2019.12.03
Торгуулийн мэдээлэл гар утсанд нь ирдэг болно
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн эзэмшигчид зөрчлийн мэдээллийг шууд хүргэх, давтан үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөрчлийн мэдээллийг “Мессеж”-ээр мэдэгдэх ажлыг 2019 оны 10 дугаар сараас эхлэн нэвтрүүлж эхлээд байна.
Дээрх ажлын хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, “Албан журмын даатгагчдын холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх санаачилгын хүрээнд уг хамтран ажиллах гэрээг байгуулснаар жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан иргэдийн мэдээлэл, мөн жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, гэрээний хугацаа дууссан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон мэдээллийг солилцох боломжтой болох юм.
Түүнчлэн барьцаанд байгаа болон лизингийн үйлчилгээнд хамрагдсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн зөрчлийг өмчлөгч биш эзэмшигчид шууд хүрдэг болгох, осол гарган даатгалын үйлчилгээг хүлээн замын хөдөлгөөний зохиомол түгжрэл үүсгэдэг байдлыг зарим тохиолдолд газар дээр шуурхай шийдвэрлэж замын зорчих хэсгийг түргэн чөлөөлүүлж замын ачааллыг буруулах зэрэг олон талт ажлуудыг хэрэгжүүлснээр жолооч нарт үүсдэг хүндрэлүүдийг багасгана гэж талууд үзжээ гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.