Төмөр замд 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
2009.04.29

Төмөр замд 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

 

Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга ОХУ-ын Тээврийн сайд, Монгол-Оросын Засгийн газрын комиссын Оросын хэсгийн дарга И.Е.Левитины урилгаар ОХУ-ын Москва хотноо энэ сарын 23-24-нд ажлын айлчлал хийж байна. Сайд Х.Баттулга өчигдөр Левитин сайдтай уулзаж, хоёр улсын зам тээврийн хамтын ажиллагаа, ялангуяа төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путин тавдугаар сард Монгол Улсад айлчлахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах асуудлаар мөн ярилцав. Монгол-Оросын хувь нийлүүлсэн «Улаанбаатар төмөр зам» нийгэмлэгийн 60 жилийн ойг тэмдэглэх, тус нийгэмлэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нийгэмлэгийн Оросын талын хувь нийлүүлэгчийг тодорхой болгох болон зам тээврийн салбарт талууд хамтран ажиллах, мөн түүнчлэн эдгээр салбаруудад боловсон хүчин бэлтгэх асуудлуудаар тодорхой ярилцав. Уулзалтын ур дүнд УБТЗ-д 250 сая ам .долларын хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд хийхээр зарчмаа тохиролцсон байна. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Москва дахь Элчин сайдын яамны ажилтнууд байлцлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.