Байнгын хорооны дарга Х.Нямбаатар ОХУ-ын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар өнөөдөр (2019.06.25) ОХУ-ын Хуульчдын холбооны ерөнхийлөгч В.В.Блажеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Оросын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, Москвагийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн ректор В.В. Блажееваар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 23-26-ны өдрүүдэд айлчилж байгаа юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд Оросын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Олон Улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О. Будяков, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор В.Г. Петров, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч асан, Дэлхийн прокуроруудын холбооны гишүүн А.Г. Звягинцев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В. Новак, ОХУ-ын Оюуны өмчийн газрын даргын орлогч Л.Л. Кирий, Дээд шүүхийн Эдийн засгийн хэргийн танхимын шүүгч Е.Е. Борисова, Улсын бүртгэлийн даргын зөвлөх К.А. Литвинцев, Өмгөөлөгчдийн холбооны танхимын дэд Ерөнхийлөгч Г.К. Шаров, Өмгөөлөгчдийн холбооны зөвлөлийн нэгдүгээр дэд Ерөнхийлөгч В.В. Федоров, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн А.Ю. Петров, Хуульчдын холбооны Олон Улсын үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч Д.И. Рожков нар багтаж байна. Мөн ОХУ-ын орлогч прокурорын дагалдан Цэргийн Ерөнхий прокурорын төлөөлөгчид болох Цэргийн прокурорын газрын Хоёрдугаар газрын дарга, хошууч генерал С.Н. Скребец, Гуравдугаар газрын дарга, хошууч генерал С.А. Зараев, Дөрөвдүгээр газрын дарга, хошууч генерал И.А. Шаболтанов, Төв аппаратын хэрэг эрхлэх газрын дарга, хурандаа И.В. Шарапова, Цэргийн Ерөнхий Прокурорын туслах, хошууч А.С. Суворов нар хүрэлцэн ирээд байна.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Х.Нямбаатар ОХУ-ын шилдэг хуульчид манай улсад айлчилж, хоёр улсын хуулийн байгууллагууд, хуульчид хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцож байгаад талархал илэрхийллээ.
Тэрбээр, “Парламентаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх байгаа цаг үед та бүхний айлчлал тохиож байна. Улсын хэмжээнд ард түмнээрээ хэлэлцүүлж, тодорхой саналуудыг авч байна. 1990 оноос өмнө манай хоёр улс ижил тогтолцоотой, бодлоготой явж ирсэн. Түүнээс хойш салбарын бодлогууд алдагдаж ирсний нэг жишээ нь хуульчдыг бэлтгэх боловсролын тогтолцооны гажуудал юм. Тиймээс хууль зүйн салбарын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, хуульчдыг давтан сургах болон хууль эрх зүйн шинэчлэлийг хийхэд та бүхнээс суралцах зүйл их байна. Бид хууль эрх зүйн салбарын шинэчлэлийг бага багаар хийж байна. Тухайлбал, Мөрдөн байцаах байгууллагын тогтолцоог шинэчлэхээр судалгааны ажил эхэлсэн. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж аливаа хуулийг хэлэлцэхдээ Хуульчдын холбооноос эрх зүйн дүгнэлт гаргуулсны дараа баталдаг болох зохицуулалтыг холбогдох хуульд оруулахаар төлөвлөж байна. Мөн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон Иргэний хуулиудыг нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан засаж сайжруулах зүйл байна” гэв.
ОХУ-ын Хуульчдын холбооны ерөнхийлөгч В.В.Блажеев найрсаг дотноор хүлээн авч уулзан, хууль зүйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаад Байнгын хорооны дарга Х.Нямбаатарт талархал илэрхийлээд байгууллагынхаа талаар товч танилцуулсан юм.
Тус холбоо нь 2005 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 35 мянга гаруй гишүүнтэй. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг энэ холбоо нь хуульч эрдэмтэн судлаачид, төрийн болон олон нийтийн байгууллагын албан хаагчдын санаачилгаар нийтийн эрх ашгийг хамгаалах, нэгдмэл зорилготойгоор байгуулагдсан бөгөөд парламенттайгаа дүн шинжилгээний чиглэлээр түлхүү хамтран ажиллаж иржээ.
ОХУ-ын Хуульчдын холбооны ерөнхийлөгч В.В.Блажеев үргэлжлүүлэн тус улсад хийгдэж буй хууль эрх зүйн салбарын шинэчлэлийн талаар танилцуулаад чанартай хуульчдыг бэлтгэх асуудал ч адилхан тулгамдаж байгааг тэмдэглэв. Тухайлбал, 1990 оноос өмнө тус улсад хуульч бэлтгэх 53 их дээд сургууль байсан. Саяхныг хүртэл энэ тоо 1200 болтлоо өсчээ. Боловсролын байгууллагуудтайгаа хамтран ажилласны дүнд сүүлийн хоёр жилд 500 хүртэл бууруулсан байна.
Өчигдөр (2019.06.24) Монголын Хуульчдын холбоо, Оросын Хуульчдын холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулжээ. Байнгын хорооны дарга Х.Нямбаатар энэхүү санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа хэлсэн юм