​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ТАВАН АЛХАМ
2020.02.20

​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ТАВАН АЛХАМ

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж, 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. 2020  оны дөрөвдүгээр сард болох компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар энэхүү шийдвэрийг баталгаажуулна. Үүний дараа тавдугаар сард иргэдийн дансанд ногдол ашиг орж эхэлнэ гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдсэн билээ.

“Эрдэнэс-Тавантолгой”  компани 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Борлуулалтаас нийтдээ 1.3 тэрбум ам.долларын орлого олж, улсын төсөвт 670 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. ТУЗ-өөс нэгж  хувьцааны үнийг 90 төгрөгөөр тооцож, иргэдэд ногдол ашиг хуваарилахаар болсон. Жишээ нь, 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөгийн ногдол ашиг хуваарилагдаж байгаа юм.  Иргэд ногдол ашгаа авахын тулд хамгийн түрүүнд бүртгэлээ хийлгэж, хувьцааны мэдээллээ баталгаажуулах шаардлагатай юм байна.

Ногдол ашиг хүртэх нийт 2.500.011 хувьцаа эзэмшигч байгаа бөгөөд  580 орчим мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байгаа аж. Иргэд 1072 хувьцаагаа баталгаажуулж, бүртгэлээ хийлгээгүй, дансны мэдээлэлгүй бол ногдол ашиг хүртэх боломжгүйг албаныхан тайлбарлаж байгаа юм. 

Иймд хэрвээ та хувьцаагаа баталгаажуулж, дансаа нээлгээгүй бол дараах зааврын дагуу бүртгүүлээрэй.

Алхам 1: https://net.schcd.mn/  хаягаар регистрийн дугаараа бичиж хайгаад хувьцааны тоо болон данстай эсэхээ шалгана. Мөн гар утсандаа “Эрдэнэс Таван толгой” гэсэн аппликейшнаа татаж аваад мэдээллээ шалгах боломжтой.

Алхам 2: Хэрвээ та бүртгэл хийлгээгүй бол брокер дилерийн компанид хандаж, хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэнэ. www.mse.mb сайтад хандан брокерын компаниа сонгоно. Хөл хорио тогтоосон үед доорх зурган дээрх брокер дилерийн компаниас сонгож, онлайнаар бүртгүүлэх боломжтой юм байна. Гэхдээ иргэн та брокерын дилерийн компаниа сонгон үйлчлүүлэхдээ дараах зүйлсийг харгалзан үзэхийг зөвлөж байна.

-Үйл ажиллагаа явуулсан туршлага, нэр хүнд

-Тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх

-Байршил, техник тоног төхөөрөмж, харилцах боломжууд гэх мэт.

Алхам 3: Өөрийн сонгосон брокерын компанидаа иргэний цахим үнэмлэх /насанд хүрээгүй хүүхэд бол төрсний гэрчилгээний хамт/ хуулбаруудыг хамт илгээж эсвэл авч очиж данс нээлгэнэ.

Алхам 4: Бүртгэлээ баталгаажуулахдаа өөрийн эзэмшлийн арилжааны банкны дансаа давхар холбуулах ёстой. Учир нь иргэдийн хувьцаанд ногдох ашгийн мөнгийг арилжааны банкны дансны дугаараар нь дамжуулан олгох юм.

Алхам 5: Хөрөнгийн зах зээлийн төлөв, хувьцааны талаарх мэдээллийн зааврын дэлгэрэнгүйг 1800-1072 утсаар лавлаж болно.

Хэрвээ төрөөс олгосон дараах халамж үйлчилгээг авсан бол таны эзэмшиж байсан 1072 хувьцааны тодорхой хэсэг нь хасагдсан байх магадлалтай. /Слайдыг гүйлгэж хувьцааны мэдээллийг харна уу/