Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг СЭРГЭЭХ БОЛОМЖ бүрдлээ
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг “Ботаникийн цэцэрлэгийг тохижуулах, байгалийн ургамлын генобанк хадгалах барилга барих” санал гаргаж, байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд дэмжигдэн батлууллаа.
Ингэснээр Баянзүрх дүүрэгт байршилтай Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил зогсонги байдлаас гарч сэргэх боломж бүрдэж байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Үндсэн чиглэлд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг сэргээх гэсэн заалт бий. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжээд чуулганы хуралдаанд оруулж ирсэн. Энэ цэцэрлэгийн өнгө төрх хэцүү байдалтай байгаа.
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд манай улс 1970 оноос хөрөнгө оруулалт хийж, 350 гаруй ховор ургамал тариалж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн цэцэрлэг болгосон. Одоо 20 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа гэж байгаа ч газар дээрээ 7-8 хүн ямар ч багаж, тоног төхөөрөмжгүй ажиллаж, цэцэрлэг рүү орох гарц ч үгүй байна.
Иймд төр зайлшгүй анхааралдаа авах шаардлагатай болсон. Бүтэц төдийгүй шинэчлэл хийж, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлбэл Баянзүрх дүүргийн иргэдийн очдог нэг цэцэрлэг бий болох юм. 2020 онд илүү их анхаарал хандуулж ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн юм. Тус хүрээлэн дэх 50 гаруй овгийн 141 төрөл бүхий 300 гаруй ховор ургамлыг хамгаалж, эрдэм шинжилгээ, сургалт, танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулах шаардлага байгааг тодотгосон. Түүнчлэн иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж бүхий соёл амралтын хүрээлэн болох юм.
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн анх 32 га талбайд эрдэм шинжилгээ, сургалт, танин мэдэхүй, соёл амралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Харин одоо 20 гаруй га газартай, үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж, орох, гарах гарцгүй болсныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулж, газар дээр нь ажилласан.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг цаашид Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр анхааралдаа авах шаардлагатай байгааг удаа дараа баримт жишээнд тулгуурлан тайлбарласнаар ийнхүү санал дэмжигдсэн юм.
Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжийн хоцрогдол, бүтцийн болон төсвийн хангалтгүй байдал зэрэг олон асуудал тулгамдаж байгааг хэлж байгаа юм. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг дахин сэргээж, нийслэл хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, соёл, амралтын ногоон бүс болгох, нийслэлдээ дахин цэцэрлэгт хүрээлэн бий болгоход БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг анхаарал тавьж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй хамтарч ажиллахаа илэрхийлсэн.
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд харьяатай, эрдэм шинжилгээ, сургалт, гэгээрэл, танин мэдэхүй, соёл амралтын үйлчилгээ явуулах үүрэгтэй. Харин олон улсад ботаникийн цэцэрлэг нь үндэсний ургамал, байгаль хамгааллын онцгой обьектод тооцогддог юм байна. Мөн дэлхийн аль ч улсад ботаникийн цэцэрлэг улсынхаа тусгай хамгаалалтад байдаг.
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нийт 39 га газартай байсан ч 2013 онд 17 га-г нь ногоон байгууламжийн хамт бусдын эзэмшилд алджээ. Тус цэцэрлэгт монгол орны байгалийн ургамлыг хамгаалах хуулийн хавсралтад багтдаг 70 зүйлийн ургамал, 20-оод төрлийн мод, сөөг ургаж байгаа аж.
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН АЖЛЫН АЛБА