Л.Болд: Жирийн иргэд “ШИНЭ” намаас нэр дэвших боломжтой
Эх сурвалж. Монголын мэдээ сонин, сэтгүүлч Х.Болор
УИХ-ын гишүүн Л.Болдтой Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн талаар ярилцлаа.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганаар орж байна. Энэ хуулийн төслийн гол өөрчлөлтүүд, өмнөх хуулиас дээрдсэн зүйлүүд нь юу байна вэ?
-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд улс төрийн намуудын зөвлөгөөн хийгээд тодорхой саналуудыг холбогдох ажлын хэсэг, байнгын хороонд тавьсан. Техникийн голдуу асуудлуудад засаж сайжруулсан зүйл олон байгаа байх. Гэхдээ хийх ёстой байсан гол өөрчлөлтийг хийж чадаагүй гэж харж байгаа. “ШИНЭ” намын зүгээс оруулсан саналуудын ихэнхийг нь унагааж, ганцхан саналыг л байнгын хороо дэмжлээ. Энэ хуулийн төслийн хамгийн том алдаа нь сонгуулийг ирцгүй болгохоор хуульчилж оруулж ирсэн явдал. Ирцгүй гэдэг нь 6000 хүн амтай сумаас 100 хүн сонгуульд оролцож саналаа өгөхөд түүнийг хүчинтэйд тооцон дүнг гаргана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, МАН өөрсдөд нь санал өгөх 100 хүнийг цуглуулж, санал өгүүлээд, сонгуульд ялалт байгуулах боломжтой болно гэсэн үг. Хэрэв энэ хэвээр нь баталбал орон нутгийн засаг захиргаа иргэдийн төлөөлөл байхаа больж, намууд тоглолт хийсэн хаалттай байгууллага болно. Тухайн нам сонгуулиа нууцаар зарлаад хийхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс Нийт хүн амын 50 хувиас дээш ирцтэй байж хүчинтэйд тооцдог байдлыг хэвээр үлдээх ёстой юм. Ард түмнийг төлөөлөх чадвар гэдэг заавал ард түмний олонхи оролцож, дэмжиж байж хүчин төгөлдөр байх ёстой юм. Сонгуулийн ирц яагаад муу байна вэ гэхээр, намын “гологдлууд” нэр дэвшдэгт байгаа.
УИХ-ын сонгуулиас унасан нь хотод, хотоос унасан нь дүүрэгт, дүүргээс мултарсан нь хороонд нэр дэвшдэг байдал иргэдийн сонгуулийн идэвхийг бууруулж байгаа гол шалтгаан. Харин орон нутгийн сонгуулийн ирц харьцангуй өндөр байдаг. Яагаад гэвэл өөрсдөд нь хамгийн ойрхон түвшний төрийн байгууллага учраас дундаасаа хэнийгээ сонгох вэ, хэн нь энэ албанд хамгийн сайн тохирох, хэн нь ард түмний төлөөлөл байж чадахыг мэддэг учраас ирц өндөр байдаг юм. Түүнээс гадна улс төрийн намуудыг орон нутгийн сонгуульд оруулахгүй байх ёстой. Намчирхлын сонгуулийн дүнд намуудын тооны харьцаа тэнцчихээр төрийн алба эзгүйрдэг. Хан-Уул дүүргийн 21 хорооны 16 нь Засаг даргагүй байх жишээтэй. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дөрвөн жил хуралдаж чадахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Хоёр тал хүч тэнцүү болчихоод хэн хэнийгээ хүлээн зөвшөөрөхгүй гэдийж, үүний гороор гудамжинд хог овоорч, зам талбай сүйдсээр төргүй мэт байдалд хүргэж байгаа юм. Иргэдийн өдөр тутмын амь, амьжиргааны асуудлыг шийдэхийн тулд биш намынхаа даргад бялдуучилж, гишүүддээ саналын багц бэлдэх, төсвөөс хуваарилсан мөнгөнөөс хулгайлах, эсвэл зөвхөн өөрийнхөө дэмжигчиддээ хүртээдэг байдал Монгол төрийн хамгийн том гажуудал болчихоод байгаа юм. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд энэ гажуудлыг засах талаар маш тодорхой саналуудыг ШИНЭ намын зүгээс оруулсан ч байнгын хорооны хуралдаанаар ихэнх нь унасан.
-Орон нутгийн сонгуульд намуудыг оролцуулахгүй гэхээр нэр дэвшигч нам бус байх ёстой гэсэн үг үү?
-Нам, нам бус байх нь хамаагүй. Гол нь иргэдийн саналаар нэр дэвших ёстой. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийг намаас биш иргэд өөрсдөө хэнийг нэр дэвшүүлэхээ сонгох ёстой юм. Намаас нэр дэвшүүлэхээр хуралд нэг намынхан орж ирэхэд нөгөө намынхан нь байдаггүй. Ийм байдлаар төрийн ажил гацаанд орж байна. Үүний тод жишээ нь Баянзүрх дүүрэг боллоо шүү дээ. Намын дарга тушаал өгсөн л бол иргэдийн тулгамдсан асуудал, тэдний итгэл найдвар далан долдугаар асуудал болчихдог. Товчхондоо ямар ч зарчимгүй улс төр рүү яваад орчихож байгаа юм.
-Орон нутгийн сонгуульд намуудыг оролцуулахгүй байх танай санал уначихсан юм байна. Тэгэхээр энэ гажуудлыг засах өөр ямар хувилбар байна?
-Засах боломж бараг байхгүй. Гэхдээ манай нам энэ асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, хувьсгал хийж энэ завхарлыг орон нутгийн сонгуулиас өмнө засаж залруулахад анхаарна. УИХ-ын сонгуулийн дараа намуудын хүчний харьцаа өөрчлөгдөх учраас энэ үед асуудлыг оруулж, засаж залруулах боломжтой гэж харж байгаа.
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх үед эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлыг нэлээд хөндөж байсан ч амжилт олоогүй. Орон нутгийн сонгуулийн хуулиар эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлсэн үү?
-Эмэгтэйчүүдийн квот хэвээрээ байгаа юм билээ. Анзаараад байхад эмэгтэйчүүдийн оролцоо орон нутагт тааруу байдаг шүү дээ. Энэ утгаараа орон нутгийн сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх нь зөв болов уу.
-Шилжилт хөдөлгөөнийг зогсоохтой холбоотой нэлээд маргалдаж байсан. Учир нь найм, ёсдүгээр сар буюу шилжилт хөдөлгөөний хамгийн идэвхтэй цаг үед шилжилт хөдөлгөөнийг зогсоох нь иргэдийн эрх ашгийг зөрчинө гэж зарим гишүүд эсэргүүцэж байсан. Таны байр суурь ямар байгаа вэ?
-Сонгуультай холбогдуулж шилжилт хөдөлгөөнийг зогсоохыг би таашаадаггүй. Ялангуяа орон нутгийн сонгуулийн үед шилжилт хөдөлгөөнийг зогсоох нь бүдүүлэг хэрэг. Төр ямар ч тохиолдолд иргэдийнхээ эрх ашгийг хааж болохгүй. Найм, ёсдүгээр сард сургууль цуглахтай холбоотойгоор хамгийн их шилжилт хөдөлгөөн хийдэг сар. Гэтэл үүнийг нь сонгууль гээд хаачихвал иргэдэд хүндрэл учирна. Тэгэхээр цаашид шилжилтийг зөвшөөрч, саналыг нь орон нутагт нь авдаг байхаар зохицуулах ёстой юм.
-ШИНЭ нам нэр дэвшигчдээ хэрхэн сонгох вэ. Сонгуулийн зардлаа яаж бүрдүүлж байгаа вэ?
