Утаагүй шийдэл: “ЗӨВ ГЭР” төсөл СХД-т хэрэгжиж байна
Сонгинохайрхан дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах зорилго бүхий “ЗӨВ ГЭР” нийгмийн хариуцлагын төсөл 2018 оноос хэрэгжиж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал, АНУ-ын Бригим Янгийн их сургууль, Дэзэрэт ОУ-ын байгууллагын хамтарсан “Зөв гэр” нийгмийн хариуцлагын төсөл СХД-ийн 23 дугаар хороонд хэрэгжиж байгаа юм.
Төслийн эхний шат буюу энэ оны 3-р сард 1 айлд шинэ загварын гэр сууц барьж, 3 айлд гэрийн дулаалга хийж хүлээлгэн өгсөн билээ. Харин төслийн хоёрдугаар шатанд СХД-ийн 23-р хороонд 10 гэр сууц барих, 150 гэр дулаалах ажил гүйцэтгэж байна.
Өнөөдөр гэр дулаалгын технологийг олон нийтэд нээлттэй танилцуулахаас гадна төсөлд хамрагдаж гэр сууцтай болсон эхний ээлжийн айлууд түлхүүрээ гардан авлаа.
Гэр дулаалгын технологийн хувьд гэрийн дээвэр болон хананд агаарын орон зай бүхий дулаан тусгаарлагч байрлуулан; гэрийн шалыг дулаан тусгаарлагч болон уур тусгаарлагч материалууд ашиглан агаарын орон зай үүсгэн дулаалахаас гадна нүүрс шатаадаг зуухны оронд маш бага цахилгаан зарцуулах керамик халаагуурыг төсөлд хамрагдсан айл өрх бүрт бэлэглэж байгаа юм. Монгол гэрийг ийнхүү дулаалснаар тухайн гэрийг дулаан байлгахад шаардагдах эрчим хүчний зарцуулалт нь 7 квт-аас 1.3 квт болж буурах юм.
Төслийн 3 дахь шат буюу 2020 онд 10,000 хүртэлх айл өрхийн гэрийн дулаалга хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна.