ШИНЭ ХОВД: Цаасан дээр байсан төслүүд жилийн дараа ажил хэрэг болон хэрэгжиж байна
2019.11.26

ШИНЭ ХОВД: Цаасан дээр байсан төслүүд жилийн дараа ажил хэрэг болон хэрэгжиж байна

"Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган хоёр дахь удаагаа Ховд аймагт энэ сарын 23-нд боллоо. Чуулганы үеэр Ховд аймагт ойрын таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулж, арга зам, хүрэх үр дүнгийн талаар 200 гаруй зочид, төлөөлөгч хэлэлцсэн юм.


Чуулганыг нээж Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав үг хэллээ. Тэрбээр “Улс, орон нутгийн хөгжилд бодлого, голлох чиглэлээ зөв тодорхойлох нь чухал байдаг. Ховд аймагт мал аж ахуйн салбарт малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг түлхүү дэмжихээс гадна аймгийн эдийн засгийн 42 хувийг нийт үйлдвэрлэл, үйлчилгээний салбар эзлэх боллоо. Энэ нь үйлдвэрлэл хөгжиж, иргэдийн аж амьдралыг дэмжих үйл ажиллагааг илэрхийлсэн тоон үзүүлэлт” гэдгийг онцоллоо. Тиймдээ ч Ховд аймагт 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 20 гаруй үйлдвэр бүхий “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк байгуулах их бүтээн байгуулалтын ажил II чуулганаар хэлэлцэх гол сэдэв байлаа. Эдгээр бүтээн байгуулалтын хүрээнд 90 МВт-ын усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр, Ховд нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж олон улсын нисэх онгоцны буудал болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Эко цементийн үйлдвэр, Хөдөө аж ахуйн “Агро парк” байгуулах төсөл, “Хашаандаа сайхан амьдарцгаая”, “Үйлдвэрлэгч Ховд” зэрэг төсөл, хөтөлбөрийг ойрын таван жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ. “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркаас гадна алслагдсан бүс нутгийн хөгжил дэвшил, иргэдийн амьдралд бодит нөлөө үзүүлэх 60 гаруй үйлдвэр байгуулах гэнэ. Ингэснээр 2300 гаруй ажлын байр шинээр бий болж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм байна.

Анх 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр “Шинэ Ховд-Хөрөнгө оруулалт, хөгжлийн I чуулган”-ыг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар дахь Нутгийн зөвлөл хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тэгвэл хоёр дахь чуулганаар анхны чуулганы үр дүнгийн талаар ч дүгнэсэн юм. 


Анхны чуулганы үр дүн болон Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт хоёр дахь удаагийн чуулганд танилцууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн жилийн өдийд Ховд аймагт хэрэгжүүлэхээр ярьж байсан төслүүдийн дийлэнх нь бодит ажил болжээ. Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад удаагүй байна. Өөрчлөлтөд “Засаглалын тогтвортой байдал, тогтвортой залгамжтай хөгжлийн бодлого” баримтлан гэдгийг чандлан тусгасан. Энэ хүрээнд зорилтуудаа хэрэгжүүлнэ.

Улсын хэмжээнд таван бүсэд тус бүр хоёр тулгуур төв байгуулсан нь 2001 онд баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хэрэгжихгүйд хүрсэн юм. Тиймээс бүс болон бүсийн төвүүдээ илүү сайжруулж дахин төлөвлөхийг зорьж байгаа. Үүний дагуу Ховд, Баянхонгор, Увс аймаг нь Баруун бүсэд хамаарна. Баруун бүсийн төв нь Ховд аймаг байна. Баруун бүс нь газар зүйн байршил, дэд бүтцийн хөгжил, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчны хувьд хөгжих боломжтой бүс нутаг. Харин Ховд аймаг нь баруун бүсийн тулгуур төв учраас бүсийн хөгжилд гол үүрэгтэй оролцоно. Тиймээс хөгжилд хүрэх хамгийн том боломжуудыг олгодог авто тээвэр, эрчим хүч, агаарын тээврийн чиглэлээр хийх ажлуудад түлхүү анхаарна. Жишээлбэл, аймгийн нисэх буудлыг олон улсынх болгож өргөтгөнө. Ингэснээр зөвхөн Улаанбаатараар дамжиж Ховдод ирдэг Хятад, Орос Улсаас зорчигчид шууд Ховд аймагт буух боломжийг бий болгоно. Стратегийн гол нэрийн бараа бүтээгдэхүүнд өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжинө” гэдгийг санууллаа.

Цаасан дээр байсан төслүүд жилийн дараа ажил хэрэг болон хэрэгжиж байгаа нь “Шинэ Ховд-Хөрөнгө оруулалт, хөгжлийн I чуулган”-ы үр дүн гэдгийг чуулганд оролцогчид хэлж байна. Тиймээс хоёр дахь удаагийн чуулганаар ч гэсэн олон чухал төсөл, хөтөлбөрийг Ховд аймагт хэрэгжүүлэхээр баталж, үр дүнд хүрлээ. Уг чуулганд УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга, УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан, Ц.Цогзолмаа, Б.Пүрэвдорж, Азийн хөгжлийн банкны хамт олон тэргүүлэх үүрэгтэй оролцсон бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ховд аймгийн 17 сумын удирдлага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон үр дүн арвин чуулган болж өндөрлөв.

Мөн Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ОХУ-ын Алтай хязгаар, БНХАУ-ын Алтай, Цонж аймгаас зочид ирсэн байлаа.

Мөн “Шинэ Ховд - хөрөнгө оруулалт, хөгжлийн II чуулган"-ы үеэр Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг хангах төсөл хөтөлбөрийг 16 суманд 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг дурдвал:

  • -Шижигтийн хавцалд баригдах 90МВт-ын УЦС-ын төслийн ач холбогдол /төслийн явц/
  • -Ховд аймгийн БСШУ-ны салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах бодлого, төлөвлөлт
  • -Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл
  • -Ховд нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Олон улсын нисэх онгоцны буудал болгох төсөл
  • -Шинэ Ховд Эко, Этно аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл
  • -Ховд Эко цементийн үйлдвэрийн төсөл
  • -ХАА-н Агро парк байгуулах төсөл
  • -Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн төслийн явц
  • -Шинэ Ховд, үйлдвэр технологийн парк төсөл
  • -Хашаандаа сайхан амьдарцгаая төсөл
  • -Өрхийн болон Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих “ҮЙЛДВЭРЛЭГЧ ХОВД” хөтөлбөр
  • -Аймаг сумын төвийн бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
  • -Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтын талаар тус тус хэлэлцэж бизнес санаагаа хуваалцлаа. Эдгээр томоохон төсөл, хөтөлбөрийн үр дүнд алслагдсан бүс нутгийн хөгжил дэвшил, иргэдийн амьдралд бодит нөлөө үзүүлэх 60 гаруй үйлдвэр байгуулагдах боломжтой юм