Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.19\ нэгдсэн хуралдаанаар, Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүлэв.
Хуулийн төслийг эцэслэн хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдаанд танилцуулав.
УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар тус төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо өнөөдөр хуралдаж нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд тусгажээ. Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг, зарчмын зөрүүтэй саналын томъёоллын хамт бэлтгэжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хуулийн төсөлд тодорхой хүнд зориулсан эрх зүйн зохицуулалт бий эсэх, сонгуулийн үеэр цахим орчныг хянах талаар тодрууллаа. УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Д.Тогтохсүрэн хариулахдаа, "Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй байх агуулга бүхий саналын томъёолол гаргасан нь дэмжигдсэн. Өнөөдөр Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэг явуулах үеэрээ уг асуудлыг дахин хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн яг энэ асуудлаар гаргаж байсан 2008 оны дүгнэлтийн талаар хэлэлцээд, дээрх заалтыг хасах санал оруулж дэмжлэг авсан" гэлээ. Цахим орчныг хянах, хязгаарлах асуудлыг төсөлд огт тусгаагүй бөгөөд сонгуулийн сурталчилгааг цахим орчинд хийх шаардлагыг нэмэгдүүлсэн болохыг тайлбарласан юм. Тухайлбал, сонгуулийн сурталчилгаа явуулах цахим сайт нь бүртгэлтэй, түүгээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийнэ гэсэн зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа гэлээ.