Ц.Гарамжав: Торгуулийн мөнгийг төр авахгүй, буцаагаад иргэддээ зарцуулах хэрэгтэй
Үндэсний шуудан сонин, Б.Цэнд-Аюуш
УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.
-УИХ өнгөрсөн долоо хоногт Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Энэ бол цаг үеийн шаардлагаар гарч байгаа хэрэгтэй хууль гэж болно. Хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан нарын 11 гишүүн санаачилсан. Миний бие ажлын хэсгийг ахалж гурван cap орчим ажилласан. Анх 1997 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг баталсан байдаг.
Үүнээс хойш цаг үеэ дагаж гэмт хэргийн нөхцөл, байдал их өөрчлөгдсөн. Өмнө нь байгаагүй гэмт хэргүүд ч нэмэгдэж байна. Иргэд хууль тогтоомжийн эрх зүйн орчныг мэдэхгүйгээс болж зөрчил, гэмт хэрэгт өртөх тохиолдол их бий. Мөн хууль зүйн бодлогын уялдаа холбоо байхгүйгээс нийгэмд гэмт хэрэг, зөрчил ихсэх хандлагатай болжээ. Үүнээс үүдэн энэ хуулийг батлан гаргалаа. Хуулийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг таван чиглэлээр хийхээр тусгасан.
-Тухайлбал?
-Хамгийн гол нь соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллана. Соён гэгээрүүлэх чиглэлээр мартагдсан ажлуудыг сэргээсэн гэж болно. Иргэдэд гэмт хэрэг, зөрчлийн талаарх хууль зүйн мэдлэгийг багаас нь энгийнээр олгох, амьдрал, ард түмний дадал зуршлаас эхлээд мэдүүлэх ажлыг ахмад үед, туршлагатай боловсон хүчний дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм. Бүх салбарын хүмүүс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох боломжтой.
Тэтгэвэрт гарсан багш, цэцэрлэгийн хүүхдүүдэд монгол хүний уламжлалт хүндлэх, хүндлүүлэх ёсыг заая гэхэд нээлттэй. Хүнтэй зөв харьцахаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил эхэлнэ. Хүүхдийн сэтгэл зүйн орчинд нийцсэн сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэх юм.Жишээлэхэд, Монгол Улсад зөрчлийг хянан шийдвэрлэдэг хилийн, гаалийн, татварын, банк санхүүгийн, хүүхдийн хүчирхийллийн гээд 33 төрийн байгууллага байна.
Энэ бүх байгууллага байсаар байхад яагаад гэмт хэрэг, зөрчил ихсээд байна гэхээр хэрэгт холбогдох, холбогдохгүйн учир шалтгаанаа мэдэхгүй хүмүүс олон байгаатай холбоотой. Тиймээс нийгэмтэй харилцаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хийх мэргэжилтнийг сургана. Цагдаагийн байгууллага гэхэд хүүхдийн, архины, хар тамхины гээд олон байцаагчтай. Хүн худалдаалахын эсрэг тэмцэж байгаа байцаагч олон улсын түвшинд ажиллах чадваргүй байж болно.
Тэгвэл тэр хүнээ олон улсын түвшинд ажиллахад чиглэсэн сургалт явуулъя. Ингэж хэрэг зөрчлийн чиглэл бүр дээр уйгагүй сургалт явуулах юм. Яагаад гэвэл амьдрал байгаа болохоор гэмт хэрэг, зөрчил байсаар байна. Энэ бүхэнтэй урьдчилан сэргийлэх замаар нийгмээрээ идэвхтэй оролцсоноор тэмцэж чадна гэж үзэж байгаа.
-Гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх ажлыг хэн зохион байгуулж, хариуцах вэ?
-Хамгийн дээд байгууллага нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөл байна. Зохицуулах зөвлөл нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр ахлуулсан байх юм. Одоогоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахална гэсэн үг. Зохицуулах зөвлөлийн доор аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдөөс бүрдсэн салбар зөвлөлүүд ажиллана.
Шаардлагатай бол тусгайлсан гэмт хэрэгт дэд зөвлөл байгуулж бол-но. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт биеэ үнэлэлт, архидалт их байдаг. Энэ мэт онцгой хэргүүдэд дэд зөвлөл байгуулна гэсэн үг. Төв аймгийн нэг суманд мал хулгайлах гэмт хэрэг их байлаа гэж бодоход үүний эсрэг дэд зөвлөл байгуулна.
