Доржийн Мөнхөө: Ж.Ганбаатар ам, ажлын зөрүүгүй Төрийн хүн болсон байна
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна.
-Бизнесийн салбарынхан улс төрд орлоо гэдэг шүүмжлэл байх юм. Та ямар байр суурьтай байдэг вэ?
-Mанайхан бизнесийн салбарын хүн Их хуралд суух ёсгүй юм шиг ярьж, туйлширч байна. Монголын эдийн засгийн 83 хувийг бизнесийн салбарынхан бүрдүүлдэг. Тэдний төлөөлөл парламентад сууж байж эрхзүйн бодлого нь тогтоогдоно. Зовлон, жаргал дунд нь явж шударгаар бизнесээ амжилттай хөгжүүлсэн хүн туршлагаа болоод онол арга зүйгээ хуваалцах ёстой.
Монголын хөдөлмөрийн насны хүмүүсийн бараг 90 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байгаа. 140-150 мянга орчим нь л төрд ажиллаж байгаа. Тэгж бодохоор төлөөлөл байх ёстой. Харин хэнийг төлөөлүүлэх вэ гэдэг нь өөрөө улс төрийн намуудын бодлогын асуудал. Үнэхээр шударгаар яваад шинжлэх ухааны үндэстэй энэ бизнесийг хийж, төрийн бодлогод хувь нэмрээ оруулж чадах туршлага, мэдлэг нь жигдэрсэн бизнес эрхлэгчдийг оруулж ирэх ёстой. Энэ бол намынх нь өөрийн бодлого байх ёстой.
Тэр утгаараа сонгогдож орсон хүмүүсийн дунд би Ж.Ганбаатарыг оносон байна гэж хардаг. Яагаад гэвэл нэг ч тендер авалгүйгээр өөрийнхөө бизнесийг босгосон гэж надад ярьж байсан юм. Энэ их зөв. Ж.Ганбаатарыг үнэлсэн нэг зүйл гэвэл хэчнээн мянган жижиг наймаа эрхэлдэг хүмүүсийг бараагаар хангадаг гэж ярьж байсан.
Тэр хүмүүсээ дэмжиж хамгийн бага үнээр бараагаа өгдөг гэсэн. Үнэхээр энэ хүн жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүсийг дэмжиж, тэдний зовлон жаргалыг хуваалцдаг, хамтдаа өсөж өндийх, Монголын эдийн засагт байр сууриа олох үйл ажиллагааг явуулсан байна. Гэхдээ энэ хүн зүгээр хар ухаанаар биш, өөрөө бас боловсролтой, хүн чанартай. Зах зээлийн онол арга зүйг судалж урагш ахисан учраас ямар нэгэн элдэв юманд оролгүйгээр өөрийнхөө цэвэр ариун хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүнд энэ бизнесийг босгосон байгаа юм. Тэр утгаар нь би үнэлдэг. Хоёрдугаарт, энэ хүн өндөр боловсролтой. Гуравдугаарт, өөрийнх нь хүн чанар хүнлэг ёс, шударга байдал гэх юм уу, эх оронч сэтгэл гэх юм уу тэр үнэт чанар байсан учир энэ хэмжээнд жолоодож авч явж чадаж байгаа.
-Төрийн хүн ямар байх ёстой вэ. Мэдээж эрх ашгийн эрэмбээ мэддэг байх нь хамгийн чухал байх...
-Орон нутгийн, бүсийн чанартай бизнес яаж хөгжүүлэх вэ, үндэсний хэмжээний бизнес яаж хөгжүүлэх вэ, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бизнес яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар энэ хүн туршлагын, онол арга зүйн талаас тодорхой бэлтгэгдсэн хүн. Монголын төр энэ хүнийг тодорхой хэмжээгээр төрд зүтгүүлэх болсон нь улс төрийн намын хувьд ч, төрийн хувьд ч зөв зүйл болсон гэж хардаг юм. Өнгөрсөн дөрвөн жил үүнийг батлах шиг боллоо. Нэгдүгээрт, төрийн ажилд энэ хүн тодорхой туршлагатай боллоо. Дөрвөн жил гэдэг бага хугацаа биш.
Тэр тусмаа энэ насны хүнд бол. Хоёрдугаарт, Байнгын хорооны дарга, дэд хорооны дарга гэх мэтчилэн тодорхой түвшинд үүрэг хүлээж түүнийгээ амжилттай хэрэгжүүлж байна. Гуравдугаарт, бизнестэй холбоотой хууль зүйн орчныг боловсронгуй болгох талаар нэлээн хүчин чармайлт гаргалаа. Цааш нь дэмжээд, улс төрд энэ хүнийг хөгжүүлээд явахад Монголын эдийн засгийн хөгжилд Монголын төрөөс эдийн засгийг хөгжүүлэх тал дээр явуулах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр хувь нэмрээ оруулж чадах тийм хүн.
-Ж.Ганбаатар гишүүн тойрогтоо хэр анхаарал хандуулдаг бол?
