Л.Болд: Элдэв хүлээс, дарамтгүй, дайсан маань хүртэл эгц өөдөөс үзэлцээд, амар байна
УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-Улстөрчийн хувьд үйл явдлаар дүүрэн, адал явдалтай ч гэж болохоор үеийг туулж яваа тантай илэн далангүй ярилцахаар зорьж ирлээ. Танаар сонин их байх шиг байна. Сүүлийн үеийнхээс нь хуваалцаж, яриагаа эхлэх үү?
-Шударга ёсны хувьсгалт тэмцлээ үргэлжлүүлж явна. Энэ үйл хэргээ үр дүнд хүргэхийн тулд улс төрийн үйл ажиллагаа явуулахаас аргагүй. Гэтэл би намаасаа хөөгдсөн. Намаас хөөнө, сонгуульд нэр дэвших эрх хасна гэдэг бол улс төрийн үйл ажиллагаагаа зогсоо гэж байгаа хэрэг шүү дээ.
Цаашид хэрхэхээ шийдэх гэж би олон хүнтэй зөвлөлөө. “Намаас ингэж шийдсэн тул дахиж нэр дэвшихгүй боллоо” гэхэд сонгогчид “Бид нам сонгоогүй, хүн сонгосон. Тиймээс эхлүүлсэн ажлаа үргэлжлүүл. Тайлангаа тавь. Тэгээд сонгогчдоороо дүнгээ тавиул” гэсэн.
Шударга ёсны тэмцлийг хамтран эхлүүлж, зохион байгуулсан хүмүүс, иргэний нийгмийн байгууллагынхан “Ийм том хувьсгалт өөрчлөлт өдөөж, нийгмийг хөтөлчихөөд, ингээд орхиж болохгүй. Бид маш тодорхой зорилгоор үүнийг эхлүүлсэн. Зорилгыг минь бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, санаа нэгдэх улс төрийн нам нэг ч алга.
Тиймээс гуравдагч хүчнүүдийг нэгтгэсэн, өргөн олны хөдөлгөөн өрнүүлэх цоо шинэ улс төрийн хүч бий болгох шинэчлэлийн цаг ирсэн байна. Тэгж байж шударга ёс тогтоохын төлөөх бидний жагсаал цуглаан, суулт, өлсгөлөн үр дүнд хүрч, баялгийн шударга хуваарилалт, авлига, газрын наймааг зогсоох, шударга бусын хонгилыг нураах зорилго биелнэ” гэсэн. Энэ талаар бид олон удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Ингээд хатуу гишүүнчлэлтэй, хүмүүсийг барьцаалсан, хуучинсаг улс төрийн хүчин биш, хатуу гишүүнчлэлгүй, ард олны дэмжлэгтэй улс төрийн хөдөлгөөн байгуулъя гэсэн шийдэлд хүрч, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ)-ийг байгуулаад байна. Хамгийн сүүлийн сонин гэвэл энэ. Зөвхөн албан тушаал, УИХ-ын гишүүний суудлын төлөө явсан бол бие даагаад явах амархан хувилбар ч байв. Гэвч би тэгэхийг хүссэнгүй.
Өнгөрсөн хугацаанд бүх аймаг, дүүрэгт ажиллаж, эхлүүлсэн үйл хэрэг минь зөв үү, буруу юу гэдгийг иргэдээс асуулаа. Газар бүрт халуунаар, талархан дэмжиж хүлээн авч байгаагаас харвал бид ард түмнийхээ талд, зөв явж буй аж. Эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлэх итгэл нэмэгдлээ.
-Улс төрийн хөдөлгөөн гэхээр нам гэж ойлгох уу, эсвэл өөр үү?
-Улс төрийн нам хэлбэрээр зохион байгуулагдаж, Дээд шүүхэд бүртгүүлж байж сонгуульд оролцох эрхтэй болно. Тэгэхээр одоогийн хуулийн ойлголтоор нам л болж таарах нь. Гэхдээ одоо байгаа 31 дээр 32 дахь нь болж, нэр төдий, ганц, хоёр хүний халаасны хүчин биш, өргөн олны хүчийг нэгтгэсэн ард түмний эвсэл болгох зорилго тавьж байгаа.
