Х.Нямбаатар: Бэлгийн дарамт үйлдэл болсон тохиолдолд эрүүгийн хуулиар шийтгэнэ
2020.01.14

Х.Нямбаатар: Бэлгийн дарамт үйлдэл болсон тохиолдолд эрүүгийн хуулиар шийтгэнэ

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин, Сэтгүүлч Б.Сэлэнгэ

  • 2017 оны долдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл үйлдэгдсэн, шалгагдаж байгаа авлига, албан тушаалын хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй
  • Гүтгэх заалтыг эрүүгийн хэрэгт тооцох саналыг МСНЭ дэмжсэн

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг оновчтой болгож, бусдад ял завшуулах нөхцөл бүрдүүлэхгүй байх, хар тамхи мансууруулах бодисын гэмт хэрэгт оноох ялыг чангатгах, тэгэхдээ энэ төрлийн хэрэгт 12-20 жил, эсхүл бүх насаар нь хорьдог болох зохицуулалтыг тус гаад буй. Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар торгох ялаар шийтгэж байгаа биеэ үнэлэхийг зохион байгуулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэргийг Эрүүгийн хуулиар шийтгэхээр тусгасан байна. Түүнчлэн аргагүй хамгаалалтын зохицуулалтын хамрах хүрээг өргөжүүлж буй.

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд орж буй нэмэлт, өөрчлөлтийн зарим онцлох заалтын талаар уг хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатараас тодрууллаа.

 
-Ажлын байрны бэлгийн дарамтыг зөрчилд тооцохоор Зөрчлийн тухай хуульд тусгажээ. Гэтэл 2017 онд Эрүүгийн хуульд байсан ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой зохицуулалтыг авч хаяснаар эрх зүйн орчныг дордуулсан гэж тодорхойлоод буй. Зүй нь Эрүүгийн тухай хуулиар энэ төрлийн хэргийг шийдэх ёстой бус уу?

-Зарим төрлийн гэмт хэрэгтэй уялдсан зөрчлүүдийг Зөрчлийн тухай хуульд тусгаж байгаа. Тухайлбал, ажлын байрны бэл-гийн дарамт байна. Эрүүгийн хуульд зааснаар хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд ажлын байрны бэлгийн дарамтын талаар зохицуулсан. Энэ нь тухайн бэлгийн дарамт үзүүлэгчийн дарамтаас үүдэн бэлгийн харьцаанд орсон бол үүнийг хүчиндэх гэмт хэрэг гэж үзэж байгаа юм. Үйлдлээр биш ч үг хэлээр илэрхийлж тэвчишгүй байдалд оруулсан тохиолдолд хариуцлага тооцох боломжгүй байсан. Үүнийг Зөрчлийн хуульд оруулж, зөрчил гэж тодорхойлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажлын байранд тодорхой дарамт шахалт үзүүлэх, үг хэлсэн үйлдлийнх нь төлөө Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна. Харин энэ нь хүндрээд үйлдэл болсон то хиолдолд Эрүүгийн хуулиар зүйлчилнэ.

-Хүүхдийн тэтгэмжтэй холбоотой зохицуулалт нийгмийн анхаарлыг татаж буй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Зөрчлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд орж ирж буй өөр нэг томоохон өөрчлөлт нь эцэг, эх байх үүргээ биелүүлээгүй, тэжээж тэтгэх үүрэг буюу хүүхдийн тэтгэмж төлөхөөс зайлсхийсэн эцэг болон эхэд Зөрчлийн хуулиар хэрэг нээж, хариуцлага хүлээлгэх механизмтай болж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын судалгаагаар өнөөдөр олон мянган тэтгэмж төлөгч энэ үүргээсээ зайлсхийсэн байна. Мөн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар 2013 оноос хойш орхигдсон норматив тайлбар гаргаж өгөх эрхийг Улсын дээд шүүхэд нээж өгч байгаа. Өнөөдөр бараг бүх субьектүүд өөрсдийн ойлгож байгаагаар хуулийг тайлбарлаж, хэрэглэж байна. Тиймээс Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаж, тодорхой төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэх явцдаа гаргасан албан бус тайлбарыг тайлбар гэж үзэхгүй байхаар болсон. Улсын дээд шүүх хуулийг нэг мөр тайлбарлах норматив тайлбарыг эцсийнх гэж үзнэ гэсэн Цэцийн шийдвэрийг дагахаар хуулийн төсөлд суулгасан. 

-Зөрчлийн хууль дахь гүтгэх, доромжлох заалтыг Эрүүгийн хууль руу оруулсан. Ингэснээр сэтгүүлчид эрүүгийн гэмт хэрэгтэн болох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь хэвлэл мэдээлэл хараат бусаар хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхэд тушаа болох гээд байна? 

-Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудал эрүүгийн гэмт хэрэг болж байгаа нь ХЗДХЯ-ны оруулж ирсэн санал. Ажлын хэсэг дээр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагуудыг байлцуулан тал бүрээс нь ярилцсан. Одоогийн энэ томъёолол дээр санал нэгдсэн. Гүтгэх, доромжлох хэргийн субъект нь зөвхөн сэтгүүлчид биш. Энэ бол бүх хүнд хамаатай. Өөрөөр хэлбэл, хүний нэр төр, алдар хүндэд халдаж, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан илт худал мэдээлэл тараасныг гэмт хэрэг гэж үзэж байгаа. Шийтгэл нь торгуулийн санкцтай. 

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой санкц зөвхөн мөрдөн байцаалтын шатанд хамаатай юу? 

-2017 оны долдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл үйлдэгдсэн, шалгагдаж байгаа авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоох агуулгатай. Өөрөөр хэлбэл, өнөөдөр мөрдөн байцаалтын шатанд байгаа Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа бүгд зогсож байгаа. Үүнээс хойш зөвхөн мөрдөн шалгах хугацааны тухай ярина. Харин энэ хугацаа нь тухайн төрлийн гэмт хэргийн мөрдөн шалгах ерөнхий ангид заасанчлан хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байх юм. Тэгэхдээ үүнээс цааш дахин хугацаа сунгахгүй байхаар хуульд тусгасан. Мөн прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон, шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж, шалгана гэсэн үг.