Ё.Баатарбилэг: Сурагчдад насанд хүрэгчдийн кино үзүүлээгүй
2020.01.14

Ё.Баатарбилэг: Сурагчдад насанд хүрэгчдийн кино үзүүлээгүй

Эх сурвалж. Монголын мэдээ сонин, сэтгүүлч Д.ОЮУН-ЭРДЭНЭ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа. 


-“Монгол тэмүүлэл” сур­гуудлийн хичээлийн байрыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-“Монгол тэмүүлэл”  болон  133  дугаар сургуулиудтай холбоотой асуудал бараг жил орчим үргэлжилж байна. Жагсаал цуглаан зохион байгуулж, өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн. Тухайн хичээлийн байранд хоёр сургуулийн 4000 гаруй хүүхэд хичээллэж байна. Тиймээс Кэмбрижийн сургалттай “Монгол Тэмүүлэл” сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэг бүтэн корпуст засвар хийн шилжүүлэхээр боллоо. Олон улсын стандарттай, цөөхөн хүүхэдтэй “Монгол тэмүүлэл” сургуулийг шилжүүлээд, шинэ хичээлийн байрны зураг төсөв хийгдээд улсын төсөвт суулгаж өгсөн.  Миний хувьд “Монгол тэмүүлэл”  сургуулийн удирдлага, эцэг, эхчүүдтэй хэд хэдэн удаа уулзсан. Улмаар  газрыг ч шийдсэн бөгөөд ирэх гуравдугаар сараас барилгын ажлыг эхлүүлэх юм. Энэ хичээлийн байрыг тус сургуулийн удирдлагууд, багш нар ирж үзээд сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн. Тус сургууль хоёр автобустай учраас Улаанбаатарын хотын дүүрэг бүрээс ирж сурдаг хүүхдүүдэд унааны хүндрэл гарахгүй гэж тооцоолсон.  Харин 133 дугаар сургуульд 3000 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг учраас хичээлийн байрыг  нүүлгэх,  өөр сургуульд тараан байрлуулах ямар ч боломж байхгүй. Гэхдээ тус сургуулийг өргөтгөж, хойд талд нь шинэ хичээлийн байр барина. Тэгэхээр үндсэндээ, 2020-2021 оны хичээлийн жилд асуудал үүсээд байсан дээрх хоёр сургуулийн байрыг  бүрэн шийдэх боломжтой. 

-Ханиад,  томуутай хол­боо­той сурагчдын амралтын дахин сунгах уу?

-Сурагчдын амралтыг нийслэлийн хэмжээнд долоо хоног сунгасан. Улмаар  энэ сарын 20-ны өдрөөс ЕБС-ийн хичээл орно.  Хөдөө орон нутагт дөрвөн аймаг хойшлуулах хүсэлт тавьсан, бусад нь сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын хүрээнд нийслэл хотод утаа, агаарын бохирдлын асуудал харьцангуй гайгүй буюу 50 орчим хувиар буурсан гэсэн үзүүлэлттэй байгаа тул үүнтэй холбоотой халдварт өвчин бага байгааг Эрүүл мэндийн яам онцолсон. 

-Драмын театрыг  нураах талаар цахим орчинд мэдээлэл гараад  байгаа. Энэ талаар  мэдээлэл өгөөч?

-2019 оны аравдугаар сарын 8-нд миний өгсөн байр суурь, яамны шийдвэр хэвээр. Тайван амгалан байж болно. УДЭТ-ыг нураахгүй. Сонгууль дөхөж байгаа энэ үед янз бүрийн мэдээлэл гарч байна. Энэ онд соёлын салбарт маш олон хөрөнгө оруулалт хийхээр байсан ч газрыг нь авах гэж байна гэх мэт мэдээлэл гараад Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байна. 2020 онд барилга болон тоног төхөөрөмж, тайз дэлгэцийг засах хоёр тэрбум төгрөг суулгасан. Энэ долоо хоногт Төв номын сангийн барилга, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга, Улсын драмын эрдмийн театрт ажиллана. Гурван байгууллага тус бүрт шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Барилгын засвараас гадна хэрэгцээт зүйлсийг асууж тодруулна. Ямар ч байсан 2021 он гэхэд эдгээр гурван барилгыг засаж, сайжруулна.   