1921 онд Ардын хувьсгалын үр дүнд Ардын нам, 1990 онд Ардчилсан хувьсгал ялаад Ардчилсан нам үүсэж, өнгөрсөн хугацаанд өөр, өөрсдийн үүргээ гүйцэтгэж өнөө хүрсэн. Тэгвэл одоо монголчууд шударга ёсны хувьсгал хийж байна. Шударга ёсны төлөөх улс төрийн хүчнүүд нэгдэж гарч ирэх ёстой. Улстөрчид ч өнгөрсөн 30 жилд хэн нь хэн бэ гэдэг нь ялгарч, шалгарлаа. Шударга ёсыг хүсэмжилж, зорьж байгаа хэсэг нь нэгдэж, хүчээ нэгтгэж шинэ улс төрийн давалгаа үүсгэх цаг болсон.
-Та бүхний зорилгыг дэмжиж, нэгдье гэсэн хүн олон байна уу?
-Шударга ёсны төлөөх хөдөлгөөний оргилд УИХ-ын таван гишүүн байгаа. Бидний байгуулсан “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл”-д 100 гаруй төрийн бус байгууллага нэгдсэн. Энд улс төр биш, цэвэр иргэдийн тэмцэл өрнөх ёстой гээд бид нэг ч нам оролцуулаагүй. Одоо бол улс төрийн хөдөлгөөн үүсгэн байгуулж байгаа тул намуудад нээлттэй. Нэлээд хэдэн нам бидний үйл хэрэгт нэгдэнэ гэсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хувь улстөрчийнхөө хувьд дэмжиж буйгаа илэрхийлсэн.
-Хамтран зүтгэгч Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар тань ШИНЭ-д орж, шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэх болов уу?
-Нөхөд минь “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл”-тэйгээ хамт, МАНАН-г устгах зорилгынхоо төлөө яваа. Шударга ёсны төлөө нам дотроо тэмцэж, намаа шинэчлэх маш том үйл хэрэгт зүтгэж байгаа. Одоо МАН-д том зодоон болно. МАНАН-гийнхан эрх мэдэл, өмч хөрөнгөө хадгалж үлдэхийн тулд хүчээ шавхан үзэлцэнэ.
Тэдэнд ялагдаж, нам дотор нь эвлэрэх аргагүй нөхцөл байдал үүсвэл ШИНЭ-д нэгдэж, улс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой.
-Та хэдийн эхлүүлсэн үйл хэрэг 1921, 1990 оны хувьсгалын энд хүрнэ, шударга ёсыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна уу?
-Итгэлтэй байгаа учраас л ингээд явж байна. Гэхдээ бидний эсрэг ямар том хүч байгаа билээ. Аймшигтай их өмч хөрөнгөтэй, маш нарийн зохион байгуулалттай, өөрсдийгөө хамгаалж үлдэхийн тулд яахаас ч буцахгүй том хүчтэй бид хүч тэнцвэргүй, хүнд тэмцэл хийж байна.
-1990 оны Ардчилсан хувьсгалд Монголын оюутны хөдөлгөөнийг удирдаж оролцсон цагаасаа АН-д зүтгэсэн, энэ намын нөлөө бүхий лидерүүдийн нэг, төлөв түвшин, боловсролтой, сэхээтэн гэж харж байтал гудамжны тэмцэл хийгээд эхлэхээр тань хүмүүс гайхаж хүлээж авсан. Өөрчлөлт шинэчлэлийг сэхээтнүүд эхлүүлэхэд гайхах зүйлгүй ч манайд гудамжны тэмцэл итгэл төрүүлэхээргүй, үнэмшилгүй санагддаг болчихсон л доо.
-Энэ бол гудамжны, гудамжны бус, төлөв түвшин, үгүйн тухай асуудал биш. Би 1990 онд яг л өнөөгийн байр сууриндаа, ардчилал, шударга ёс, хүний эрхийг бүрэн утгаар нь эдлэхийн төлөө жагсаал цуглаан хийж, бүх зүйлээ орхин тэмцсэн. Тэгээд ардчилал яллаа гэж итгэн хэсэг явсан.