-Их Хурлын гишүүн хүний хувьд тойргийн сонгогчдоо соён гэгээрүүлэх ажлын хүрээнд олон ажил санаачилж хийсэн. нь энэ хүний нэг давуу тал. Олон түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх, ойлгогдох давуу тал гэж харах ёстой. Жишээлбэл, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” гээд өсвөр насныханд зориулсан сургалт зохион байгуулдаг ч юм уу, эсвэл шилдэг бизнес төсөл хэрхэн бичих вэ гэдэг ч юм уу хүүхэд залуучуудыг чадавхжуулах, боловсруулах тэр чиглэлээр өөрийнхөө туршлага, мэдлэгийг хуваалцаж өөрт байгаа боломжоо тэр зүгт ашиглаж байгаа нь ч давуу тал.
Ямар Их Хурлын гишүүн тэгээд явж байх вэ дээ. Нийгмийн хариуцлагын арга хэмжээг оновчтой зохион байгуулах чиглэлд олон ажил хийсэн. Энэ нь Их Хурлын гишүүдээс тодорхой хэмжээнд ялгарах гэдэг юм уу, байр суурь эзэлж байсан гэж дүгнэж хэлэх хэрэгтэй. Энэ нь дэлхийн бизнесийн гол бодлого. Бизнесийн хүн, төрийн хүн гэдэг аливаа бүхний зааг ялгаа бүр дээр ингэж тод гарч ирж чаддаг.
-Ж.Ганбаатар гишүүний хуралдаанд сууж байгаа ирцийн хувь өндөр байдаг нь хувь хүний хариуцлагатай холбоотой байх?
-Тэр улс төрч хүний шинж чанар бүрэлдэж тогтсоныг харуулж байгаа юм. Нэг том үзүүлэлт нь Монголын парламентын үйл хэргээ явуулдаг үндсэн хэлбэр болсон чуулганы үйл ажиллагаанд оролцох явдал байдаг. Ерөөсөө аливаа улсын парламентын нэг том шалгуур нь тэр байдаг. Тэгэхэд манайхны хэдэн хувь нь суугаагүй, тасаллаа барилаа л гэдэг. Ж.Ганбаатар гишүүний хувьд чуулганаа тасалдаггүй, байнгын оролцдог цөөхөн гишүүний нэг гэдэг чинь энэ хүн улс төрийн хариуцлага, төрийн хүний хариуцлагыг яаж ухаарч, хэрэгжүүлж байгаа вэ гэдгийн нэг том үзүүлэлт.
Энэ нь дараагийн удаад энэ хүнийг сонгох нэг том шалгуур болох ёстой. Бас би нэг юм хардаг юм. Олон мянган хүний төр барих эрхийг өөртөө шилжүүлж авсан гэдэг тэр түүхэн хариуцлагаа Их Хурлын гишүүд анхаарч байх хэрэгтэй. Энэ талаар би Ж.Ганбаатар гишүүнийг хариуцлагатай юм байна гэж хардаг. Яагаад гэхээр дүүргийнхээ хэмжээнд олон түмэнтэй холбоо хэлхээгээ хөгжүүлэх, тэдний санал гомдлыг сонсох, тэдэнд төрийнхөө бодлогыг танилцуулах талаар нэлээн их санаачилга гаргаж, хүнийхээ хувьд ч тодорхой хэмжээний хөрөнгө, нөөц гардаг юм шиг байгаа юм, би тэгж харсан. Нөгөө талаас өөрийнхөө төлөөлж байгаа социал үзэлтэй улс төрийн хүчний бодлогыг олон түмэнд таниулах тал дээр их хүчин чармайлт гаргасан гэж би харж байгаа юм.
Би төрийн хүн болоод хувийнхаа юмыг бүтээнэ гэсэн ямар нэгэн ажил үүрэггүй. Улс төрийн намд ч гэсэн намаа бэхжүүлэх, хөгжүүлэх, олон түмэнд социал үзлийг нь ойлгуулах, хүний хөгжлийн асуудалд олон түмний хөгжлийн ирээдүйн гол асуудал болох тухай энэ хүний үзэл санаа төвлөрч байна гэж би хардаг. Дэндүү их магтчихав уу. Үнэхээр үнэн байдал энэ л дээ. Дөрвөн талаас харж байна. Бизнесийн салбарыг төлөөлж, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, улстөрч болж төлөвшсөн асуудал, улс төрийн намын бэхжилт, хөгжилт, олон түмний дунд төрийн идеалыг ойлгуулсан хүчин чармайлт гээд энэ бүхнийг хувь хүнийх нь цаашид тогтвортой, төрийн бодлого тогтооход найдвартай зүтгэж чадах улс төрийн зүтгэлтэн юм гэдгийг энэ дөрвөн жилд баталгаажуулсан.
Амлалт, биелэлт нэг байх учиртай. Ам, ажлын зөрүү гарах учиргүй. Ж.Ганбаатар ийм л төрийн хүн болсон байна гэж хардаг. Ингээд бодохоор би улс төрийн талаас, хувь хүний талаас, бизнес эрхэлж байгаа хүний талаас, олон түмний өмнөөс төр барих эрхийг шилжүүлж авсан хүний хариуцлагын талаас энэ хүнийг энэ дөрвөн жилд амжилттайгаар өөрийнхөө хүлээсэн үүргийг биелүүлж, хүлээн зөвшөөрөгдлөө гэж харж байна. Үүнийг улс төрийн нам нь ч ойлгох ёстой, сонгогч олон нь ч ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын 2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс