ДАЖБ-ын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн /2019.11.21/ хуралдаанаар, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа.
Хуулийн төслийн танилцуулгыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.
ДАЖБ-ыг 1974 онд байгуулсан бөгөөд дэлхийн 158 улсын гишүүнээр элсэн байна. Тус байгууллагын албан ёсны хэлд араб, англи, франц, орос, испани хэл ордог. Харин 2007 оны 11 дүгээр сард Колумбид болсон тус байгууллагын Ерөнхий Ассамблейн 17 дугаар хуралдаанаар хятад хэлийг албан ёсны хэлний жагсаалтад оруулахаар тогтсон байна. Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах энэхүү нэмэлтийг гишүүн улсын гуравны хоёр нь соёрхон баталсан тухайгаа мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болсонд тооцдог. Одоогоор тус байгууллагын гишүүн 72 улс энэхүү нэмэлтийг хүлээн зөвшөөрч соёрхон батлаад байгаа аж.
Манай улс ДАЖБ-д 1990 онд гишүүнээр элссэн бөгөөд сүүлийн жилүүдэд идэвхтэй харилцаж байна. Цаашид Ази, Номхон далайн бүсэд ирэх жуулчдын урсгал өсөх, БНХАУ-ыг зорих жуулчдын тоо жил бүр найман хувиар өсөх төлөвтэй байгаа юм. Энэ нь Монголд ирэх жуулчдын тоог нэмэх таатай нөхцөлийн нэг хэмээн Засгийн газар үзэж, нэмэлтийг соёрхон батлах хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, гишүүдийн 63.6 хувь дэмжсэн талаар санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Санжмятав танилцуулав.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураав. Ингээд ДАЖБ-ын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь дэмжлээ