-Гурван байгууллагад зур­гаан тэрбум төгрөгөөр засвар,  шинэчлэлтийг хийс­нээр  цаашид хэр удаан ашиглах вэ?

-Аль болох боломжийн сайн засвар хийх ёстой гэж үзэж байгаа. Тухайлбал, дуурь болон драмын театрууд өмнө нь засварын зураг хийлгэсэн юм билээ. Хөрөнгө оруулалтын газрынхан тухайн зургуудад үнэлэлт дүгнэлт хийнэ. Ингээд хэр удаан насжилттай, баталгаатай вэ гэдэг нь харагдах байх.  

-Сургалтын үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад шалгалт хийсэн талаар мэдээлэл өгөөч?

-Гадуур  маш  олон сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Цахим орчинд гадаадад сургана, диплом олгоно гэх мэт иргэдийг төөрөгдүүлсэн сурталчилгаа явуулж,  хуулийн цоорхой ашиглаж ихээхэн гуйвуулж байна. Ялангуяа мэргэжил олгодог дамжаа, зөвшөөрөлтэй сургалтын төвүүд,  мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн  төвүүд  хүртэл мэргэжил олгоно гэж мэдээлж байна. Үүнийг бид залилан мэхлэлт гэж үзсэн. Тиймээс 2019 оны аравдугаар сард салбарын сайдын  тушаал гарч, гадуур байгаа сургалтын төвүүдэд ХНХЯ-тай УБЕГ, ЦЕГ-тай хамтарч шалгалт явууллаа. Шалгалтаар олон зөрчил дутагдал илэрсэн бөгөөд үүний дагуу ХНХЯ-ны сайд, мэргэжлийн хяналтын байгууллага, улсын бүртгэлийн газарт бичиг хүргүүлсэн. Их, дээд сургууль, институт нэртэйгээр улсын бүртгэлийн газраас сургалтын үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллага гэсэн нэртэй зөвшөөрөл авдаг. Цэцэрлэгийн туслах багшийг 14 хоногийн хугацаанд бэлдэж, дипломтой төгсгөж байна. Эдгээр газрууд аль ч яамнаас зөвшөөрөл авалгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учир ард иргэд болгоомжтой байгаарай гэдгийг хэлмээр байна. 

-Бодит хохирлыг хэрхэн тооцдог юм бол? 

-Тухайн газруудад тодорхой хэмжээний төлбөр төлөөд сурч байгаа.Гэтэл сурсан, төгссөн мэр­гэж­лээрээ холбогдох га­зар очоод  хандахад тухайн  дипломыг нь зөвшөөрдөггүй. Тэгэхээр иргэд сургалтын төлбөрөөрөө хохирж байгаа юм. 

-Чингис хааны онгон олдсон талаар яригдаад байгаа. БСШУСЯ ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Бидэнд албан ёсоор мэдээлэл ирээгүй.  Хэрвээ ийм мэдээлэл ирвэл Шинжлэх ухааны академийн түүх, архелогийн хүрээлэнд хамгийн түрүүнд мэдээлэл ирээд, Соёлын өвийн хуулийн хүрээнд авран хамгаалах ажиллагаа явуулах ёстой.  Шинжлэх ухааны академ  мөн л ийм мэдээлэл аваагүй гэдгээ хэлсэн. 

-“English school of Mongolia” дунд сургуулийн сурагчдад насанд хүрэгчдийн кино үзүүлсэн талаар эцэг, эхчүүд гомдоллож буй. Энэ  талаар танд мэдээлэл байна уу?

-“English school of Mongolia” дунд сургуулийн сурагчдад багш нар зүй бус үйлдэлтэй насанд хүрэгчдийн  кино үзүүлсэн гэх яриа цахимаар тарсан. Энэ мэдээллийг анх жиргэсэн хүнийг БЗД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм билээ. Манай яамнаас ажлын хэсэг гарч ажиллахад, тийм зүйл болоогүй гэдэг нь тодорхой болсон.