2019.12.25

Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дэд дарга, тус төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын даргад 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан УИХ-ын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг өргөн барив.

 

“Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”-г анх 2002 онд баталсан бөгөөд 5 стратегийн зорилтын хүрээнд 54 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээрээс нэг арга хэмжээ бүрэн хэрэгжиж, 51 арга хэмжээ хэрэгжилтийн шатанд, үүнээс 11 арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.

Монгол Улсын Их Хурлын стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүйгээс:

  • стратеги зорилтуудын хүрэх түвшин, үр дүн тодорхойгүй;
  • үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд оновчтой бус;
  • хэрэгжүүлэх цаг хугацаа ойлгомжгүй;
  • хэн хариуцаж, хэрэгжүүлэх нь тодорхой бус;
  • стратеги төлвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг тооцоогүй;
  • биелэлтийг тухай бүр тооцож, үнэлж байгаагүйгээс хэрэгжилт  удааширсан

зэрэг эрсдэл үүссэн тул Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлснээс хойш 17 жилийн хугацаа өнгөрсөн тул орчны өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. 

Түүнчлэн, 

  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр төрийн албаны шинэчлэлийн нэгэн үе эхэлж байгаа тул төрийн тогтолцоог бүрдүүлэгч субъектүүд стратегиа шинэчлэн тодорхойлох хэрэгтэй болсон;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль 2015 онд батлагдаж, бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үе шат, хөгжлийн бодлого төлөвлөлтөд баримтлах зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, нэгдсэн тогтолцоо бүрдэх эх үндэс тавигдсан;
  • Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэ зохицуулалтууд тусгагдсан зэрэг нь Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах нөхцөл, шаардлага болсон байна.

Монгол Улсын Их Хурлын шинэчилсэн Стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг тодорхойлсон байна. Төлөвлөгөө нь 6 зорилго, 11 зорилт, 68 арга хэмжээнээс бүрджээ.

УИХ-ын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөний төсөлд,

  • УИХ-ын Алсын харааг, "Үндсэн хууль, ардчилсан ёс, хүний эрх, нийтлэг үнэт зүйлс, үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжин, ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлнэ" гэжээ. 
  • УИХ-ын Эрхэм зорилгыг, “УИХ нь хууль тогтоох, хянан шалгах үндсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийг хангаж, итгэлийг хүлээсэн хариуцлагатай парламент байна” хэмээн томьёолжээ. 
  • УИХ-ын үнэт зүйлсийг, нээлттэй, ил тод байх, тэгш байдлыг хангах, хариуцлагатай байх, ёс зүйтэй байх, үр нөлөөтэй байх, чадавхтай байх, иргэдийн оролцоог хангах, хамтын шийдвэрээ хүндэтгэх хэмээн тодорхойлжээ.

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.