"Зүрх хамгаалах төсөл"-ийнхөн Өвөрхангайд 200 гаруй хүүхэд үзэж, оношилжээ
Япон Улсын "Зүрх хамгаалах төсөл" ТББ-ын эмч нар Өвөрхангай аймагт ажиллаж зүрхний төрөлхийн гажиг, цоорхой өвчтэй хүүхдүүдэд үзлэг оношлогоо хийжээ.
Энэ байгууллагынхан 2001 оноос хойш Монголд ирж хүүхдүүдийг үзэж оношлохоос гадна хүүхдүүдийг хяналтанд авч эмчлэх, шаардлагатай тохиолдолд хагалгаа хийж олон хүүхдийг аюулт өвчнөөс салгасан ачтай улс юм. Тэд өнгөрсөн 18 жилийн хугацаанд манай улсын бүх аймгаар очсон. Өвөрхангайд 11 жилийн өмнө очиж байсан бөгөөд энэ жилийнхээ үзлэгийг Өвөрхангайд хийж өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг тус байгууллагынханд тавьсанд хүлээн авч энэ сарын 9-10-нд Арвайхээрт Бүсийн оношлогоо эмчилгээний төвд сумдаас ирсэн 200 гаруй хүүхдийг үзэж оношлон тэднээс хүнд оноштой 30-ийг нь хяналтад авчээ.
Гурван сарын дараа Улаанбаатарт ирж шаардлагатай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх юм байна. Япон эмч нар С.Чинзориг сайдтай "Цагаан залаа"-д байхад ирж уулзсан бөгөөд доктор Тамура Масамичи 11 жилийн өмнө ирж эмчилж байсан 16 хүүхдийн биеийн байдал маш сайн болсон байна гээд тэр үеийг бодоход эмнэлгийн нөхцөл байдал сайжирч, хүүхдүүдийг заавал Улаанбаатарт Эх нялхаст хяналтанд авах шаардлагагүй, аймагтаа хянаад эмчлээд байхад боловсон хүчний хувьд ч чадваржсан байна хэмээн үнэлж байсан. Масамичи эмчийн хэлснээр тэд зөвхөн хүүхдүүдийг үзэж эмчлэх биш эмч нарыг чадавхижуулахад ихээхэн анхаарч ажилладаг гэсэн. Манай эмч нар зүрхний катетер эмчилгээний аргыг маш сайн сурсан, одоо зүрхний нээлттэй мэс засал хийхэд сургаж байгаа гэжээ.
"Зүрх хамгаалах төсөл" төрийн бус байгууллагынхантай цаашид нягт хамтран ажиллахаар боллоо.