Сөүл хотын их сургуулийн олон улсын кампусыг Төв аймагт байгуулахаар төлөвлөжээ
2019.09.23

Сөүл хотын их сургуулийн олон улсын кампусыг Төв аймагт байгуулахаар төлөвлөжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын их сургуулийн ерөнхийлөгч Сун Соон Так тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ухаалаг хот төлөвлөлт, архитектур, ай си ти цахим засаглал, хөдөө аж ахуйн мэргэжлүүдээр боловсрол олгоно

Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг Азийн хэд хэдэн оронд судалгаа хийсний үр дүнд Сөүл хотын их сургуулийн гадаад улс дахь анхны олон улсын кампусыг Төв аймагт байгуулахаар төлөвлөсөн, орон нутгийн удирдлагын зүгээс дэмжиж байгаад талархалтай байна гэж Ноён Сун Соон Так яриагаа эхэллээ.

2020 оноос барилга, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, 2023 онд анхны элсэлтээ авах төлөвлөгөөтэй бөгөөд тус сургуулийн оюутнууд 3+1 буюу Монгол Улсад гурван жил суралцаад дадлагажих хөтөлбөрөө БНСУ-д дүүргэнэ. Ухаалаг хот төлөвлөлт, архитектур, ай си ти цахим засаглал, хөдөө аж ахуйн мэргэжлүүдээр боловсрол олгоно гэв.

Багшлах хүний нөөцийг ажиллуулахтай холбоотой зөвшөөрлийг олгож, бодлогын дэмжлэг үзүүлэхэд татгалзах зүйлгүй

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гадаад улстай хамтарсан сургууль байгуулж, кампус хэлбэрээр хөгжүүлж буй сайн туршлага бидэнд буй, тухайлбал Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургууль гэдгийг дурдаад танай төслийн хувьд орон нутагт хэрэгжүүлэхээрээ онцлог, нийслэлийн төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой юм гэлээ. Тиймээс мэргэжил, боловсролын зэрэг олгох сургалтын үйл ажиллагаа эрхлэх, багшлах хүний нөөцийг ажиллуулахтай холбоотой зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгож, бодлогын дэмжлэг үзүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлэв.

 

Уулзалтад Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах болон Сөүл хотын их сургуулийн төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Жэ Сонг Ху, мөн сургуулийн хот төлөвлөлтийн олон улсын сургуулийн захирал Пак Хён нар оролцов.

Ташрамд дурдахад 101 жилийн баялаг түүхтэй Сөүл хотын их сургуульд өнөөгийн байдлаар 25 монгол оюутан элссэн бөгөөд зарим нь хэдийнэ төгсөөд эх орондоо иржээ.