Д.Сумъяабазар: Алт цэвэршүүлэх үйлдвэр барихаар Хөгжлийн банктай ярьж байгаа
Эх сурвалж. Монголын мэдээ сонин, Сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ
УУХҮЯ-аас өчигдөр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ жилийн эхний 11 сарын статистик мэдээллийг олон нийтэд хүргэв.
2019 оны эхний 11 сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар хураамж 2.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өссөн үзүүлэлт аж.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн арваннэгдүгээр сарын эхний байдлаар дөрвөн их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11.7 хувь буюу 1.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарч байна.
Мөн арванхоёрдугаар сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул ашиглалтын 2805 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгааг онцлоод УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-“Эрдэнэс Таван толгой” компанийн IPO гаргах ажил ямар шатанд явж байгаа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO нэлээд хугацаанд яригдаж байгаа ч төрийн үйл ажиллагааны процесс үе шаттай явсан. Хувийн компани гэхээсээ илүү төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг шилэн болгох, нээлттэй, засаглал сайтай болгох тал руу явж байна. Анхны юм гэдэг тэр болгон санаснаар байдаггүй ч бид нэлээд өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO хууль, техникийн зөвлөхөө сонгосон. Олон улсын бирж дээр хувьцаа гаргахын тулд нэгдүгээрт хүссэн хэмжээний хөрөнгө мөнгөө босгох ажил бий.
-Хувьцааны ногдол ашгийн талаар байнгын хорооны хуралдаанаар ярьсан. Энэ талаар салбарын сайдын хувьд байр сууриа илэрхийлээч?
-Өнөөдөр 26.000 төгрөг өгөх үү, эсвэл тодорхой хугацааны дараа төмөр замаа тавиад, баяжуулах, коксжуулах үйлдвэрээ барьчихаад, нэмүү өртөг шингээгч болчихсон олон улсад цар хүрээгээ таниулж, үнэлгээгээ тогтоочихоод ногдол ашиг хуваарилах уу гэдэг дээр Засгийн газрын бодлого явж байгаа. Улс төр хийж байгаа зарим хүмүүсийг ойлгож байна. Хувьцааны үнэ цэнийг өсгөх, компанийн үнэлгээг тогтоох ажлыг хийж байгаа энэ үед буруу юмаар битгий улс төр хийгээрэй гэж хэлмээр байна. Ногдол ашгийг хуваарилах эсэхийг “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ дээр шийдчихсэн. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллага, компани өөрсдөө шийдээд явж байгаа. Ногдол ашгийг хэдийд хуваарилах вэ гэдэг нь тактикийн асуудал. Дээрээс нь үнэ цэнтэйгээ уялдуулах ёстой хэмээн салбарын сайдын хувьд үзэж байна.
-Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар мэдээлэл өгөөч?
-Оюутолгой бол манай эдийн засгийн ачааны хүндийг үүрч байгаа төсөл. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил миний төсөөлснөөс хурдан явж байгаа юм билээ. Миний хувьд энэ ажилтай танилцаад ирсэн бөгөөд 14.000 мэргэжлийн монгол залуу ажиллаж байна. Бид хүний нөөцдөө капитал бүрдүүлж байгаа учраас “Оюутолгой” төслийг засаж сайжруулах, хуулийн хэрэгжилтийг биелүүлэх чиглэлээр шахаж шаардан ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс ч УИХ-аас гаргасан шийдвэрт нааштай байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Энэ нь бусад салбарт орж ирэх гадны хөрөнгө оруулагчдад ч эерэг мессеж болон очиж байгаа. УИХ-аас гаргасан тодорхой чиглэлүүдийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаа явж, ширээний ард суух бэлтгэлээ хангаж байгаа. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга ахалж, Сангийн сайд, Эрчим хүчний сайд, миний бие ороод ажиллах байх гэсэн ерөнхий ойлголттой байна. Албан ёсоор ажлын хэсэг байгуулагдсаны дараа мэдээлэл өгнө.
-Сайжруулсан түлшний түүхий эд хангалттай байгаа юу. Дуусаж байгаа гэх албан бус мэдээлэл байна?
-Сайжруулсан түлшний түүхий эд хангалттай байгаа. Түлшний үйлдвэрлэл үргэлжилнэ. Харин ч үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ярих хэрэгтэй байх.
-Нефть боловсруулах үйлдвэр ямар шатанд явж байгаа вэ. Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох уу?
-Төслийн үйл явц хэвийн явж байгаа. Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн үйл явц төлөвлөснөөс хурдан явж байна. Энэ маш том төсөл шүү. 11 дахин үйлдвэрийн том байгууламж баригдана гэдгийг иргэд ойлгох ёстой. Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно.
-Алт цэвэршүүлэх үйлдвэрийн талаар мэдээлэл өгөөч. Энэ үйлдвэр баригдсанаар манай улсад ямар давуу талууд бий болно гэж үзэж байгаа вэ?
-Алт цэвэршүүлэх үйлдвэр барихын тулд Лондонгоос эрхээ авах ёстой. Одоогоор Хөгжлийн банктай ярьж байгаа бөгөөд шаардлага хангасан бичиг баримт нь хэвийн болсон. Алт цэвэршүүлэх үйлдвэр баригдсанаар манай улсын эзийн засагт том дэм болно. Алтан дээр суурилсан төгрөг гэдэг бодлогыг баримтлахаар бэлдэж байна. Валютын ханш өсөхөд бид алт цэвэршүүлэх үйлдвэртэй байснаар технологи дунд нь 50 гр, 10 гр, 100 гр гээд явах бүх шийдлүүдийг гаргаад, алтаа үйлдвэрлээд үндэсний гар урлалаа буюу гар урлалын чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсээ дэмжих, валютын урсгалаа хадгалах хэмжээнд барих ёстой. Алт цэвэршүүлэх үйлдвэрээс гарах үр дагавар эдийн засагт том тус болно. Жилд 25 тонн алт цэвэршүүлэх боломжтой гэж харж байна. "Алтан дээр суурилсан төгрөг" төсөл цаашид амжилттай хэрэгжих байх гэж найдаж байна. Уул уурхайн салбарын бодлого валютын нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ гэж л зорьдог.
-Удаа дараа осол гарсан, ажилчид нь гэмтсэн, амь насаа алдсан хариуцлагагүй уул уурхайн компаниудад ямар хариуцлага тооцох вэ?
-Удаа дараа осол гарсан "Эко алтан заамар" компанид хатуу арга хэмжээ авах асуудлыг сайдын зөвлөлийн хурал дээр ярьсан. Энэ арга хэмжээг ойрын хугацаанд авахаар болсон.