Гэтэл нэг мэдэхэд ардчиллын сул талыг ашигласан маш том гажуудал бий болчихсон байна. Өмчтэй байх эрхийг цөөхөн хүн эдлээд, иргэд өмчгүй хэвээр үлдэж. Улс төрийн эрх мэдэл өмч хөрөнгөтэй нөгөө л цөөхөн хүний гарт төвлөрч. Ядуу иргэдийн саналыг 20 мянган төгрөгөөр худалдаж аваад, захиалгын хүмүүсээ гаргаж ирдэг болсон шүү дээ. Захиалгын улстөрчид хууль, шүүхийн байгууллагыг эздийнхээ төлөө ажиллуулдаг.
Нийгэм хоёр туйлд хуваагдаж, иргэдийн олонх нь ардчилсан хувьсгалын үр шимийг хүртэж, хангалуун сайхан амьдарч чадахгүй байна. Тиймээс би 1990 оны тэмцлээ үргэлжлүүлж, болохгүй байгаа зүйлсийг өөрчлөх ёстой гээд явж байна.
Тэмцлийг минь гудамжны гэнэ үү, юу гэнэ дураараа болог. Бид парламент дотроос хийж болох бүх аргыг хэрэглэсэн. Хуулийн төсөл өргөн барьсан, шаардлагууд тавьсан. Ингэхдээ асуудлыг шууд биднийхээр шийд гээгүй, парламентаараа хэлэлцэж, санал хураагаад, олонхоороо шийдээч ээ л гэж хүссэн.
Тэгэхэд л “Үгүй” гээд хөдлөхгүй болохоор нь аргагүйн эрхэнд гудамжинд гарлаа. Энэ хооронд биднийг айлгаж сүрдүүлэх, гүтгэж доромжлох гээд янз бүрын аргаар буулгах авахыг оролдож байна. Аливаа дарангуйлагч өөрийгөө заавал хамгаалдаг, ийм зүйл болох нь тодорхой. Бид эцсээ хүртэл тэмцэнэ. 1990 онд чадсан юм, өнөөдөр чадна л гэж бодож байна.
-Ардчилал төсөөлж, зорьсноос тань буруу замаар явчихсаныг та одоо л анзаарч байгаа хэрэг үү?
-Сүүлийн арваад жил би дандаа энэ тухай ярьж байгаа шүү дээ. Нэг хэсэг УИХ-ын гишүүнээр ажиллахгүй байгаад 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ би яг энэ асуудлыг тавьсан. Монголын ард түмнийх байх ёстой газрын хэвлийн баялаг цөөн хэдэн хүний гарт орчихож, иргэд ядуу байна, ингэж болохгүй ээ гээд “Баян Монгол” гэдэг хөтөлбөр дэвшүүлсэн. Тэр үед сонгуульд оролцсон бараг бүх нам миний хөтөлбөрийн санааг хуулсан.
Сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газарт намайг Батлан хамгаалахын сайд болгоод, дэвшүүлсэн хөтөлбөрийг чинь хэрэгжүүлнэ гэсэн. Тэгээд иргэдэд бага сага мөнгө, “амьгүй” хувьцаа тарааж, дэвшүүлсэн санааг минь хэрэгжүүлэх гэж оролдоод байгаа мэт дүр эсгэн, намайг аргалаад яваад байлаа. Үр дүнг нь харвал яг агуулгаар нь хэрэгжүүлэхийн тулд ганц ч алхам хийгээгүй. Ингээд сүүлийн зургаан жил би УИХ-ын гишүүний хувиар үг хэлэхдээ дандаа л энэ байр сууриа илэрхийлсээр ирсэн. Магадгүй тийм ч хурц бишээр илэрхийлээд, олны анхаарал татахгүй өнгөрдөг байсан байх.
Гэвч МАНАН-гийнханд бол хүрч байсан шүү. Энэ хооронд намайг буулгаж авах, хэлмэгдүүлэх бүх аргыг хэрэглэсэн. Төрснөөс хойших бүх зүйлийг минь шалгалаа. Эргэн тойрныхныг минь шоронд хийлээ. Надтай хамт ажиллаж байсан хоёр ч хүн учир битүүлгээр амиа алдсан. Шударга бусын хонгил ямар аймшигтай ажилладгийг би биеэрээ мэдэрсэн учраас “Алуулсан ч яах вэ” гээд гудамжинд гарлаа. Энэ бол миний хувьд эцсийн шат.