-Урьдчилан сэргийлэхэд төсөв хөрөнгө шаардлагатай. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Мэдээж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төсөв санхүү хэрэгтэй. Манайд Зөрчлийн хуулиар их хэмжээний торгууль ногдуулж, төрийн санд төвлөрүүлдэг. 1997 оны хуулиар торгуулийн 40 хүртэлх хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зарцуулахаар заасан байсан. Гэтэл бодит байдалд энэ нь 40 хувьдаа хүрдэггүй. Хүүхэд хамгааллын тухай хуульд энэ чиглэлээр нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгчөөс бүрдсэн хамтын баг байхаар заасан.
Өөрөөр хэлбэл, хүүхдийг бүх талаас нь хамгаалах зохицуулалт тусгасан. Гэтэл яг бодит байдалд хуулийг хэрэгжүүлэх гэхээр олон нийтийн ажилтан, хэсгийн байцаагч нарт шатахууны мөнгө байдаггүйг телевизийн нэвтрүүлгээр ярьж байна. Үнэндээ бид том эдийн засаг яриад л байдаг.
Гэтэл амьдрал жижиг зүйлээс эхэлдэг шүү дээ. Үндсэндээ хуушуур, бууз хийдэг хүмүүсээс л бизнес эхэлдэгтэй адил. Тэгэхээр наад зах нь хамтарсан багийг шатахууных нь мөнгөөр хангаж байж хүүхэд хамгаалах ажил хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд улсын хэмжээнд төвлөрч байгаа нийт сангийн 40-өөс доошгүй хувийг төвлөрүүлэхээр заасан. 40 хувь, 60 хувь байж болно.
Миний бодлоор 100 хувь зарцуулаасай гэж хүсэж байна. Нэгэнт ард иргэдийн халааснаас гарсан торгуулийн мөнгийг төр авах хэрэггүй. Буцаагаад ард түмэндээ зарцуулах хэрэгтэй гэж боддог. Гэвч хуульд 40-өөс доошгүй хувийг гэж зааж өгсөн. Хэрэв энэ онд 100 тэрбум төгрөгийн торгууль цугларлаа гэж бодоход үүний 40 тэрбум төгрөг нь урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагдахаар болж байна.
-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд иргэд, холбоод гар бие оролцох боломжтой гэсэн үг үү?
-Тийм. Энэ хуульд миний баярлаад байгаа зүйл нь соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд зохицуулах зөвлөлүүдээс гадна иргэд, иргэдийн холбоод, хуулийн этгээд, хуулийн холбоод оролцох боломжтой. Ийм боломж өмнө нь байгаагүй.
Мөн иргэдийг урамшуулна. Идэвх зүтгэлтэй ажилласан иргэдийг салбар зөвлөлөөс төрийн дээд одон медальд тодорхойлох юм. Иргэд гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх ажилд оролцох нь тийм чухал болохыг энэ хууль баталгаажуулсан. Тэтгэвэртээ гарсан багш гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн холбоо байгуулаад тухайн хороогоо гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэхэд чиглэсэн ажил хийгээд санхүүжилт авдаг, үр дүнгээ тайлагнадаг байвал урамшуулна.
Хэрэв гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил гүйцэтгэж яваад гэмтэл бэртэл авах юм бол төр бүх зардлыг нь хариуцах заалт орсон. Тэгэхээр иргэдийг гэмт хэрэг зөрчлийн эсрэг тэмцэлд оролцооч, та бүхнийхээ эрсдэлийг төр хариуцъя гэж байгаа юм. Нийт иргэдэд гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх мэдээлэл өгөхийг уриалж байгаа. Мэдээллийнх нь дагуу илрүүлсэн тухай хэргийн торгуулийн хэмжээнээс хамаараад урамшуулна.
Энэ хуулиар мэдээллийг анх удаа төлбөртэй болгосон. Өөрөөр хэлбэл, Гарамжав хөршийнхөө гэрт архидан согтуурсан үйлдлийг мэдээллээ гэхэд зөрчил гаргасан этгээдийг хуулийн байгууллага торгож шийтгэсэн бол эсвэл зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн барилга баригдаж байгаа мэдээллийг өглөө гэхэд тухайн иргэнийг урамшуулна.
-Гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлсэн ажлыг сайн, муу хийж байгааг хэрхэн хянах вэ?
-Дээр нь иргэд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй болж байгаа. Иргэдийн хурлын төлөөлөгчид нь салбар зөвлөлийн гишүүд байна. Төрийн байгууллагын ажил гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлж байгаа тухай мэдээллийг иргэд авах боломжтой. Тухайн Засаг дарга гэмт хэрэг зөрчилтэй тэмцэж чадахгүй байна гэдэг мэдээлэл салбар зөвлөл, зохицуулах зөвлөл, цаашлаад УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд очно.
