Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдлаа
УИХ-ын 2019 оны хаврын чуулганаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдлаа. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Дамба-Очир нарын зургаан гишүүн өнгөрсөн оны 10 дугаар сард өргөн барьсан юм.
Улсын Их Хурлаас 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталснаас хойш өнөөг хүртэл хугацаанд нийт 120 МВт-ын нар, салхины цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбоод байна.
Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч компани санхүүгийн чадавхтай байх ёстой зэрэг заалтуудыг тусгасан. Мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг хэрэглэх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан үнэ, тариф, урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзсэн юм.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдснаар:
- Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэх боломжийг бий болгоно. Төрөөс хаана, ямар чадлын нар салхины эх үүсвэр барих, ямар хэмжээний цахилгаан эрчим хүчийг худалдаж авах шаардлагатай байгаа талаар төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
- Өрсөлдөөн бий болсноор төсөл хэрэгжүүлэгчид зардлыг бууруулах талаар анхаарч тухайн технологийн зах зээлийн бодит ханш бий болох бөгөөд энэ нь төслийн үнэ, тарифыг бууруулна;
- Нар салхины эрчим үнэ, тарифт өөрчлөлт орсноор хэрэглэгчийн эрчим хүчний үнэнд шингээсэн дэмжих тарифыг нэмэгдүүлэхгүй байх зэрэг боломжтой болж байна.
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь дэмжлээ.