа юм. 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр 28 цэцэрлэг шинээр ашиглалтад орж 3185 хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 132 цэцэрлэг шинээр баригдаж, 19,640 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна.2019 онд баригдахаар төлөвлөсөн цэцэрлэгүүд бүрэн баригдаж ашиглалтад орсон ч сургуулийн өмнөх боловсролд хамрагдахгүй 20,0 гаруй мянган хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэхээр байгаа юм.
Тиймээс энэ тогтоол гарснаар цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг дээшлүүлэн өрхийн амьжиргааг сайжруулах, хүн амын нийгмийн асуудлыг зохистойгоор шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэв.