Беларусийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцлоо
2020.01.30

Беларусийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд Алексей Николаевич Авраменкогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

Айлчлалын хоёр дахь өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд, Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн талын дарга П.В.Утюпинтэй уулзаж, Монгол Улсад Беларусийн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг нийлүүлэх олон талт боломжийн талаар санал солилцлоо.

Тухайлбал, Беларусийн МАЗ, Белаз, Минскийн тракторын үйлдвэр зэрэг үйлдвэрлэгчид нь ачаа тээвэр, зорчигч тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын зориулалттай бүх төрлийн тээврийн хэрэгслийг үйлдвэрлэдэг. Тиймээс Монгол Улсын нөхцөлд нийцсэн бүх төрлийн ачааны машин, тусгай зориулалтын техник, автобус нийлүүлэх, мөн хоёр улсын хооронд байгуулсан экспортын зээлийн хүрээнд санхүүжилтийг шийдвэрлэх боломжтойг онцлон ярилцав.