Яагаад гэвэл гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа зөвлөлүүдийн ажлын тайланг УИХ хоёр жилд нэг удаа, ҮАБЗ жилд нэг удаа авч хэлэлцэхээр заасан. Гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн урьдчилан сэр-гийлж байна. Юунд анхаарах учиртайг УИХ, ҮАБЗ дээр анхаарал хандуулж ажиллах юм. Ийм ач холбогдолтой өргөн хүрээтэй, иргэд, нийгэмдээ чиглэсэн хууль эрх зүйн орчинг өргөнөөр нээж өгсөн хууль гараад байна.
Үндсэн зарчим нь гэмт хэрэг зөрчлийг гарахаас нь өмнө тухайн иргэнд багаас нь зааж, зөвлөж, зөв дадлыг суулгах юм. Японд гэхэд замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг суулгахын тулд цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нь дагуулаад замын гэрэл дээр зогсоогоод дахин дахин зам хөндлөн гаргадаг. Ингэснээр тухайн иргэн шөнийн 00:00 цагт зөвшөөрөгдсөн гэрэл хүлээгээд зогсох юм.
Өнөөдөр манайхаас бусад орны иргэд гэрлэн дохио хүлээгээд зогсож байгаа шүү. Хүн болох багаасаа гэдэг. Багаасаа зөв хүмүүжлийг дадал болгочихсон. Ийм дадал зуршилтай болоосой гэж байгаа юм. Наад зах нь хүүхдүүдээ эцэг эх нь сургуулиас заавал авдаг байх. Гэмт хэрэг, зөрчилд өртүүлэхгүйн тулд харгалзах хүнтэй байлгах зэрэг өргөн боломжтой хууль гарсан. Зөрчлийн хууль, эрүүгийн хуулиуд бол том асуудал. Харин энэ бол гэмт хэрэг, зөрчлийг хийлгэхгүй байх. Урьдчилан сэргийлэх хууль юм.
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой чухал заалтууд орсон гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?
-Хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал гэдэг. Энэ үүднээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны гол хамтрагчийн нэг нь хэвлэл мэдээлэл байх юм. Мэ-дээж хүн бүрийг нэг хүн дагаж, лекц уншаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэхгүй. Ялангуяа, бие даасан, насанд хүрсэн хүн хэвлэл мэдээллийг ашиглан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Тэгэхээр энэ чиглэлийн үйл ажил-лагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэвлэлийнхэн хамтарч ажиллах юм. Сайн ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагыг урамшуулж, дэмжихээр хуульд заасан. Ерөнхийдөө хэвлэл мэдээлэлтэй холбоотой нэг бүлэг зохицуулалт бий. Ингэхдээ мэдээллийн хэрэгслээр гэмт хэргийг хэт дэлгэрэнгүй, нарийн мэдээлэхийг хориглож байгаа.
Өөрөөр хэлбэл, янз бүрийн хэргийг үйлдэл бүрээр нарийн мэдээлснээр хүмүүст сэдэл өгнө гэж үздэг. Мөн шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж мэдээлэхийг хориглож байгаа.
Сүүлийн үед мэдээлэх эрхээ хамгаална гэхээс илүүтэй гүтгэх доромжлох асуудал их гарч байна. Олонх хэвлэл биш л дээ. Гэхдээ дунд нь тийм урсгал байна.
-Хуулийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ?
-2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ.
-Танаас цаг үеийн асуудлаар байр суурь авъя. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр бэлтгэж байна. Та энэ удаагийн өөрчлөлтийг хэр сайн болсон гэж үзэж байгаа вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өнгөрсөн долоо хоногийн чуулганы үеэр өргөн барилаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бол бий. Энэхүү төслийг улс төрийн намууд бүгд дэмжихээ илэрхийлсэн. 19 жилийн өмнө Үндсэн хуульд долоон өөрчлөлт оруулсан байдаг. Тухайлбал, тухайн үеийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн давхар дээлтэй байх зохицуулалт тусгасан.
Үүнээс болж хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалынхаа ажлыг хийж байна. Энэ бол том зөрчил. Үүнийг тодорхой хэмжээгээр арилгах зохицуулалт орж байгаа нь зүйтэй. Үүнээс гадна нэг сайн зохицуулалт нь сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгох юм. Энэ нь ард түмний сонгогдох, сонгох эрхээ эдлэх боломжийг олгож буй хэлбэр. Өмнө нь олон ах дүүтэй нь, тухайн газарт ялсан намын гишүүн нь сонгогддог байлаа.
