О.Баасанхүү: МАХН Н.Энхбаяраар удирдуулбал ялагдана
2020.01.29

О.Баасанхүү: МАХН Н.Энхбаяраар удирдуулбал ялагдана

Эх сурвалж: Монголын мэдээ сонин, Сэтгүүлч Х.Болор

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Сонгуулийн тойрог болон мандатын хуваарилалт тодорхой боллоо. Энэ удаагийн сонгуулийн тойрог, орон нутаг болон нийслэлд хуваарилсан мандатын тоотой та санал нэг байна уу?

-Хуулиа л барих хэрэгтэй. Хууль нэгэнт батлагдчихсан учраас хуулийг шүүмжлэх гэдэг ойлголт одоо байхгүй. Харин түүнийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх гэдэг л гол асуудал. Сонгуулийн тухай хуульд олон мандат гэж заасан. Тэгэхээр нэг тойрог хоёр ба түүнээс дээш тооны мандаттай байх ёстой юм. Үүний дагуу дөрвөн аймгийг тус бүр хоёр тойрогтой болгож байгаа нь ямар ч маргаангүй гэсэн үг. Харин ингэхдээ Улаанбаатараас дөрвийг нь авах уу эсвэл гурван мандаттай аймгуудын нэг, нэг мандатыг авах уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Энэ удаагийн сонгууль томсгосон гэдэг утгаараа нэг хүн нэг сонголт хийх үү эсвэл нэг хүн таван сонголт хийх үү гэдэг л гол асуудал нь. Энэ тохиолдолд Улаанбаатар хотын хувьд давуу талтай байгаа. Бүх дүүргүүд нь хоёроос тав хүртэлх мандаттай байхаар хуваарилсан. Нэр дэвших нь бүх аймагт тэгш шүү дээ. Намаар ярих юм бол ойролцоогоор 30-40 хүн нэр дэвшинэ.

Тэр дотроос сонголт хийх тоо нь  гурав байх уу, хоёр байх уу эсвэл тав байх уу гэдэг чухал. Тэгэхээр сая гаруй хүнтэй Улаанбаатарын хувьд таван хүн сонгож байна гэдэг муу биш. Гурван зуун хүнийг таван хүн төлөөлөх үү, 300 мянган хүнийг таван хүн төлөөлөх үү гэдэг байдлаар ярьж байгаа нь минийхээр буруу. Яагаад гэвэл Үндсэн хуулиараа нэгдүгээрт газар нутгийг онцгойлох ёстой. Өөрөөр хэлбэл, 21 аймгийн бүх газар төлөөлөлтэй байх ёстой юм. Хэрвээ жижигрүүлсэн мажоритар байсан бол өөр хэрэг. Томсгосон учраас зуун мянгаас дээш хүн нийлээд гурван хүнийг дугуйлж, тэдний 200-300 нь таван хүн дугуйлна гэдэг буруу биш гэж харж байна. Улс төр талаасаа харвал хуульд олон гэдэг үгийг оруулаагүй байсан бол өмнөх нэг, нэг байсан нь зүгээр байсан юм. Нэгэнт хууль батлагдсан учраас нийслэлийн дөрвөн мандатыг орон нутагт шилжүүлж байгааг шүүмжлээд хэрэггүй. 

-Хуулиараа нийслэлийн ман­датыг бууруулахгүйгээр орон нутгийн мандатын хуваарилалтыг зохицуулах боломжгүй гэсэн үг үү. Нийслэлийн мандатыг цөөлөх нь эрх баригчдад ашигтай юу?

-Нийслэлийн мандат 28 байгаад 24 болж байна шүү дээ. 24 гэдэг тоог харахаар бага юм шиг харагдаж байгаа ч нэг иргэний дугуйлж байгаа тоогоор харвал олон. Жишээ нь, Булганыхан хоёрхон хүн дугуйлж байна. Гэтэл Улаанбаатарынхан таван хүн дугуйлна. Нэг хүнийг хоёр хүн төлөөлөх, таван хүн төлөөлөх хоёр өөр биз дээ. Тиймээс үүнийг Сонгуулийн хуулийнхаа онцлогт тааруулж ойлгох ёстой юм. Харин орон нутгийн мандатыг бууруулж болохгүй.

Жижиг­рүүлсэн тойргоор явуулсан өмнөх сонгуульд Орхон аймагт л гэхэд надад 35 мянган хүн санал өгөхдөө нэг, нэг хүн дугуйлж байсан. Одоо тэгвэл 100 гаруй мянган хүн санал өгөх гэж байна. Эдгээр сонгогчид 30 намын 100 гаруй хүнээс гурван хүнийг сонгох нь зарчмын хувьд алдаагүй. Улаанбаатар хотоос сонгогдсон хүн бол өдөр бүр тойргийнхоо иргэдтэй уулзаад, санал бодлыг нь сонсоод байж болно. Гэтэл ирж очих 700 километр явна гэдэг ганц хүнд асар их ачаалалтай байдаг. Жижигрүүлсэн тойрогт надад хамгийн хэцүү байсан зүйл бол хэдийгээр Эрдэнэтээс гурван хүн сонгогдсон ч гэсэн ганцаараа тийшээ яваад байх нь асар их ачаалалтай байсан. Тийм учраас олон байгаад, ээлжлээд тойрог дээрээ ирж байвал сонгогчдод ч гишүүддээ ч хэрэгтэй. 

-Сонгуулийн тухай хуулиар аймаг нэг тойрог гэж хуульчилсан атлаа аймгийг дотор нь хоёр тойрог болгож, хоёр аймгийг нэгтгэж байгаа нь хууль зөрчсөн асуудал  биш үү?

-Үгүй. Бүх аймаг нэг, нийслэл нэг гэсэн үг шүү дээ. Улаанбаатараас хэдэн их хурлын гишүүнтэй байлгах вэ гэдгийг дүүрэг бүрт хувааж байна. Налайх л гэхэд хоёр хүн сонгоно гэсэн үг шүү дээ. 

-Нийслэлийн мандатын тоог цөөлснийг АН-ын зүгээс эсэргүүцэж байгаа. Шалтгааныг нь та юу гэж харж байгаа вэ?

-Би өөрөө цөөнх учраас АН-ыг ойлгож байна. Сөрөг хүчин гэдэг утгаараа хэрвээ Улаанбаатарт 35, орон нутагт 41 мандат байхаар хуваарилсан бол АН ялгаагүй л шүүмжилнэ. Би АН-ыг сөрөг хүчний ажлаа л хийж байна гэж харж байна. Би бас сөрөг хүчин учраас адилхан сөрөг хүчнийхээ ажлыг зөв, буруу гэж шүүмжлэх нь утгагүй.

-Та Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын хүмүүсийг яарал­тай огцруулах ёстой гэсэн байр суурийг өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн. Ямар үндэслэлээр эдгээр хүмүүсийг огцрох ёстой гэж үзэж байгаа юм бэ?

-Би өнөөдөр /өчигдөр/ эрх баригчдад дөрвөн асуудлаар ил захидал явуулсан. Нэгдүгээрт, намд онцгой гавьяа байгуулсан байхаас үл хамааран “ялзарсан” удирдагч нараа солих цаг болсон гэдгийг хөндсөн. Ц.Нямдорж, М.Энхболд, Ж.Батзандан гэх мэт намдаа гавьяа байгуулсан хүмүүс байж болно. Ц.Нямдорж бол МАН-д гайхамшигтай гавьяа байгуулсан хүн шүү дээ. Гэхдээ ард түмэн хүнтэй нь хамт намыг нь устгах гээд байна. Хүнээс нь болоод намыг нь улс төрийн тавцангаас зайлуулах гээд байна.

Тийм учраас нам дотроо шинэчлэл хийж, энэ хүмүүсээ улс төрийн эрх мэдлээс нь холдуулах ёстой юм. Холдуулахгүй бол тэр нам улс төрийн дүнгээ тавиулна. Энэ утгаараа АН Э.Бат-Үүлээ нэр дэвшүүлэхгүй, Н.Алтанхуягаа хөөж, Ц.Элбэгдорждоо эрх мэдэл өгөлгүй холдуулсан нь зөв. Үүнтэй адил МАХН Н.Энхбаяр гэдэг хүнээсээ салах ёстой. Салахгүй бол Н.Энхбаяртайгаа хамт улс төрийн тавцангаас зайлна гэдгийг би ил захидалдаа хэлсэн.

-2020 оны сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр таныг намаасаа нэр дэвшүүлэхгүй гэсэн. Тэгэхээр та бие дааж нэр дэвших үү?

-Н.Энхбаяр намайг намаасаа хөөснөө ил тодоор ярьдаг. Тийм учраас намайг намаасаа нэр дэвшүүлэхгүй гэж байгаа. Гэхдээ нам намайг дэвшүүлэх эсэх нь сонин биш. Гол нь Монголын ард түмэн надад хариуцлага хүлээлгэсэн. Бүхий л гишүүдийн адилаар Эрдэнэтэд олон амлалт өгсөн л байгаа шүү дээ. Гэтэл түүнийхээ тайланг, тавихгүй, үүрэг хариуцлагаа хүлээхгүй бол юу болох вэ. Энэ үүднээс Эрдэнэтээс нэр дэвшиж, сонгуульд оролцоно. Оролцуулъя гэсэн намыг харж байгаад, зөв хүмүүстэй нийлээд явна.

