Н.Цэрэнбат сайд “НОГООН ПАСПОРТ” аяны шилдэг сурагчидтай уулзлаа
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аян санаачилж, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаар дамжуулж өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх ажлыг амжилттай эхлүүлээд байна.
“Ногоон паспорт”-оо амжилттай хөтөлж, бусдыгаа манлайлсан 21 аймгийн төлөөлөл шилдэг сурагчид наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 05-ныг хүртэл Бээжин хотод аялах эрхээр шагнуулсан.
Сурагчдын төлөөлөл өнөөдөр Улаанбаатарт ирээд байхад нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээн авч уулзаж, сурлагын өндөр амжилт хүсэж, үе тэнгийнхэн болон томчуудад үлгэр дуурайл үзүүлсэн байгальд ээлтэй ирээдүйн эзэд болохыг захилаа.
21 аймгийн шилдэг сурагчдын төлөөлөл БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад бусад орны хөгжлийг өөрийн оронтой харьцуулах боломж олгосонд нь талархаад төрөлх нутгийн зон олноо байгальд ээлтэй хандлагатай болгохын тулд манлайлахаа илэрхийлсэн юм.
2019 оны байдлаар Ерөнхий боловсролын 543 сургуулийн ахлах ангийн 50 мянган сурагч “Ногоон паспорт” хөтөлж байгаа бол 2022 он гэхэд Ерөнхий боловсролын 778 сургуулийн ахлах ангийн 168 мянган сурагчид “Ногоон паспорт” олгох юм.
Аяны хүрээнд БОАЖЯ-нас “Ногоон паспорт” эзэмшигч сурагчидтай хамтран 21 аймагт тус бүр 2.5 га газарт усалгааны систем, сүүдрэвч бүхий “Ногоон төгөл” байгуулах ажлыг амжилттай эхлүүлээд байна.