Тиймээс иргэд нь сум, дүүргийн Засаг даргаа сонгох зохицуулалтыг Үндсэн хуульдаа оруулж байгаа нь зөв. Ер нь, Үндсэн хуульд гар хүрэх хэцүү л дээ. Харин нэгэнт өөрчлөлт оруулахаар зүтгэсэн бол нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хангасан зохицуулалт хийх хэрэгтэй. Түүнээс биш аль нэг нам, хэн нэгний эрх ашгийг хангасан өөрчлөлтийг хийж болохгүй. Үүнийг ч УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрөхгүй. Улмаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө ард нийтээрээ хэлэлцүүлэх нь зөв гэж үзэж байгаа.
-Энэ удаагийн өөрчлөлтөөр институц хоорондын эрх мэдлийн зөрчил арилах болов уу. Уг нь эрх мэдлийн зөрчлийг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлана гэж анх Үндсэн хуулийн өөрчлөх тухай ярьж байсан. Гэтэл хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн дахин сонгогдох эрхийг нь хязгаарлаж, бүрэн эрхийн хугацааг нь нэмсэн зохицуулалт байна шүү дээ?
-Ер нь манай улс сонгодог парламентын тогтолцоотой байх нь зөв. Бусад улс орон ч сонгодог парламентын тогтолцоог сонгож байна. Ингэснээр давуу эрх нь парламентад үлдэнэ гэсэн үг. Харин Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд бусад институцтэй эрх мэдлийн зөрчил үүсгэхгүй гэдэг үүднээс бүрэн эрхийн хугацааг нь зургаан жил болгож, дахин сонгогдох эрхийг хасаж байна гэж үзэж байгаа.
-Хуулийн төслийг маргааш, нөгөөдрөөс хэлэлцэж эхлэх юм байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлбэл, өөр хуулийн төсөл давхар хэлэлцэхгүй байх хуулийн зохицуулалтай. Хэлэлцэх шаардлагатай ямар хуулийн төслүүд үлдэхээр байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд давхар өөр хуулийн төсөл хэлэлцэх боломжгүй. Миний ажиллаж байгаа хуулийн төслүүдээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг нэмэх хуу-лийн төслийн хэлэлцүүлэг хойшлогдохоор болж байна.
Гэхдээ хуулийн төслийг баталбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх учраас айхтар хүндрэл үүсэхгүй байх. Үүнээс гадна би Баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчдээ дэмжсэн хууль гаргахыг зорьж байгаа.
Манай улсад үйлдвэрлэгчдээ дэмжих ажил мартагдсан байна. Хууль гаргаж, үйлдвэрлэл, аж үйлдвэрийн бодлогыг сайжруулан баялаг бүтээгчдэд тулгарч буй хүнд бэрхшээлийг бага ч болов хөнгөлөхийг зорьж байна даа. УИХ-ын дарга хуулийн төсөл боловсруулахыг зөвшөөрсөн. Одоо ажлын хэсэг байгуулагдаад хуулийн төслөө боловсруулж байна. Харин саяхан Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих сайн хуулийн төсөл батлагдлаа.
Ингэснээр жижиг, дунд үйлдвэрийнхний бодлого тодорхой болж байна. Өмнө нь жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого нь тодорхойгүй, сангийн хөрөнгө нь эздэдээ хүрээгүй. ЖДҮХС-гаас нэг төсөлд 5-9 удаа зээл өгсөн асуудал ч байсан.
-Улс нэг тойргоор сонгууль явуулах хуулийн төслийг боловсруулсан байна лээ. Нэг тойргоор сонгууль явуулах нь манай улсад хэр тохиромжтой хувилбар вэ?
-Улс нэг тойрог гэдэг бол зөвхөн нэг вариант нь. Сонгуулийг 76 жижиг тойрог, бүсчилсэн тойргоор явуулах зэрэг сонголт бий. Үүнийг УИХ-ын гишүүд хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэнэ.
-Таныхаар аль тойргийн хуваарилалт нь тохиромжтой гэж үзэж байгаа вэ?
-Миний бодлоор нэг тойргоор сонгууль явуулах нь тохиромжгүй санагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг тойрогтой болбол юу ч хийдэггүй хэр нь популизм хийж олонд танигдсан хүн сонгогдохоор байна. Мөн 76 жижиг тойрог болбол төсвийн хуваарилалт нь олон тойрогт зарцуулагдаж, дорвитой том ажилд хүрэлцэхгүй байгаа юм. Тэгэхээр жижиг тойрог хэрэггүй байх. Харин бүсчилсэн тойрогт хуваарилах нь зөв гэж харж байгаа. Гэхдээ зөвхөн миний саналыг харгалзахгүй.
-Хуулийн төслийг боловсруулж, намын бүлгээр дэмжсэн учраас тойргийн хуваарилалтыг өөрчлөх нь амаргүй л байх даа?
-Тойргийн хуваарилалтыг ярилцана.