Б.Энх-Амгалан: Автозамын сангийн хөрөнгийг нэмэх шаардлагатай
2019.08.08

Б.Энх-Амгалан: Автозамын сангийн хөрөнгийг нэмэх шаардлагатай

Засгийн газрын ээлжит хуралдаанд ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Автозамын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам”-ыг танилцууллаа.

Журмын зорилго нь автозамын бэлэн байдлыг хангах, аюул осолгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, гэнэтийн үерийн улмаас гарсан эвдрэлтэй замыг цаг алдалгүй засаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэж байна. Мөн автозамын засвар, шинэчлэлтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаатай болгох, Автозамын санд төвлөрүүлэх хөрөнгийг захиран зарцуулж хянахтай холбоотой харилцааг зохицуулах аж.

Автозамын санд одоо төвлөрч буй нийт мөнгөний хэмжээ автозамыг засаж, сэлбэхэд хангалттай хүрэлцэхгүй байгааг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэллээ. Тэрээр, “Олон улсын болон улсын чанартай автозам ашигласны төлбөрийг 19 цэгээр хурааж байгаа. Өнгөрсөн онд 7.6 тэрбум төгрөгийн хураамж авсан байна. Гэтэл автозам засахад жилд 95.8 тэрбум төгрөг шаардлагатай” гэв.

Зам засварт зориулж жил бүр улсын төсөвт 20-30 тэрбум төгрөг төсөвлөж ирсэн. Тодруулбал шаардлагатай зам засварын ажлын 31.6 хувийг хийх мөнгө төсөвлөдөг бөгөөд үлдэх 68.4 хувийг олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөр шийдвэрлэж иржээ. Тиймээс Автозамын санд төвлөрүүлэх хөрөнгийг нэмэх шаардлага байгааг онцолсон юм.

Мөн тэрээр одоо шинэчилж эхэлж буй Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын талаар танилцууллаа. Дарханы замын суурийн доод үе нь гэхэд 30 см. Цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 20 см, бэхжүүлсэн буталсан чулуу нь 20 см, хатуу хучилт 10 см буюу нийт 80 см зузаан болох бөгөөд энэ оны 11 дүгээр сард дуусгах гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.