Газрыг, баялгийг МАНАН-гийнхнаас булааж, нийтэд хүртээмжтэй болгох нь, шударга бусын хонгилыг нураах нь, хүний эрхийг хамгаалах нь, Монголд иргэншсэн нийгэм байгуулах нь гэж надаас айж, үйл хэргийг минь зогсоох гэж намаас хөөлөө. Эд иргэдийг ядуу байлгах л сонирхолтой. Яагаад гэвэл ядуу хүнийг л захирч болно. Мөнгөтэй, баян хүнийг захирч чадахгүй. Арваад жил эдний үгэнд орохгүй явсан болохоор “Мөнгөтэй учраас ингэж байна” гээд хамаг хүч хөдөлмөрөө шингээж босгосон банкыг минь шүүх, цагдаатайгаа нийлж, айлган, сүрдүүлж байгаад булааж авсан шүү дээ. О.Баасанхүү “Чи яах гэж хонгилоос айж, банкаа хураалгасан юм бэ” гээд байгаа биз. “Хураалгахгүй бол ална” гээд байгаа юм чинь яах юм бэ.
-Бүр тэгж хэлсэн гэж үү?
-“Устгана” гэсэн. Өдөр, шөнөгүй намайг дагаж, бүгдээрээ нийлж, бүх талаар дарамталсан учраас яах ч аргагүй болоод би гарын үсэг зурж, банкаа булаалгасан. Ингэж байж тэмцэл хийх эрхээ олж авсан. Хэрэв би том банкны эзэн байсан бол ингэж тэмцэж чадахгүй байсан. Барьцаалагдана, янз бүрийн асуудал гарна, хэцүү шүү дээ. Банкгүй болсноос хойш намайг барьцаалах ганц зүйл нь нам байсан. Намын бодлогыг дага гэж намайг байнга шахдаг байлаа.
Одоо намаас хөөгдсөн болохоор олон жил бодож, ярьсан бодлого, зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө хэнээс ч асуухгүй, хэнтэй ч зөвшилцөж, амыг нь харахгүй явах боломж нээгдлээ. Миний бодож, зорьж байгааг олон түмэн дэмжвэл тэр биз, ийм зүйл хийх цаг нь болоогүй, энэ хэвээрээ хэдэн жил болъё гэвэл тэр л биз.
-Та АН-аас хөөгдсөн гэлээ. Харин ч таныг гаргахгүй, гишүүн хэвээр нь үлдээх гэж их хичээсэн юм биш үү. Өргөдлөө өгчихөөд байхад тань хассан шийдвэр гаргахгүй нэлээд удаж, та дахин дахин шаардаж байж гаргуулах шиг харагдсан.
-Тэр чинь өөр зорилготой. Намайг гаргачихаар нам УИХ-д бүлэггүй болох гээд, бүлэггүй болчихвол санхүүжилтээс эхлээд боломжууд нь замхрах гээд байсан хэрэг. Тиймээс хэдэн сар ч болов хүмүүсээ цалинтай байлгах гэх мэтийн маш жижиг сонирхолдоо хөтлөгдөж, түр боловч амиа аргацаахын тулд хууль зөрчин, хүнийг барьцаалж, намыг шорон болгосон юм.
Ингэж хүний эрхийг зөрчиж, Үндсэн хуулийг уландаа гишгэснээрээ энэ нам хаашаа явж буйгаа дахин нотолсон. Хүн өөрөө шийдвэр гаргаж, өргөдлөө өгөөд байхад өөр хүмүүс өмнөөс нь шийдэх гээд дайраад байна гээд бод доо. Өмнөх нийгэмд нам бүхний дээр байсныг өөрчлөх гэж хувьсгал хийгээд, ардчилсан Үндсэн хууль батлахдаа хүн, хүний эрхийг бүгдийн оройд залсан.
Гэтэл би өөрөө шийдвэр гаргачихаад байхад тэд намайг хүн бүү хэл, амьтнаас дор үзэж байна. УИХ-ын гишүүнийг ингэж байгаа юм чинь жирийн иргэдийг яадаг нь тодорхой. Ийм л аймшигтай тогтолцоо бий болсон. Үүний эсрэг тэмцэж буй минь зөв гэсэн итгэл үнэмшил өдрөөс өдөрт батжиж байна.
