“Би багш” уралдаант нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд шалгарч үлдсэн шилдэг багш нарт амжилт хүслээ
2019.12.23

“Би багш” уралдаант нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд шалгарч үлдсэн шилдэг багш нарт амжилт хүслээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Би багш” уралдаант нэвтрүүлгийн төгсгөлийн шатанд шалгарч үлдсэн шилдэг багш Ц.Наранчимэг, Ц.Аюуш, Л.Энхжаргал, Н.Бадамсүрэн нартай уулзаж, баяр хүргэж, амжилт хүслээ.

Багшийн ур чадвар, мэргэжлийн онцлог, ажлын ачаалал, бэрхшээлийг олон нийтэд таниулж, багш мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор энэ нэвтрүүлгийг анх санаачилсан. Та бүхэн ч үүнийг сайн илэрхийлж чадлаа.

Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж байгаа мянга мянган мэргэжил нэгт нөхдөөсөө шалгарч, бөхөөр бол “шөвгийн дөрөв”-т үлдээд буй та бүхний гэр бүл, шавь нарт болон энэ нэвтрүүлэгт оролцсон, зохион байгуулсан, дэмжиж ажилласан бүх хүнд талархал илэрхийлж, удахгүй болох шинэ жилийн мэнд дэвшүүлье гэлээ.

Салбарын сайдын санаачилгаар БСШУСЯ, “Боловсрол” телевизтэй хамтран толилуулж буй “Би багш” уралдаант нэвтрүүлгийн үндэсний ялагч 12-р сарын 21-ний бямба гарагт тодрох бөгөөд шилдэг багшийг анх удаа 100 сая төгрөгөөр шагнах юм.

Үзэгчдийн санал, шүүгчдийн оноо, нийт цуглуулсан оноо зэргийг харгалзан ялагчийг тодруулах учир үзэгч бүр саналаа өгөх боломжтой.