Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” ХК цэвэр ашгаа 102 дахин давуулан биелүүлээд байна
2019.09.27

Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” ХК цэвэр ашгаа 102 дахин давуулан биелүүлээд байна

“Эрдэнэс Тавантолгой ХК хагас жилийн хугацаанд 350 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн ч 677 тэрбум төгрөгт хүргэж, цэвэр ашгийг 102 дахин давуулан биелүүлжээ. Улсын төсөвт 355 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 09 дүгээр сарын 24-ний байдлаар 478 тэрбум төгрөгийг оруулсан гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ. Мөн нүүрсний үнэ 2020 оны II улирлаас унаж мэдэхээр байгаа ч энэ үед хэрэгжүүлэх эрсдэлийн төлөвлөгөө гаргаснаа компанийн удирдлага онцолсон юм. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-Энэ  оны хувьд танай компанийн хамгийн том зорилт биелсэн. Тухайлбал, дагалдах төсөл хөтөлбөрүүд буюу төмөр зам, автозамын төслүүдээ эхлүүлсэн явдал гэж дүгнэж болох уу?

-Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байгаа нээлттэй хаалганы өдөрлөгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа агентлаг, газрууд оролцож байна. Мөн уул уурхайн олборлолтын чиглэлийн аж ахуйн нэгжүүд ч үйл ажиллагаагаа олон нийтэд таниулан сурталчилж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сарын 24-ны байдлаар 12.5 сая тонн нүүрс олборлохоос 13.1 сая тонныг олборлосон. Мөн өнөөдрийн байдлаар 2.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллалаа. Уг нь 1.5  их наяд төгрөгийн борлуулалттай ажиллах төлөвлөгөөтэй байсан. Цэвэр ашгийн хувьд 350 тэрбум төгрөгөөр төсөөлсөн ч 677 тэрбум төгрөг буюу 102 дахин давуулан ажилласан өндөр амжилтыг манай компанийн хамт олон үзүүллээ. Улсын төсөвт 355 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх ёстойгоос өнөөдрийн байдлаар 478 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Ингэснээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг 25-102 дахин давуулан биелүүллээ. Таны хэлсэнчлэн 2019 онд компанийн хамгийн зорилт биелсэн гэж үзэж болох юм.

-Төмөр зам болон автозамын ажил, зогссон байсан төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулсан нь ийн дүгнэхэд хүргэсэн юм?

-Дагалдах төсөл хөтөлбөрүүд авто зам, төмөр замын төслөө эхлүүлсэн. Мөн  зогссон байсан төслүүдээ дахин эхлүүлэх том амлалтыг Засгийн газрын өмнө авсан байсан. Үүний дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг анхны хөрөнгө оруулалт буюу 156 тэрбум төгрөгөөр эхлүүллээ. Ерөнхийлөгч болон холбогдох сайдууд газар дээр нь очиж танилцсан. Ажил амжилттай урагшилж байгаа. Уг зам нь стратегийн олон гарцыг бий болгоод зогсохгүй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бий болгож байгаа юм.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажил хөрөнгө оруулалтын асуудлаас үүдэн 2015 онд зогссон. Энэ жилээс харин бүтээн байгуулалтын ажил үргэлжлэхээр боллоо. Эхний хөрөнгө оруулалтыг хийсэн үү?

-Тавантолгой-Гашуунсухайтын төсөл удаан хугацаанд зогссон байсныг сэргээж анхны хөрөнгө оруулалтыг хийсэн. Төсөлд нийт 698 сая ам.доллар шаардлагатай. Үүнээс эхний 110 сая ам.долларыг ТУЗ-ийн хүрээнд шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолын хүрээнд ажлыг эхлүүлээд байна. Үүнийг дагаж Тавантолгой, Оюутолгой, Хангимандалын авто зам, Тавантолгой-Гашуунсухайтын параллель авто замын ажлын концессын гэрээг байгуулж, үйл ажиллагаа нь эхлэхэд бэлэн болсон. Хөрөнгө оруулалт нь бүрдсэн гэж ойлгож болно. 

-Боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал бий. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хамгийн чухал зүйл нь боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Энэ тал дээр тус бүр нь 10 сая тонн хүчин чадалтай нүүрс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж байна. Мөн усан хангамж гэх мэтчилэн төлөвлөсөн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна. Энэ нь компанийн орлого хэд дахин өсөх, ашиг бий болох боломж юм. Одоогийн байдлаар нэг тонн нүүрсийг хилээр давуулахын тулд 32 ам.доллар төлж байгаа. Энэ бол 8 ам.доллар болж тэр хэмжээгээрээ уул уурхайн ашиг орлого нэмэгдэх боломжтой байгаа юм.

-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унах хандлагатай байгаа. Мөн нүүрсний хэрэглээг нь танах нь зүйтэй гэх асуудал ч байнга яригдах боллоо. Эрсдлийг хэрхэн тооцоолж байгаа вэ?

-Ойрын таван жилийн хугацаанд үнэ тогтвортой байгаа. Гэхдээ 2020 оны хоёрдугаар улирлаас уналтын байдалтай байх нь байгаа. Үүнийг зөв менежмент хийснээр авч гарах боломжтой. Энэ хүрээнд эрсдлийн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

-“Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд 56 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргасан байж болзошгүй асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?

-Энэ асуудлын мөрөөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгалт хийж, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй болохыг тогтоосон. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуроро 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102 тоот хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гаргасан байдаг.

Учир нь Үндэсний аудитын газрын тайлан албан ёсоор баталгаажаагүй, гэрчүүдийн мэдүүлэг, түүнчлэн “Инженер маркшейдер” ХХК, мөн “Топ сүрвэй” компанийн Цанхийн уурхайд маркшейдерийн хяналтын хэмжилт, техникийн үнэлгээ хийсэн ажлын тайлан зэрэг нотлох баримтуудаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2013-2017 онуудад хөрсний овоолгын хэмжээг алдаатай тайлагнасан, сийрэгжилтийн итгэлцүүр ашиглан 7.7 сая тонн/куб хөрсний бичилт хийж, 56 тэрбум төгрөгийн илүү зардал гаргасан гэх байдал хангалттай баримтаар тогтоогдоогүй. Иймээс хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж хуулийн байгууллага шийдвэрлэсэн байдаг.

-Иргэд хувьцааны ногдол ашгийг хэзээ хүртэх вэ гэх асуултыг их тавьж байна?

-“Эрдэнэс Тавантолгой” ХХК олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах үүргийг Засгийн газраас өгсөн. Үүний дагуу төлөвлөгөө гаргаад дотоодын дата бааз үүсгэх тогтсон стандартад дагуу бичиг баримт бүрдүүлэх ажил болчихсон. Засгийн газрын тогтоолын хүрээнд “Эрдэнэставан толгой майнинг” гээд компанийг үүсгэн байгуулаад үйл ажиллагааг нь эрчимжүүлээд явж байна. Олон улсын зөвлөхүүд хамтран ажиллаж байна. Ордын 8 лицензийн зөвхөн нэг буюу Зүүн цанхийн лицензийг авч олон улсны хөрөнгийн бирж дээр гаргаж, хөрөнгө босгох үүрэг хүлээж байгаа.

Ер нь “Эрдэнэс Тавантолгой” төсөл 3.7 тэрбум ам.долларын өртөгтэй. Үүний анхны хөрөнгө оруулалтыг компани өөрөө хийх бүрэн чадалтай. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн орлого, үр ашгаас бий болсон орлогоор анхны хөрөнгө оруулалт буюу зогссон байсан хөрөнгө оруулалтуудыг үргэлжлүүлэх ажилыг хийнэ. Дунд хугацааны хөрөнгө оруулалтыг IPO  болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж хөрөнгө босгох юм. Бусад хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчдаас гэсэн гурван хувилбар явж байгаа. Яг төлөвлөсөн цаг хугацааныхаа дагуу явж байгаа. Зарим хугацаа алдсан зүйл нь тодорхой зохион байгуулалт гэхээсээ илүү бичиг баримт боловсруулалт, зарим нэг асуудалтай холбоотой тодорхой хэмжээний хугацаа алдсан зүйл бий. Гэхдээ ерөнхий төлөвьлөгөөт хугацаандаа ойртсон яваа.

-“Эрдэнэс Тавантолгой майнг” компанийн гол үүрэг юу юм бэ?

-Эрдэнэс Тавантолгой майнг” компанийн гол зорилго нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч нээлттэй компани болох. Цаашилбал, хамгийн чухал нь хөрөнгө босгох үүрэгтэй.