Намаас гарсан бодит байдлын тухайд бол, миний сонгуульд оролцох эрхийг хасах арга хэмжээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд авсан. Маргааш нь би бүлгээс гарах өргөдлөө өгсөн. Нэгэнт нам намайг улс төрийн үйл ажиллагаагаа зогсоо гэж байгаа бол улс төрөөс гаръя, багшилдаг ч юм уу, ямар нэг өөр ажил хийнэ дээ гэж бодож явтал Ж.Батзанданг бас хөөсөн.
Тэгэхэд нь би намын удирдлагад “Би намаас гарснаар УИХ дахь бүлэг наймуулаа болсон. Намын хувьд улс төрийн үйл ажиллагаа явуулах хамгийн том суурь нь бүлэг. Бүлгээ тараахгүйн тулд шийдвэрээ хүчингүй болгож, Ж.Батзандангаас уучлал гуйгаад буцаагаад авчих” гэсэн. Гэтэл намайг гарсныг мэдсээр байж М.Энхболдын хурал удирдсан сүүлчийн чуулганаар Ж.Батзанданг хөөж, өөрсдөө бүлгээ тараасан.
Тэгээд гишүүн мэдэгдэл өгөөд л бүлгээс гарсанд тооцогддог хуультай байтал АН-ын удирдлага намайг бүлэгтээ байгаа мэтээр ярьж, өөрсдөө зөвшөөрөл өгч, гарах, эсэхийг шийдэх мэтээр тайлбарлаж явсаар өчнөөн үр дагавар дагуулсан.
-Та өргөдөлдөө “АН-ыг бүрэн шинэчлэгдэх хүртэл гишүүнчлэлээс татгалзаж байна” гэсэн байсан. Санаанд тань хүртэл шинэчлэгдвэл гишүүнчлэлээ сэргээнэ гэсэн үг үү. Энэ үг бүр хүчингүй болсон уу?
-Шинэчлэгдэж, асуудалд арай өөрөөр хандах болов уу гэж зөндөө хүлээлээ. Энэ хооронд сонгогчид, шударга ёсны хувьсгал хийе гэж нэгдсэн иргэний нийгмийн байгууллагынхнаас “Шинэ улс төрийн хүчнээ байгуул, түүнийг чинь дэмжээд, хамтарч ажиллая” гэсэн санал, зөвлөгөө олон ирсэн тул шийдвэрээ гаргаад, ажил эхлүүлээд явж байна.
-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахгүй гэсэн санал өгсөн нь намаас гарах хүртэлх зөрчилдөөний эхлэлийг тавьсан гэж ойлгоод байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахгүй байх нь насаараа зүтгэсэн АН-ын гишүүнчлэлээс татгалзахаас чухал байсан хэрэг үү?
-Үгүй, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувиас болсон юм. М.Энхболдыг байгаа дээр 49 хувийг хамгаалж үлдэх ганц шаардлагыг МАНАН тавьж байсан. Яагаад Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн гээч. 49 хувийг төрд авах гэсэн болохоор тэр. УИХ-аас 49 хувийг төрд авах шийдвэр гарсан.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар үүнийг хэрэгжүүлэх ганц ч оролдлого хийгээгүй. Харин энэ Засгийн газар уг шийдвэрийг хэрэгжүүлсэн учраас би дэмжсэн юм. Тэгээгүй бол огцруулах талд саналаа өгөх л байлаа. Одоо МАНАН-гийн хамгийн том бааз суурь АН болчихлоо. Үүнийг эсэргүүцээд дийлээгүй болохоор гишүүнчлэлээс татгалзсан гэж ойлгож болно.
-Та сүүлийн арваад жил шударга ёсыг тогтоохын төлөө ярьсан гэлээ. Энэ хугацаанд намдаа нөлөө бүхий гишүүн нь байсныхаа хувьд намын нөхөдтэйгөө ярилцаж, хамтдаа үүнийг хийх боломж огт байгаагүй гэж үү?
-Би үүнийг оролдсон. Хамтарч хийлээ гэж хууртаж хэсэг явсан. Эргээд харахад үр дүнгүй, хагас дутуу ажил болсон байдаг. Бүх зүйл нууцаар, тохиролцоогоор явж, хэсэг бүлэг хулгайлдаг явдал үргэлжилсээр байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн тухай гэхэд УИХ-ын гишүүд нь ч мэдээгүй байхад л шийдвэр гаргачихсан шүү дээ. Ийм байж болохгүй л гэж эсэргүүцээд байгаа юм.
