Л.Болд: Тэтгэврийн зээл тэглэх нэрээр луйвар хийж байна
Эх сурвалж: Үндэсний шуудан, Б.Бадралмаа
УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-ҮАБЗ-өөс тэтгэврийн зээл тэглэх зөвлөмж гаргаж, үүнтэй холбоотой хуулийн төсөл боловсруулсан. Тэтгэврийн зээлийг тэглэхийг танай нам дэмжих үү?
-Бид энэ асуудлыг намын зөвлөлийн хурлаараа хэлэлцэж шийдвэр гаргасан. Салхитын мөнгөний ордыг барьцаалж бонд босгох замаар 750 тэрбум төгрөгөөр ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх болсон тухай ҮАБЗ-өөс шийдвэр гаргаж, үүнийг нь Засгийн газар дэмжсэн. Ингээд хуулийн төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Монгол Улсад өндөр настны тэтгэвэр авдаг нийт 305 мянга гаруй ахмад настан байдаг гэх судалгаа бий. Үүнээс 240 мянга орчим нь тэтгэврийн зээлтэй. Гэтэл ард түмний мэдэлд шилжсэн Салхитын мөнгөний ордын 750 тэрбум төгрөгийг 200 мянга гаруйхан хүний тэтгэврийн зээлийг хаахад зориулж байгаа нь нийт иргэдийг ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж бид харж байгаа. Өөрөөр хэлбэл, зээл авсан нь хожиж, зээл аваагүй нь хохирч байна. Энэ шийдвэр нэг талдаа Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн үйлдэл.
-Тэгэхээр үүнийг яаж шийдвэрлэх ёстой гэж та бүхэн үзэж байна вэ?
-Бид Салхитын мөнгөний ордыг барьцаалж бонд гаргаж энэ мөнгийг тэтгэврийн бүх ахмадуудад тэгш хүртээх ёстой гэж үзэж байгаа. Нийт тэтгэврийн насныхан буюу 305 мянга гаруй ахмад настанд олгоход, нэг хүнд ойролцоогоор 2.5 сая төгрөг ногдоно. Энэ мөнгийг иргэдэд шууд бэлнээр олгох ёстой. Үндсэн хуульд бүх иргэд тэгш эрхтэй байх ёстой гээд зааснаас хойш хэн нэгнийг ялгаварлаж болохгүй.
-Ингэж мөнгө тараах нь халамжийг хэт хавтгайруулж байгаа хэрэг биш үү?
-Хавтгайруулсан явдал болохгүй. Стратегийн ордуудын үр ашгийг бүх ард түмэн тэгш хүртэх ёстой гэж Үндсэн хуульд заасан. Гэхдээ Салхитын мөнгөний ордын 750 тэрбум төгрөгийг гурван сая хүнд өгөх боломжгүй. Тэгэхээр эхний ээлжинд ахмадуудад хүртээнэ гэж байгаа нь зөв. Тэтгэвэрт гарсан ахмадууд тодорхой хэмжээгээр улсдаа хийдгээ хийчихсэн. Стратегийн ордуудын үр ашгийг хамгийн түрүүнд хүртэх ёстой хүмүүс. Энэ талаас нь бид дээрх бодлогыг 100 хувь үгүйсгэхгүй, дэмжиж байгаа. Харин одоогийн тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж гаргасан шийдвэр нь буруу. Зээлийг тэглэх нэртэй энэ мөнгө арилжааны банкуудад очих гэж байна. Ахмадуудын зээл тэглэгдлээ гээд нэг ч төгрөг гар дээр нь очихгүй, зээл аваагүй ахмадууд бол ялгаварлан гадуурхагдаж байна. Нөгөө талдаа Салхитын мөнгөний ордын мөнгийг арилжааны банкаар дамжуулж мөнгө угаах нөхцөлийг бүрдүүлж байна гэж хардаж байгаа.
-Тодруулбал?
-Ахмадууд ихэвчлэн ХААН, Төрийн банкнаас тэтгэврийн зээлээ авсан байдаг. Үүнээс 500 тэрбум орчим төгрөгийг ХААН банкнаас авчээ. Өөрөөр хэлбэл, ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх нэрээр 500 гаруй тэрбум төгрөгийг Монголбанкнаас ХААН банк руу шууд шилжүүлж байгаа. Энэ нь хууль бус бизнесийн санаархал. Тэгэхээр энэ мөнгийг иргэдийн гар дээр шууд өгөх нь зүйтэй. Энэ хууль нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа учраас Цэц дээр очоод унана. Ингээд л ахмадууд зээлтэйгээ үлдэж, мөнгө нь байхгүй болно. Үүнийг бид сонгуулийн шоу гэж хардаж байгаа. Иймд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Мөн цааашдаа тэтгэврийн зээлийг хаах талаар хуулийн төсөлд тусгасан. Үүнийг бид хүний эрхэд халдаж, Үндсэн хуулийн суурь зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Тэтгэвэр гэдэг нь тухайн иргэний өмч. Гэтэл хуулийн өмнө тэгш эрхтэй иргэн банк хоёр хоорондоо тохиролцоод зээлийн харилцаанд оролцсон байхад гуравдагч этгээд төр дундаас нь орж, зээлийг нь төлөөд дахин зээл авах эрхийг нь хааж байна. Энд маш том зөрчил үүсэж байгаа. Тиймээс бид бүх ахмад настанд энэ мөнгийг олгох ёстой гэсэн саналаа УИХ-д хүргүүлнэ. Хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол тэмцэл хийнэ.
-УИХ-ын намрын чуулган завсарлахад хэдхэн хоног үлдлээ. Гэтэл ээлжит чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас өөр дорвитой асуудал хэлэлцсэнгүй. Одоо чуулганаар хэлэлцэх чухал асуудал бий юү?
-Үндсэн хуулийн дагуу Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, байгалийн баялгийг тэгш хуваарилах Газрын тухай хууль, Орон сууц, гэр хорооллыг хөгжүүлэх гээд олон хуулийг хэлэлцэх хэрэгтэй байна. Заримдаа чуулган хуралдахгүй байх үе ч байна.
-Улс төрийн намын тухай хуульд 2004 оноос хойш өөрчлөлт ороогүй. Үүнийг энэ удаагийн парламент өөрчлөх асуудал юу болсон бэ?
-Энэ бол хамгийн түрүүнд шийдэх ёстой чухал хууль байсан. Гэтэл одоо хэр нь өөрчлөлт оруулаагүй хэвээр байна. Бид энэ талаар санал гаргана. Мөн ажлын хэсэгт орж ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байсан ч хойшилсоор байна. Энэ хуулийн өөрчлөлтийг танай нам хэрхэн харж байгаа вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд бидний дэмжсэн дэмжээгүй олон асуудал бий. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаан жилд нэг удаа зохион байгуулахыг дэмжсэн.