-Хичнээн төгрөг босгох вэ?

-Урьдчилсан тооцоогоор 700-1.2 тэрбум ам.доллар гэдэг тооцоо бий. Гэхдээ компанийн үнэлгээ хэрхэн гарах нь уу. Дэд бүтэц, зам, байгууламж, нүүрс баяжуулах үйлдвэрээ яаж уях уу гэдгээс хамаарч компанийн үнэ цэнэ эцсийн байдлаар тогтоогдоно.

-Хувьцааны үнэ өсөх үү?

-Хувьцааны үнэ өснө гэдэгт эргэлзэх шаардлагагүй. 2016 он хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК ашиггүй ажилласан. 2016 оны эцэст 36.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 2017 онд 406, 2018 онд 807,  2019 оны эхний хагас жилд 677 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Энэ хэрээр компанийг сонирхох, бизнесийн орчин сайчрах байдал ажиглагдаж байна. Мөн хувьцаа эзэмшигчийн үнэлэмж өндөр болсон. Өөрөөр хэлбэл, ямар хэдэн хувьцаа эзэмшиж байгаагаас хамаарч үнэ, цэнэ нь нэмэгдэж байна гэж ойлгож болох юм.

-Цанхийн баруун уурхайн олборлогчийг шалгаруулах тендерт дэд сайд асан Лхамсүрэнгийн “Мон дулаан” болон “Хишиг арвин” гэх хоёр компани шалгарсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Баруун цанхийн олборлогчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зохион байгуулагдсан. Энэ хүрээнд компаниуд оролцсон юм билээ. Нэр дурьдсан компаниуд оролцсон нь үнэн. Гэхдээ энэ компани сонгон шалгаруулалтад тэнцээгүй. Өөрөөр хэлбэл, шаардлага хангаагүй гэсэн үг. Энэ бол Үнэлгээний хорооны шийдвэр. Тус хорооны шийдвэр хараат бус байдаг учраас хэн ч нөлөөлөх эрхгүй. Цаашид олборлолтын компаниудтай чанарыг сайжруулах, бичиг баримтыг боловсронгуй болгох чиглэлээр нэлээн зөвлөмжүүд гарах байх.

-Тэгвэл хууль бусаар сонгон шалгаруулаагүй гэсэн үг үү?

-Тендер зарлаад хэн ч шалгараагүй байхад шалгаруулсан мэтээр мэдээлэл цацсан. Энэ бол цэвэр гүтгэлгийн шинжтэй үйл ажиллагаа гэж хэлэх байна. Эдийн засгийн хувьд өсөлттэй байгаа компани, уурхайчид руу дайрч довтолдог асуудал Монгол Улсад хэрээс хэтэрсэн. Магадгүй мэдээлэл дутмаг байгаагаас энэ мэт гүтгэлэгт итгэдэг байх.

-Дэлхий дахинд нүүрсний хэрэглээнээс татгалзахыг уриалж байна. Ер нь эрсдлийг хэдэн жилээр тооцож төлөвлөгөө боловсруулсан бэ?

-Ойрын таван жил нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байна гэсэн мэдээлэл бий. Гэхдээ өсөлттэй гэсэн үг биш. Баруун, зүүн цанхийн ТЭЗҮ-ийг шинэчилж байна. Ингэхдээ 30 жилээр эрсдлийг тооцоолж байгаа. Өөрөөр хэлбэл, 30 жилийн тогтвортой байдлыг хангаж, эрсдлийг тооцсон төлөвлөгөө хийгээд явж байна. Харьцангуй гайгүй болов уу гэж найдаж байна. Гэхдээ тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал, зөв менежмент хийж чадах эсэхээс энэ бүхэн шалтгаална.

Энэ онд хоёр ч удаа нүүрсний үнийн уналт бий болсон. Гэхдээ зөв менежмент хийснээр даван туулсан. Зөвхөн баруун цанхиас гэхэд 28.6 сая ам.доллар улсын төсөвт болон компанидаа үлдээсэн. Зүүн цанхийн 3 удаагийн өсөлтөөр 32 сая ам.доллар гээд нийт 54 орчим сая ам.долларыг нүүрсний уналтаас биш өсөлтөөс нь бий болгож чадсан нь менежмнетийн зөв арга байсан юм болов уу.