Х.Амгаланбаатар: Тэтгэврийн шинэчлэлд шимтгэл төлөгч талуудын байр суурийг тусгах ёстой
Эх сурвалж. Өглөөний сонин, сэтгүүлч А.Амартүвшин
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай Нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох талаар ярилцлаа.
-Албан ёсны хөдөлмөр эрхлэлтээ зогсоосны дараа амьжиргааны баталгаажилттай байх ёстой ахмадууд хөдөлмөрийн хөлснөөс ч доогуур орлоготой байгаа. Энэ нь амьдралын баталгаагаар хангагдаж чадахгүй байна гэсэн үг. Үүнийг хэрхэн шинэчлэх боломжтой вэ?
-Тэтгэврийн даатгалын тогтолцоо шинэчлэх асуудал бол гэнэт 2019 оны сүүлээр 2020 оны эхээр яригдаж байгаа асуудал биш. Арав гаруй жилийн өмнөөс Дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд, Япон Улсын энэ чиглэлийн судалгааны байгууллага, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НДЕГ-тай хамтран маш олон судалгаа хийсэн байдаг. Судалгааны дүнгүүдээс харахад, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Яагаад шинэчлэх шаардлага байна гэвэл ахмадууд тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээл ихтэй байна гэдэг бол тухайн авч буй тэтгэвэр нь тэтгэврийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн тодорхой илэрхийллийг үзүүлж байсан.
Саяхнаас шийдлийн хүрээнд эрчтэй яригдаж байна. Энэ асуудал яригдаж байгаа нь бидний өмнө явуулж байсан ажлуудыг илүү эрчимжүүлэх боломж бололцоо болж байгаа. Төр, засгийн шийдвэр гарагчдыг илүү идэвхтэй ажиллуулахад нөлөөлж эхэлсэн. Гэхдээ Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллага тэтгэврийн шинэчлэлийг шууд хийдэг шинэчлэл биш гэдэгт хатуу байр суурьтай байгаа. Одоогийн тогтолцоо тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. Өнөөдөр ч гэсэн үүргээ гүйцэтгээд ахмадуудын тэтгэврийг бага боловч тасалдуулахгүй өгөөд явж байна. Одоо энэ тогтолцоог улам сайжруулах шинэчлэлийг хөндөж ярих ёстой. Тиймээс Европын 10 гаруй орны тэтгэврийн шинэчлэлийг хийсэн нөхцөл байдлыг судаллаа.
Тэдгээр орнууд манайх шиг “Эв санааны нэгдэл”-ийн зарчим дээр суурилсан тэтгэврийн даатгалын тогтолцоогоо огцом өөрчлөөд, 7-8 жилийн дараа эргээд энэ асуудлаа эргэн авч үзэж сайжруулах ийм нөхцөл байдал руу шилжиж байна. АНУ-ны жишээ нь дээр ярихад, улс төрийн шийдэлтэй анхаарал татсан асуудал хэвээрээ байгаа. Ийм учраас энэ асуудал дээр маш нухацтай хандах ёстой. Нэгдүгээрт, тэтгэврийн хувь хэмжээг ойрын хугацаанд яригдаж байгаа байгалийн баялгийн сан, эсвэл улсын төсвийн хүрээнд ч юм уу уул уурхайн хүрээнд тодорхой баялаг дээр тулгуурласан сангаар ахмадуудын тэтгэврийн хувь хэмжээг боломжийн хэмжээнд нэмэгдүүлэх нь тэтгэврийн шинэчлэлийн эхний алхам болно. Хоёрдугаарт, хэлэлцээрт яригдаж байгаа гурван тулгуурт тэтгэврийн бодлогоо хууль эрх зүйн орчных нь хүрээнд баталгаажуулах ёстой. Энэ асуудал хаврын чуулганаар орох болов уу гэж бодож байна. Гэхдээ өнөө маргаашгүй энэ зүйл бэлэн болно гэсэн үг биш. Нийгмийн даатгалын тогтолцоонд өөрийн шимтгэлээ өгөөд явж байгаа талуудын байр суурь нэгдсэн тохиолдолд энэ бодлогын эрх зүйн шинэчлэлийг хийх ёстой.
-Тэгэхээр хуулийн төсөл яригдаад явж байгаа гэж ойлгож болох уу?
-Зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны түвшинд яригдаж байгаа. УИХ-ын түвшинд бол Н.Учрал гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг саяхан байгуулагдсан. Энэ ажлын хэсгийг дагасан нийгмийн түншлэгч талуудыг оролцуулсан дэд ажлын хэсэг байгуулагдах байх гэж бодож байна. УИХ дахь ажлын хэсэгтэй хамтраад энэхүү тэтгэврийн шинэчлэлийг тодорхой бодлого хууль эрх зүйн орчны төслийг аль болохоор түргэн оруулах хэрэгтэй. Эхний ээлжид өнөөдрийн “Эв санааны нэгдэл”-ийн зарчим дээрээ суурилсан бусад мэргэжлийн болон хувийн даатгалын тогтолцоог давхар хөгжүүлсэн давхар, давхар шинэчлэл хийгдэх болов уу гэсэн эхний төсөөлөлтэй байна. Өнөөдөр энэ асуудлын шийдлийг шууд хэлэхэд эртэднэ.
-Одоо хөдөлмөр эрхэлж буй иргэд шимтгэлээ төлөөд явж байгаа. Харин малчид эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд 20-25 жил огт шимтгэл төлөөгүй хэрнээ нэг удаа мөнгө төлөөд тэтгэвэрт гарах жишээтэй. Энэ шударга бус тогтолцоог өөрчлөх талаар хөндөх үү?
-Үе үеийн УИХ-ын сонгуулийн өмнө цэргийн албан хаагчдын болон малчдын тэтгэврийн асуудлыг хөндөж ирсэн. Мөн өмнө нь огт ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хэмжээнд боломж гаргаад тэтгэвэрт гаргах бололцоог нь хангасан. Энэ бүхэн сонгуулийн өмнө л болдог. Энэ байдлыг зогсоох хэрэгтэй. Мэдээж нийгмийн хамгааллын бодлого малчин болон ажилгүй иргэд рүү ч чиглэх ёстой. Цэргийн албаныхны тухайд ажлын нөхцөл шаардлага нь өөр байдаг учраас тусгайлсан тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх дээр улс төрйин тоглолт хамаагүй хийж болохгүй.
Ер нь энэ нөхцөл байдал өөрөө тэтгэврийн даатгалын шинэчлэл шаардлагатайг хэлж өгөөд байгаа юм. Энэ байдлыг урт хугацаанд нь харж, шийдвэрлэх ёстой. Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгохоор Нэрийн дансны хуулийн төслийг боловсруулаад багагүй хугацаа өнгөрөөд байна. Нэрийн дансыг мөнгөтэй болгон санхүүжүүлэх ёстой. Энэ данс мөнгөтэй данс байх ёстой. Одоо хий бичигдээд явж байгаа. Бүр цаашлаад Нэрийн дансны тухай хуулиа хүчингүй болгож магадгүй ийм нөхцөл байдал яригдаж байна. Хариуцлагатай улс төрийн шийдлүүдийг улс төрийн хүчнүүд маань өөрсдөө гаргах сигнал өгдөг. Зөвхөн энэ тэтгэврийн даатгалын тогтолцоо ч биш олон асуудал дээр энэ асуудал яригдана.
-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг яавал улстөржилтөөс хамгаалах вэ. Өнгөрсөн хугацаанд энэ сангийн хөрөнгийг зөв зүйтэй удирдаж чадаагүйн улмаас ажилтан болон албан байгууллагаас авах шимтгэлээ нэмэгдүүлж ирлээ?
-Нэгдүгээрт, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг хуулийн дагуу байгуулах ёстой. Өнөөдөр даатгуулагчийг төлөөлсөн төлөөлөл бол хуулийн дагуу сонгогдож ажиллаж чадахгүй байгаа. Даатгуулагчийн төлөөлөлд дийлэнх олонхыг эрх ашгийг илэрхийлсэн үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас гурван хүн байх ёстой. Гэтэл одоо ямар хүмүүс байна уу гэхээр МҮЭХ-оос холбооны ерөнхийлөгч миний бие ганцаараа энэ зөвлөлд багтаж байгаа. Нөгөө хоёрын хүний нэг нь даатгагчдын холбооны тэргүүн. Даатгагч гэдэг нь даатгуулагч биш. Өөрөөр хэлбэл, даатгагч компанийн төлөөлөл тэнд сууж байна гэсэн үг. Тиймээс энэ нийгмийн даатгалын тогтолцоондоо хяналт тавих Үндэсний зөвлөлийг хуулийн хүрээнд байгуулах ёстой.
А.АМАРТҮВШИН