Д.Сарангэрэл: Ж.Амарсанаа таныг эрүүл мэндийн салбараар тоглож, өвчнөөр улстөр хийхээ зогсоохыг шаардаж байна
2019.05.29

Д.Сарангэрэл: Ж.Амарсанаа таныг эрүүл мэндийн салбараар тоглож, өвчнөөр улстөр хийхээ зогсоохыг шаардаж байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сүрьеэгийн өнөөгийн байдал болон үүнтэй холбоотойгоор үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Сүүлийн өдрүүдэд АН-ын эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа эрүүл мэндийн салбар, ЭМ-ийн сайд руу дайрч доромжлон жагсаал цуглаан хийж байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг хийж байна.

ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөл үндэсний хэмжээнд хийсэн сүрьеэгийн тандалт судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байна. Үүний үр дүнд сүрьеэгийн халдварыг эрт илрүүлэн эмчилж байна. Хэрэв энэ үзлэгийн цаг алдалгүй зохион байгуулаагүй бол сурагчдын эрүүл мэндэд ямар эрсдэл үүсэх байсныг төсөөлөхөд ч бэрх.

1990 оноос сэргэсэн халдварт сүрьеэ өвчин дэлхий нийтийн асуудал болсон учир 2017 онд сүрьеэгийн асуудлаар Москва хотод ЭМ-ийн сайд нарын их хурал, 2018 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей түүхэндээ анх удаа сүрьеэгийн асуудлыг тусгайлан авч хэлэлцлээ. ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр жилд 10.4 сая хүн сүрьеэгээр өвдөж, 1.8 сая хүн нас барж байна. Үүний 45 хувь нь Энэтхэг, Орос, Хятад улсад бүртгэгдсэн байна. МУ-ын ЗГ ч энэ асуудалд анхаарал хандуулж, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталж, сүрьеэгийн талаар авах арга хэмжээг онцгойлон тусгасан.

2018 оны аравдугаар сарын нэгнээс эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн орон даяар анх удаа 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд дөрвөн багцаар урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна. Энэ үзлэгт сүрьеэгийн тохиолдол түлхүү бүртгэгдэж байгаа 18-34 насны иргэдийг хамруулж байгаа бол ерөнхий боловсролын сургуулиудын хувьд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг газар дээр нь очиж хийж байна.

Өнөөдрийн байдлаар тандалтад үндэслэн 90 сургуульд хийхээс 25-ийг хамруулж, сүрьеэгийн 47 тохиолдлыг илрүүлж эмчиллээ. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ. Эрт илрүүлэг, эмчилгээ, эмч нарын нөр их хөдөлмөрийн үр дүнд сүрьеэгийн тохиолдол жил ирэх тусам буурч байна. 2013 онд 4111, 2014 онд 4172,2015 онд 4270, 2016 онд 4045, 2017 онд 3779 тохиолдол, 2018 онд 3498 тохиолдол бүртгэгдсэн байна. Цаашид ч бодлогын хүрээнд сүрьеэгийн тохиолдлыг эрчимтэй бууруулах зорилготой бид ажиллаж байна.

Ж.Амарсанаа таныг сүрьеэ өвчний талаар ярьж байгааг огтхон ч буруутгахгүй байгаа бөгөөд хүнд хүчир хөдөлмөрийг багахан цалинтай хийж байгаа эмч ажилтнуудын зүтгэлийг үгүйсгэж цээжээ дэлдэн хашгирч байгааг эрс эсэргүүцэж байна. Таныг эрүүл мэндийн салбараар тоглож, өвчнөөр улстөр хийхээ зогсоохыг шаардаж байна.

Та дэд сайд байхдаа ХӨСҮТ-ийн ажилтнуудтай хийсэн уулзалт дээр “та нар сүрьеэ гээд л яриад байх юм. Элэгний С вирус цаана чинь их байна” гээд асуудал шийдэлгүй хаяад явсан тухай протоколд үлдсэн байна. Сүрьеэгийн асуудлаар дэд сайд байхдаа хуруугаа ч хөдөлгөөгүйг салбарын нөхөд маань тун гомдолтой байдгийг таньд дуулгая. Таны улстөрийн үйл ажиллагааны цаана хувийн ашиг сонирхол нуугдаж байдгийг баримтаар хэлье. Таны хувийн “Хаппи веритас” лаборатори Засгийн газрын Элэг бүтэн Монгол хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байгаа билээ. Ингэхдээ та элэгний вирусын шинжилгээ сөрөг гарсан 1882 хүн, эмчилгээнд огт ороогүй 4442 хүн, нийт 6323 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх хуурамч баримтаар Эрүүл мэндийн даатгалын сангаас 758 сая төгрөг авсан байх магадлалтай байна.

Энэ асуудалаар хууль хяналтын байгууллагад хандсан. Хуулийн байгууллагаас энэ асуудлыг иргэдийн эрүүл мэндийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэйг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт мэдэгдсэн байна. Энэ мэт олон асуудлыг хууль хяналтын байгууллага тогтоосны дараа олон нийтэд мэдээлэх болно.” Гэлээ.