Х.Амгаланбаатар: Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд Ерөнхийлөгч хориг тавих ёстой
2019.11.15

Х.Амгаланбаатар: Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд Ерөнхийлөгч хориг тавих ёстой

“Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчил”,”Даатгалын өгөөжийг нэмэгдүүлье” “Улсын төсвийн тодотголд ХАБЭА-н зардлыг тусга”, “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог яаралтай хуралдуулахыг шаардаж байна” хэмээх бичиг барьсан Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гишүүдийн төлөөлөл өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж сануулах жагсаалыг Сангийн яамны гадаа зохион байгууллаа.


 

ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ АСУУДЛЫГ ЭРГЭН АВЧ ҮЗЭЖ, УИХ-Д ДАХИН ӨРГӨН БАРИХ ЁСТОЙ

image

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Ирэх 2020 оны улсын төсөвт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг огт тусгалгүй баталлаа. Ингэснээр хувийн болон төрийн төсөвт байгууллагуудад үйлдвэрлэлийн осол гарч, хүний амь нас, эрүүл мэнд хохирох үед ямар нэгэн үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй болж байна гэсэн үг. Энэ хариуцлагыг Монгол Улсын Засгийн газар хүлээх ёстой. Хуулиар бол төсөвт тусгаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг аливаа үйл ажиллагаанд зарцуулах үүрэгтэй байдаг. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин хоёр хувиар нэмэгдүүлж байгаа шийдвэрийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа сануулсан. Харамсалтай нь энийг улсын төсөвт нэмэгдүүлж, тусгалаа.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж буй шийдвэрээ салбарын сайд нь тайлбарлахдаа “Улсын төсвийн алдагдлыг бууруулахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүслээ” гэдэг хариуцлагагүй мэдээллийг хийсэн. Алдагдлыг нөхдөг гарц нь нийгмийн даатгалын шимтгэл биш. Нийгмийн даатгалыг төлөх үү, үгүй юу гэдэг нь даатгуулагчийн бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын 2020 оны улсын төсөв нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох нийгмийн даатгалын тухай багц хуулийг ноцтой зөрчсөн учраас Улсын их хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой. Засгийн газар энэ асуудлыг эргэн авч үзэж, УИХ-д дахин өргөн барих ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд Ерөнхийлөгч хориг тавих ёстой” гэв.

БИДНИЙ ШААРДЛАГАД ХАРИУ ӨГӨХГҮЙ БОЛ УЛС ДАЯАР ЖАГСАНА

image

Жагсагчид Сангийн яамнаас үргэлжлүүлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд жагслаа.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Та бүхэн санаж байгаа бол манай холбооноос Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжих үеэс эхлэн тэтгэвэр, долоон төрлийн татвар нэмсэн асуудлыг тавьсан. Харамсалтай нь тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр толгойлуулсан хүмүүст Олон улсын валютын сангаас “Төсвийн зардлаа багасга” гэдэг шаардлагыг тавихад манай Засгийн газар татвар, шимтгэл нэмэх шийдвэрийг сонгосон.