Дархан-Уул аймагт 50 ортой шинэ төрөх эмнэлэг ашиглалтад орлоо
2019.05.16

Дархан-Уул аймагт 50 ортой шинэ төрөх эмнэлэг ашиглалтад орлоо

Дархан-Уул аймагт маань 50 ортой, орчин үеийн стандарт шаардлага хангасан Төрөх эмнэлэг шинээр байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, аймгийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Амаржих тасгийг орчин үеийн стандартын шаардлага хангасан, зориулалтын байртай болгосноор эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчилгээ оношилгооны шинэ технологийг нэвтрүүлэх, эмч, эх баригч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, эхчүүд үйлчлүүлэгчид ая тухтай орчинд үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Нэгдсэн эмнэлгийн амаржих тасаг нь анх 1972 онд байгуулагдаж байсан ба жилд дунджаар 2400 гаруй эхчүүд амарждаг, ачаалал ихтэй байсан учраас ийнхүү шинээр ашиглалтад орж буй төрөх эмнэлэг Дархан-Уул аймаг, Сэлэнгэ, Төв аймгийн эхчүүдэд үйлчлэх боломжтой болж байна.

Төрөх эмнэлгийн барилга угсралтын ажил 2018 оны наймдугаар сарын 4-нд барилгын ажлыг эхлүүлж байсан бөгөөд улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жи Жи Ай” ХХК барьж гүйцэтгэжээ.