-Одоогоор манай намын дэмжигч гишүүд 100 гаруй мянга болсон. Бид нэр дэвшигчдээ бусад намууд шиг хэдэн хүн сууж байгаад хэнийг хаана нэр дэвшүүлэхийг шийдэхгүй. Мөнгө аваад нэр дэвшүүлэх бэлэн гишүүд ч алга. Ерөөс манай намын бодлогод ч мөнгө аваад нэр дэвшүүлэх асуудал байхгүй. Бид нэр дэвшигчээ иргэдийн саналаар тодруулах юм. Тэгэхгүй бол иргэдэд ямар ч сонголт байхгүй болчихоод байна шүү дээ. Тойрог бүрт зоосон МАН-ын хүнийг үү эсвэл АН-д 100 сая төгрөг өгч эрх авсан хүнийг үү гэдэг сонголтыг л иргэдэд өгч байна. Тэгвэл ШИНЭ нам энэ дунд жирийн иргэдийн төлөөлөл оролцох боломжийг бүрдүүлж өгөх юм. Бүх тойрогт иргэд манай намын нэрээр чөлөөтэй нэр дэвших боломжтой гэсэн үг. Сонгуулийн зардлын хувьд хамгийн багаар тооцож, тараах материалаа маш хямдхан өртөгөөр хийнэ. Гол нь иргэд өөрсдийн саналаар нэр дэвшүүлсэн хүндээ саналаа өгөх байх гэж найдаж байгаа. Нэр дэвшигчийг намаас гаргахаар хэний ч мэдэхгүй хүн очоод өөрийгөө сурталчилдаг. Бид бол тэгэхгүй. Тухайн тойрог, газар орныхон хамгийн сайн мэддэг хүнээ өөрсдөө дэмжиж нэр дэвшүүлэх боломжийг олгоно. Тэгэхээр сонгуулийн сурталчилгаа зэрэг зардал гаргах шаардлагагүй.
-Тэтгэврийн зээлийг тэглэх болсонтой холбоотойгоор ШИНЭ нам ахмадуудад адил тэгш мөнгө тараах ёстой гэсэн байр сууринд хатуу зогсож байсан. Өмнө та халамжийн бодлогын эсрэг байр суурьтай байсан хүн шүү дээ?
-Ард түмнийг халамжид тулгуурлаж амьдралаа залгуулдаг эдийн засгийн буруу бодлого Монголд 30 жилд явчихлаа. Одоо тэгээд энэ хүмүүсээ харж үзэхгүй гэвэл утгагүй. Халамжийн бодлого яаж явах гэхээр иргэн бүр баялгаас хувь эзэмшиж, түүнийхээ үр ашгийг хүртдэг байх эдийн засгийн хамгийн зөв тогтолцоог санал болгосон. Мэдээж үүнийг хэзээ ч хүлээж авахгүй байх. Баялгийг нь хулгайлаад, хулгайлснаасаа бага зэрэг илүүчилж, халамж болгож олгож байна. Иргэдийн өмчийг бүлэглэл хулгайлчихаад, илүүчилсэн багахан хэсгээр нь иргэдийг хар тамхи шиг угжиж, саналыг авдаг байдлыг хууль ёсны болгочихсон гаж тогтолцоо руу орчихсон юм. Тэгэхээр ийм нөхцөлд иргэдээ өлсөж үх гэлтэй нь биш халамжийг зогсоож болохгүй. Гэхдээ яваандаа баялгийн хувьсгал хийж, баялгийг ард түмэнд өмчлүүлэх ёстой. Эдийн засгийн баялгаа монголдоо бий болгоод түүнээсээ иргэд үр ашгийг нь хүтээд явбал эдийн засагт ямар ч сөрөг нөлөөгүйгээр иргэдийн амьдрал дээшилнэ. Одоо монголын ард түмнийг амьдрах нөхцөлгүй болгоод, чадвартай залуусыг гадагшаа “экспортолж”, зөвхөн халамж авах хэмжээний хүмүүсийг тэжээж байгаад үхүүлэх гэсэн бодлого л явж байна.
-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудал юу болж байна?
-Шүүх нь зургаан сар жүжиглэлээ. Бүх ард түмэнд ил болсон бичлэгийг цаасан дээр нотол гэсэн шаардлага тавьж байгаа. Нас барсных нь гэрчилгээ гараагүй учраас амьд гэж үзэж байгаатай яг адилхан байдлаар хандаж байна. Шүүх засаглалын хорт хавдар энд үйлчилж байна. Т.Чимгээ саяхан эмээ болсон. Энэ хүн хүний амьдралд үзэж болох хамаг л хэцүү бүхнийг туулж яваа эмэгтэй. Т.Чимгээ удахгүй өлсгөлөн зарлана гэдгээ бидэнд мэдэгдсэн. Эмнэлэгт биеийн байдал нь хүнл байгаа тэр хүн амь насаараа дэнчин тавьж, эрх чөлөөний төлөө тэмцэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Бидний таван гишүүн ярьж байгаад дараагийн шатны улс төрийн акци хийхээр ярилцаж байна.