Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Төслийг батлах үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлж, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээс асуулт асуулаа.
Д.ОЮУНХОРОЛ
Тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар олон нээлттэй хэлэлцүүлэг хийж, хүүхдийн эрхийг зөрчиж байгаа, хүчирхийлэл үйлдэж байгаа тухай олон сэтгэл цочирдом асуудлаар бид тодорхой ярилцсан. Хаанаа, ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ? хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны гэм, хорыг үнэлэх аргачлалуудыг тооцож, боловсруулах, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг холбогдох яамдууд, хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ярилцсан. Энэ асуудлуудыг бүхэлд нь Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд, хүүхдийн эрх, хамгааллын талаар тусгай бүлэг болгож энд оруулж ирж байгаад талархаж байна. Үүнтэй холбоотойгоор яаралтай бид баталж, гаргах ёстой хэд хэдэн хуулиуд байгаа. Нэгдүгээрт, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиуд байгаа. Хуулиудад өөрчлөлт оруулж, яаралтай УИХ-д өргөн мэдүүлэх ёстой байгаа. Энэ чиглэлээр холбогдох яамдууд идэвхтэй, яаралтай ажиллах ёстой. Үүнийг Байнгын хороо шахаж, шаардаж ажиллах ёстой. Яагаад гэвэл хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувь нь гэр бүлийн хүрээнд байгаа.