Д.Оюунхорол: Томсгосон тойрог нь улс орныхоо хөгжил, ирээдүйг бодсон тогтолцоо
2019.12.16

Д.Оюунхорол: Томсгосон тойрог нь улс орныхоо хөгжил, ирээдүйг бодсон тогтолцоо

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад сонгуулийн хуулийн талаар нэгдсэн шийдвэрт хүрсэн талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


 

Тэрбээр

“Одоогийн байгаа 26 тойрог нэр дэвшигчид нэг тойрогт өрсөлдөнө гэсэн үг. 2008 оны сонгуулийн тогтолцоотой ижил томсгосон мажоритар юм. Нам биш хүнээ шууд сонгоно. Шүүмжлэлтэй зүйл гэвэл намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх магадлал ихтэй байдаг гэж ярьдаг. Томсгосон тойрог нь илүү улс орныхоо хөгжил, ирээдүйг бодсон тогтолцоо. Тийм учраас аймаг, дүүргээ бүхэлд нь харж хөрөнгө оруулалт хийдэг, тойрог, тойрог руугаа “зулгаадаг” хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогоо нэгтгэе гэсэн байр суурьтайгаар ийм тогтолцоог оруулж ирж байна. Намын эв нэгдэл цул байгаад улс төрийн намууд төлөвшиж чадах юм бол энэ сонгуулийн системээр явахад буруудах зүйл байхгүй. Одоогийн Үндсэн Хуулиар УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн заалт байгаа учраас үүгээр л явж таарах байх. Улс нэг тойрог байх юм бол улс орны хөгжлийн бодлогын асуудлыг бүхэлд нь харах боломж бүрдэнэ. Энэ тогтолцоог аль нэг намд ашигтай гэж харахаас илүүтэйгээр улс төрийн том зориг, эрсдэл гаргаж байна гэж харж байна” гэв.