“Эрдэнэс-Тавантолгой”-н охин компаниуд Б.Ганхуягийн удирдлага дор ажиллана.
2019.06.28

“Эрдэнэс-Тавантолгой”-н охин компаниуд Б.Ганхуягийн удирдлага дор ажиллана.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийн IPO-г олон улсад гаргахтай холбоотойгоор Тавантолгой ордын баруун, зүүн Цанхийн аль нэг нь охин компани хэлбэрт орж, хөрөнгийн биржид гаргах байр суурьтай байгаагаа Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Ингэснээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсад IPO гаргах охин компанитай болж, үйл ажиллагаа нь улам өргөжин, иргэн бүрийн халаасан дахь 1072 ширхэг хувьцаа амилж, байгалийн баялгаасаа ашиг хүртэх боломж гарц нь нээгдэх нь. Энд нэг зүйлийг онцлоход уг охин компани салан тусгаарлахгүйгээр толгой компанийнхаа шууд удирдлага буюу Б.Ганхуяг захирлын удирдлага дор мэргэжлийн чадварлаг багтайгаар ажиллахыг салбарын сайд нь тодотгосон юм.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх тогтсон стандартын дагуу ажиллаж байгаа бөгөөд IPO хийх бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явж байгааг хэлсэн юм. Юутай ч тус компанийн удирдлагууд солигдох нь, IPO гаргах нь саатлаа гэсэн мэдээлэлд салбарын сайд нь албан ёсны байр сууриа илэрхийлж, ам дамжсан ярианд цэг хатгав.

Олон улсад IPO хийж, хөрөнгө босгох энэ компанийн дор удахгүй олон охин компани төрж, толгой компанийн удирдлага Б.Ганхуяг нэгдсэн удирдлагаар ханган ажиллах юм байна.

Тодруулбал, төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц байгуулах, конвейрийн систем нэвтрүүлэх гэх мэт төслийг даган “Эрдэнэс-Тавантолгой” компанийн охин компаниуд албан ёсоор байгуулагдах аж.

Үр дүнд нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа өргөжин улсын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэн, хувьцааны үнэ цэнэ өсөн, шууд болон шууд бусаар ажлын байр нэмэгдэж, улсад төвлөрүүлэх татвар хураамж улам бүр нэмэгдэх сайхан ирээдүй харагдаж байна.