Намуудад сайн ч хүн байна, муу ч хүн байна. Зөв хүмүүстэй нь хамтраад л цааш явна. Намайг АН-д орох нь гэж ярьж байгаа. Одоогоор ямар нэг намын сонголт хийгээгүй байгаа. АН болон би эрх баригчдын хувьд нэг л сөрөг хүчин. Энэ утгаараа сөрөг хүчнүүд нэгдээсэй гэсэн ард түмний сонирхол байхыг үгүйсгэхгүй. Би ард түмний хүсэлтийг харж байгаа. Хувь хүнийхээ хувьд намаа солих ямар ч сонирхол надад байхгүй. МАХН намайг нэр дэвшүүлэх үүрэгтэй. Яагаад гэвэл би дөрвөн жил энэ намыг төлөөлж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжийг нээснээрээ хуулийн хувьд тэр намыг санхүүжүүлж байгаа хүн. Н.Энхбаяр хувийн ашиг сонирхлын үүднээс л намайг нэр дэвшүүлэхгүй гэж байгаа. 

-Хувийн ашиг сонирхолоос болж байгаа гэлээ. Та хоёрын хооронд хувийн ямар асуудал байгаа юм бэ?

-Надад бол юу ч байхгүй. МАН-ынхан намайг авлига албан тушаалын хэргээр Н.Энхбаярыг сонгуульд оруулаагүй  гэж гүтгэсэн. Тэгэхээр нь би байнгын хороонд орж, орилж хашгирч байгаад Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй гэсэн саналыг нь хүчингүй болгож өгөөд, чуулганаар ороод яах вэ гээд яваад өгсөн. Гэтэл чуулганаар ороод тэр санал 76 хувиар буюу МАН-ынхан бүгд суугаад сонгуульд оруулахгүй гэж шийдсэн. Гэтэл “манай хүн” дөрвөн жилийн турш миний эсрэг зогслоо. МАХН миний эсрэг гурван удаа жагсаал хийсэн байдаг. Уг нь эрх баригчдын эсрэг байр сууриа илэрхийлж, тэмцэж байх ёстой хүмүүс.

Гэтэл дөрвөн жилийн турш О.Баасанхүүг л унагая гэж зүтгэлээ. Намынхаа ганц хүний учрыг олж чадахгүй байгаа хүн гурван сая хүний аргыг олно гэдгийг ойлгохгүй байгаа. Үүнийг ойрын бодолтой холын шуналтай хүний л үйлдэл гэж харж байгаа. Шулуухан хэлэхэд МАХН Н.Энхбаяр гэж хүнээр удирдуулж сонгуульд оролцвол ялагдана. Н.Энхбаяр даргад итгэх хүн одоо байхгүй шүү дээ. Амласныхаа эсрэг зүйл хийгээд байдагт л ард түмэн дургүйцээд байгаа юм. Улстөрч хүн хэзээ ч амласнаасаа өөр зүйл ярьж болохгүй. Тийм ч учраас улс төрд чадахаа амла гэдэг. “Үнэнийг ярь гэхдээ бүгдийг нь ярьж болохгүй” гэсэн дүрэмтэй. 

-Байнгын хорооны хурал­даанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гээд авч үлдэхээр шийдвэрлэсэн байна. Энэ асуудалд таны байр суурь ямар байгаа вэ?

-Шулуухан хэлэхэд АН-ынхан болон талийгаачийн ар гэрийнхэн нь хүн амины хэрэг гэж үзэж байгаа энэ хэргийг эцэслэн шалгах нь зөв гэж үзэж байна. Гэхдээ би энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн учраас ямар нэг байдлаар албан ёсны байр суурь илэрхийлэх нь хуулиар хориотой. Харин Н.Номтойбаярт үүнээс өөр авлига албан тушаалын асуудал байгаа бол өргөдлөө өгөөд шалгуулаад явах хэрэгтэй юм. Одоо дөрөвхөн сар суусан ч яалаа, байсан ч яалаа. Айх зүйл байхгүй бол эр зоригтойгоор шалгуулчих л хэрэгтэй.

Би л байсан бол хуулийн байгууллага үндэслэлтэй байгаад  яллагдагчаар татвал шууд өргөдлөө өгнө. Гэхдээ түүнийгээ нотлоод шоронд хийж чадахгүй бол хүнийг онц хүнд гэмт хэрэгт зохион байгуулалттайгаар гүтгэсэн хэргээс нэр төрөө сэргээлгэхээр тэмцэнэ.