Б.Ганхуяг: Ногдол ашгийн их, бага нь сонин биш
2020.02.21

Б.Ганхуяг: Ногдол ашгийн их, бага нь сонин биш

"Эрдэнэс Тавантолгой” ХК  хуулийн хүрээнд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэр ТУЗ-ийн хуралдаанаас гаргаж, Даваа гаригт олон нийтэд зарласан билээ. Тус компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Тиймээс нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдсэн.

Үүнтэй холбоотойгоор 1072 төвд Даваа гариг болгоны 13.00 цагт бүртгэлийн тоон мэдээллийг тогтмол өгөх юм.  Ирэх Даваа гаригт  олон нийтийн амралтын өдөр таарч байгаа учраас өнөөдөр /2019.02.21/ тус компаниас мэдээлэл хийлээ.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "2019 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Нэг их наяд 80 тэрбум төгрөг энэ жил хуваарилагдахаар байна. Үүний 85 хувийг Монгол Улсын Засгийн газар, 14,7 хувийг иргэд 1072 хувьцаагаар, 0,5 хувийг аж ахуй нэгжүүд эзэмшдэг. Нэг ногдол ашигт 90 төгрөг олгоно.

Өнөөдрийн байдлаар 84 мянган хувьцаа эзэмшигч 1072 аппликейшныг гар утсандаа татаж авсан байна. 59 мянган иргэн шинээр данс нээлгэсэн. Онлайн хэлбэрээр бүртгэж эхэлж байгаа. Хөл хорьчихсон байгаа энэ үед ачаалал багатайгаар орчин үеийн техник технологи ашиглан данс нээх гэж байна. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш. Ямар ч бизнесийн байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд өөрийн бизнесийн мөнгөн урсгал, төсөөллөөр хувьцаа гаргадаг.

Тухайн хувьцаа эзэмшигч компанийг ашигтай ажиллахыг шаардаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэх мэт олон төрлийн шаардлага тавьдаг. Тиймээс ‘Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ, төрдөө ногдол ашиг хуваарилах гэж байна. Монгол Улсын Засгийн газарт 850 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг очиж байгаа. Энэ мөнгөөр Засгийн газар өөрийн төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх, Тавантолгой түлшээс  авхуулаад төмөр замаа санхүүжүүлэх ажлуудыг хийнэ. Иргэдэд тараах ногдол ашгийг сургууль цэцэрлэг бариач, төмөр замдаа оруулаач гэсэн санаачилга гарч  байгаа. Иргэдийн санаачилгыг зөв, буруу  гэж дүгнэх эрх байхгүй. Компани ашигтай ажилласан учраас иргэддээ болон төрдөө ногдол ашгаа бэлэн мөнгөөр эсвэл үнэт цаасаар өгдөг. Ийм хоёр л хэлбэр байдаг. Өөр өмч хөрөнгө хэлбэрээр өгч боддоггүй юм л даа.

Монгол Улсын Засгийн газрын 85,4 хувийг үнэт цаас хэлбэрээр өгч байгаа. Иргэддээ ногдол ашгийг нь бэлэн мөнгөөр олгоно. Монголын төрийн компани зөв менежмент явуулаад үр ашигтай ажиллаж, төр муу менежер биш гэдгийг харуулсан үйлдлийн араас иргэд маань энэ компанид хувьцаа эзэмшдгийнхээ хувьд 10 жил дуншсан хувьцаа нь ийн амь орж байна. Ирэх тавдугаар сараас иргэдэд мөнгийг нь олгох ажлыг зохион байгуулна. Үүнээс өмнө хэд хэдэн бэлтгэл ажил хийгдэнэ.

Брокер дилерийн 5-6 компани онлайнаар данс нээх боломжтой болсон. Иргэд гэрээсээ гар утаснаасаа дансаа нээлгүүлж болно. Ингэж данс нээлгэснээр хөрөнгийн зах зээлд гарах суваг нь нээгдэж байгаа юм. Асуудалд бизнесийн агуулгаар нь цаашид ойлгоосой гэж хүсч байна. Мөнгөний хэмжээнд их, бага нь  сонин биш. Гол нь энэ хувьцаа эдийн засгийн эргэлтэд ороод эхэлж байна. Дараа нь олон улсын хөрөнгийн зах зээл болон дотоодын хөрөнгийн биржид 1РО гаргах ажил зохион байгуулна. Ингэснээр хувьцаагаа өвлүүлэх, шилжүүлэх борлуулах, нэмж худалдаж авах харилцаанууд хийгдэнэ.  Нөгөө талаар компанид илтгэлцүүр байх ёстой. Компани ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашгаа тараадаг бизнесийн эрх зүйн үүргээ биелүүлэх ёстой” гэлээ.