2019.08.26
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Өвөрхангай аймгийн багш нартай уулзалт хийлээ
Өнгөрөгч баасан гаригт /2019.08.23/ УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Өвөрхангай аймгийн төвд тойргийнхоо 12 сумын ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нартай уулзалт хийлээ.
Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө аймгийн нийт багш нарыг сургалтад хамруулж, шинэ хичээлийн жилийн зорилтоо тодорхойлох бага хурлаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ үйл ажиллагаанд Өвөрхангай амйгийн сумдын сургууль, цэцэрлэгээс нийт 417 багш оролцсон байна.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг багш нарт төрөөс боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого тэр дундаа багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр дэс дараатай авч байгаа арга хэмжээний талаар танилцуулахын хамт тойргийн сумдын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин материаллаг баазыг сайжруулахад анхаарч хийсэн ажлынхаа талаар тайлагнав.
Мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж түмний хүүхдийг эрдмийн номоос гадна хүний номтой болгохын төлөө цаг наргүй зүтгэж яваа багш нарыг Засгийн газрын шагнал "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэг, БСШУСЯ-ны "Хүндэт жуух бичиг"-ээр шагнасныг гардуулан өглөө.