-Нэг л буруу яваад байна, шударга бус явдал хэрээс хэтэрлээ гэдэг мэдрэмж бүх л хүнд байна. Тиймээс та нарын эхлүүлсэн ажил, байгуулж буй улс төрийн хүчинд найдвар тавьж, дэмжиж мэдэх л юм. Бас нөгөөтээгүүр, сайхан зүйл ярьж итгэл төрүүлээд, эрх мэдэлд хүрэхээрээ өмнөх хэдтэйгээ ялгаагүй болоод явчихсан олон хүнд хууртаад хаширчихсан байж ч мэднэ.
-ШИНЭ бол аль нэг компанийн, хэн нэг улс төрчийн “амьдрах” аргаа хайсан нам биш, ард түмний өөрсдийн хүслээр байгуулсан хүчин байх юм. Намчирхаж, нийгмийг хуваасан тогтолцооноос салаад, иргэд өөрсдөө зохион байгуулж, ард түмэн гэсэн ганц ашиг сонирхолд нэгдэнэ.
Бид авлига, албан тушаалын наймааг устгаж, газрын хэвлийн баялаг болон газрыг иргэдэд тэгш хуваарилах, бүх томилгоог ил тод болгох зорилго тавьж байгаа. Тусгай зөвшөөрөл нэртэй хуудас цаасаар төв талбайгаа хувьчилчихдаг, газрын доорх баялгийг хэн нэг нь ганцаараа эзэмшиж, гадаадад зардаг явдлыг үгүй хийх нь бидний зорилго.
-Сайхан сонсогдож байна. Гэхдээ үүнийгээ яаж хийх юм бэ?
-Мөнгө, эрх мэдэлтэй бүлэглэлүүд захиалгын улстөрчөө гаргаж ирдэг, тэгээд өөрсдийнхөө төлөө ажиллуулдаг тогтолцоог эвдэхээр энэ бүхэн цэгцэрнэ. Нэр дэвшигчээ орон нутгийнхан өөрсдөө дэвшүүлж, сонгоно, тэгээд тэр хүнтэйгээ хатуу гэрээ хийнэ. Энд бидний оролцоо байхгүй. Бүх томилгоо ил тод болчихоор хулгай, луйвар хийдэг хүмүүс дээшээ гарахгүй.
-Газрын хэвлийн баялгийг иргэдэд яаж хуваарилах юм бэ. Компаниудын эзэмшиж байгаа лицензийг хураах юм уу?
-Арван жилийн өмнө хуулийн төслийг нь биччихсэн. Манай тойргийн сонгогчид бол сайн мэдэж байгаа. Монголын баялаг ард түмний өмч. Компаниудтай гэрээ байгуулна. Тэд үйл ажиллагааны ашгаа л хүртэх ёстойгоос биш баялгийн эзэн болоод, гадаадад барьцаалж баахан мөнгө авах, түүнийгээ өөр юм руу оруулж, төрөө аалз шиг шүлсээрээ хэрэх ёсгүй. Одоо бол ийм байдалтай байна. Компаниуд уул уурхайн ажлаа хийгээд ашгаа авч болно. Харин баялгийн эзэн байж болохгүй.
-Өөрсдийгөө том гэж тодорхойлдог хоёр намын рейтинг унасан, сонгогчид шинэ хүчнийг дэмжих хандлагатай байгаа болохоор та бүхэн энэ орон зайг ашиглахыг оролдож буй юм биш үү?
-Хүмүүс яг ингэж бодож байгаа. Энэ орон зайг ашиглах гэсэн хүчнүүд зөндөө байна. Харин бид үүнийг замын нөхдөд ашиглуулахгүй байх сан гэж бодож байна. Монголчууд хоёр л сонголттой явж ирлээ. Гэтэл гурав дахь нь нөгөө хоёроосоо дээрдэх юмгүй, сонголтгүй сонголт бий болбол яах юм бэ. Үүнийг зогсоохгүй бол Монгол сүйрлээ. Эрх мэдлийг ард түмэнд жинхэнэ утгаар нь өгч, иргэд нутаг, нутагтаа өмчөө өөрсдөө мэдээд эхэлбэл энэ улс эзэнтэй болно.
-Та бүхний байгуулж буй шинэ хүчний ард АН-ын хүчийг тарамдуулж, нэр хүндийг нь унагаж байгаад намын удирдлагыг гартаа авах улстөрчдийн төлөвлөгөө байгаа гэсэн яриа бас гарсан байна билээ.
-Бидний ард Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байна гэсэн яриа ч гаргасан. Хорыг хороор гэдэг шиг зориуд ийм яриа гаргаж байгаа юм. Гэхдээ иймэрхүү яриа явцгүй л дээ. АН биднийг хөөсөн. Ингэснээрээ цаашдынхаа хувь заяаг хааш нь эргүүлснээ өөрсдөө мэдэж байгаа байлгүй. Үүнийг бидэнтэй холбох ямар ч боломжгүй шүү дээ.
Ухамсартай, насанд хүрсэн хүмүүс бүх зүйлийг бүрэн тооцсон байж таарна. Шуудхан хэлэхэд баялаг, өмч хөрөнгө, газар, эрх мэдэл гэх зэрэг үзэл бодлын том зөрүүнээс болж салсан. Үүнээс өөрөөр элдвээр хардах хэрэггүй.
-Бизнес, улс төр аль алинд нь амжилттай, идэвхтэй байсан хэдий ч та тэр бүр олон нийтийн өмнө гарч ярьдаггүй, “нууц ноёнтон” маягийн имиж бүрдүүлчихсэн байсан. Харин одоо популист улстөрчдийн нэгд тооцогдох болж байх шиг.
-Популист гэж юуг хэлж байгаагаа тодруул даа.
-Олон нийтэд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьж, дэмжлэгийг нь авахыг хичээдэг нөхөд гэдэг утгаар...
-1990 онд зорьж, арван жилийн өмнө хэлж байсан бүхэн минь өнөөдөр үргэлжилж буй. Арван жилийн өмнөх мөрийн хөтөлбөр маань үзэл баримтлал, итгэл үнэмшил болоод, хүнээр бол төлөвшчихсөн. Шүүгээд үзвэл УИХ-ын танхимд ч, Засгийн газрын хуралдаанд ч хэлж ярьсан минь бий.
Тэгэхэд намайг хэн ч популист гэж байгаагүй. Одоо юу гэх нь ч надад хамаагүй. Эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэхийн төлөө зүтгэнэ. Надад банк, нам, засгийн албан тушаал, элдэв фракц бүлэглэл аль аль нь алга. Өөрөөр хэлбэл, ямар ч хүлээс, дарамтгүй, дайсан маань хүртэл эгц өөдөөс үзэлцээд амар байна. Өмнө нь дайсангүй юм шиг хэрнээ араасаа хутгалуулаад явдаг байлаа.
-Ардчилсан Үндсэн хууль батлалцсан хоёр хүн энэ удаагийн парламентад байгаагийн нэг нь та. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах оролдлогын талаар ямар бодолтой явна вэ?
-Энэ удаагийн өөрчлөлтийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин оруулах гэж буй гол өөрчлөлтүүдээрээ ирэх сонгуультай хамт ард түмний санал асуулга авах хэрэгтэй. Одоо ярьж буй өөрчлөлтийн гол аюул нь сонгуулийн тогтолцоог хувь тэнцүүлсэн болгох гээд байгаа юм. Ингэвэл МАНАН ялна. Цаашид сонгууль гэдэг зүйл үгүй болно.
Сонгогчдын санал хоёр намд хуваагдаж, мөнгө төлсөн хүмүүс дээгүүр бичигдээд л явчихна. Ард түмэн дахиж хэзээ ч төр барихгүй. УИХ-ын гишүүд сонгогчдодоо тайлан тавьж, загнуулахгүй, өөрийгөө томилсон даргад л үйлчилнэ. Үндсэн хуулийн өөрчлөлт нэртэй маш том хуйвалдаан явж байгаа шүү. МАНАН-гийн сүүлчийн гарц нь энэ. Үндсэн хуулийг өөрчилбөл төрийн эргэлт болно.
-УИХ-ын дарга Г.Занданшатар та нарын тэмцлийн үр дүнд томилогдсон биз дээ?
-МАНАН-гийн барьцаатай байж магадгүй шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөд яаж хандахаас л хэн бэ гэдэг нь харагдана