С.Чинзориг: Хог түүдэг хүүхдүүдийг сургуульд хамруулж, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангахад анхаарна
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд явуулын оффист ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өглөө.
Энэ өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг явууллын оффисынхонтой хамтран ажиллаж, “Харилцааны хөгжил төв ТББ”-ын үйл ажиллагаатай танилцан, Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм.
“Харилцааны хөгжил төв” ТББ нь 2013 онд байгууллагдсан бөгөөд “Улаанчулуут”-ын хогийн цэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэдийн сургууль завсардсан хүүхэд, залууст дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг аж. Анх 2014 онд сургалтын төв байгуулагдахдаа хогийн цэг дээр ажиллаж байсан 10 гаруй хүүхдийг сургалтад хамруулж тэднийг нийгэмшүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байжээ. Одоо тус төвд 50 гаруй хүүхэд гурван ангиар хичээллэж, сургалтын хөтөлбөрт хамрагджээ.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
-Нэг удаагийн арга хэмжээний хүрээнд иргэдийг бичиг баримтжуулахаас өөр аргагүй. Хот, дүүргийн удирдлагуудтай ярьж байгаа бичиг баримттай болгох асуудлыг шийднэ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Иргэд яагаад хот дээр амьдраад байна гэдэг учир шалтгааныг тодруулах шаардлагатай. Хогийн цэг дээр ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн хамгаалалд анхаарах хэрэгтэй. Тэр дундаа хүүхдийг сурах бололцоогоор хангах шаардлагатай. Тэдний сурах боловсрох эрхийг хангах хэрэгтэй.
Олон жил яригдаж байгаа хогны үйлдвэртэй болох, хогийг ангилах асуудлыг шийдэх хэрэгтэй. Олон жил энд амьдарсан иргэдийг нэг өдөр ажилтай, орлоготой болгоод эндээс шууд гаргах хэцүү. Олон жилийн турш амьдралынх нь хэв маяг, зуршил болсон. Тиймээс сэтгэлзүйчтэй ажиллуулах, сэтгэлгээг нь өөрчлөх урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Улаанбаатар хотын захиргаа, Засгийн газарт асуудал оруулж, хүүхдүүдийг боловсролтой болгож, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах хэрэгтэй” гэлээ.