Ц.Цогзолмаа: Төсөв багасахаар ипотекийн зээлд хамрагдах хүмүүсийн тоо буурна гэсэн шууд агуулгатай
Эх сурвалж: Мэдээ.мн сэтгүүлч: Ц.Анударь
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.
Ипотекийн зээл ард иргэдэд амин чухал хэрэгтэй байдаг даа?
-Монгол Улсын төрөөс иргэдийнхээ ая тухтай амьдрахад дэмжлэг үзүүлэх нэг чухал асуудал бол орон сууцны хангамжийг дээшлүүлэх явдал.
Дэлхийн улс орнууд орон сууцны хангамжийг дээшлүүлэхдээ ашиглаж байгаа нэг арга зүй бол ипотекийн зээл. Яагаад гэвэл иргэд шууд төлбөрөө хийгээд орон сууц худалдаж авах тийм эдийн засгийн суурь боломж олон түмэнд төдийлөн байхгүй байгаа. Тиймээс иргэддээ урт хугацааны зээлийн байдлаар орон сууц авах боломжийг олгож байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар ипотекийн зээлийн хүүг хэд хэдэн удаа бууруулсан. Найман хувь байсан бол одоо зургаан хувь болчихсон байна. Энэ хөтөлбөр ард түмэн, залуучуудад хэрэгтэй юу гэвэл мэдээж маш их хэрэгтэй.
-Ипотекийн зээлийн энэ жилийн төсөв багасчихлаа. Ирэх оны төсөв мөн багасах уу?
-Ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлээд явах нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгтэй байгаа.
Гэхдээ Монгол Улсын төсвийн хувьд ипотекийн зээлээс илүү цэцэрлэгийн хангамж, эмнэлгийн хүртээмж, чанар үйлчилгээг сайжруулах, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлж рүү шилжүүлэх зэрэг олон тулгамдсан асуудал байна.
Ипотекийн зээлийг түр хугацаагаар хойш нь тавих саналыг Сангийн яамнаас оруулж ирсэн ч ихэнх гишүүд ипотекийн зээлийн хөтөлбөрт тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө тавих нь зүйтэй гэдэг саналыг өгсөн. Тэгэхээр би санхүүжилт эцсийн байдлаар хасагдаагүй харин тодорхой хэмжээний хөрөнгө нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Ипотекийн зээлийг хөдөө, орон нутагт олгодог болох хэрэгтэй
-Энэ жилийн төсөвт 60 тэрбум төгрөг тусгасан гэсэн?
-Эдийн засгийн үзүүлэлт маань найман хувьд хүрчихлээ. Ийм тохиолдолд хэрвээ боломж, бололцоо байвал энэ хөтөлбөрөө саармагжуулахгүйгээр цаашид авч явах хэрэгтэй. Бас нэг санал гарч ирж байгаа юм.
Тэр нь ипотекийг зөвхөн Улаанбаатар хотод олгох биш хөдөө орон нутагт олгох хэрэгтэй. Үнэхээр эрэлт хэрэгцээтэй байна. Яагаад гэвэл Улаанбаатар хотын нягтаршил их байгаа. Хөдөө орон нутагт мэргэжлээрээ ажиллах залуучуудад ипотекийн зээлд хамрагдах боломжийг нь олгох юм бол орон нутагтаа ажлын байраар хангагдаад, амьдрал ахуйгаа шийдээд явах боломж, бололцоо байна.
Харамсалтай нь ийм боломж одоогоор байхгүй учраас Улаанбаатар луу ажлын байр хайгаад ирж байгаа юм. Тиймээс “Хөдөө, орон нутаг руу ипотекийг хуваарилаач ээ” гэдэг хүсэлтүүд их ирж байна. Хэрвээ тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилагдах юм бол түүнийгээ дотор нь дахин хуваарилаад орон нутгийг хамруулах чиглэл дээр анхаараасай.
-Нийгэмд залуу гэр бүл, орон сууцанд хамрагдахыг хүсэж байгаа хүмүүсийн эрэлт их байгаа шүү дээ.Арилжааны банкуудад зээлд хамрагдахыг хүссэн хүмүүсийн дугаар их байгаа. Төсөв нь бага болохоор энэ жилийн хувьд ипотекийн зээл хумигдчихаж байгаа юм биш үү?
-Ерөөсөө тийм. Төсөв багасна гэдэг нь ипотекийн зээлд хамрагдах хүмүүсийн тоо буурна гэсэн шууд агуулгатай. Тийм учраас бололцоо байвал тав, арван төгрөгөөр ч болтугай нэмэгдүүлэх тал дээр саналаа өгнө.
-Ипотекийн зээлийн шинэ журамд “Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байна” гээд заачихсан байсан. Ингэхээр зээл олголтын хэмжээ багасна гэсэн үг үү?
-Хоёр өнцөг байж болно. Нэгдүгээрт, орлого өндөртэй,зээлээ төлж чадах хүн энэ зээлийг авна гэдэг агуулга харагдах юм. Хоёрдугаарт, нэгэнтээ зээл олгосон ч урт хугацаатай олгож байгаа тохиолдолд аль болох тухайн сарын үндсэн орлого нь амьдрал ахуйд нь хэрэгцээтэй байдлаар үлдээсэй гэж бодох ёстой.
Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 700 мянган төгрөгийн цалин авдаг иргэн байлаа гэхэд 50 хувь нь буюу 350 мянган төгрөгөө зээлдээ өгчихөөд үлдсэнээр нь сарын турш амьдралаа авч явах хэрэг гарч байна гэж бодьё. Иймд өндөр дарамт үүсгэхгүйгээр аль болох сард төлөх төлбөр нь бага байгаасай гэдгийг иргэдийн зүгээс хүсэж байгаа. Тэгэхээр энэ журамд өөрчлөлт хийх талаас анхаарч, судлах хэрэгтэй.